Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Чих үү, Чихэвч үү

“Багшийн дээдийн автобусны буудал дээр хэзээ зогсох вэ” хэмээн нэгэн залуу руу хандан настай буурай асуув. Гэтэл тэрхүү залуу үл анзаарсан, хэн нэгний асуултад хариулах ч сөхөөгүй зогсож байв. Дөхөж очоод нудрахгүй л бол нүд нь гөлийж, оюун санаа нь хаана явна гэмээр. Энэ мэтчилэн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн ихэнх нь чихэвчтэй явах аж.

Харин автобуснаас буун гудамжаар алхахад таван залуу тутмын гурав нь чихэвч зүүн алхана. Зөрөөд өнгөрөхөд хөгжмийнх нь дуу тод сонсогдож байхыг бодоход хамгийн чанга дээр нь тохируулчихдаг бололтой юм. Нийгмийн элдэв бухимдал, хэрүүл шуугианаас өөрийгөө тусгаарлаж дуртай дуу хөгжмөө сонсоод, сэтгэл санаагаа сэргэлэн цовоо байлгана гэдэг нэг бодлын зөв ч гэсэн хэтийдсэн хэрэглээ рүү орохоороо өвчин болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй.

Чихэвчээр хөгжим сонсоод орчноос тусгаарлагдсан үедээ осолд  орж амь насаа алдсан  цөөнгүй  жишээ бий. Тэрхүү харамсалтай хэргийг эргэн сануулбал,

Хаанаас юу ч унаж ирж мэдэх,  ямар ч машин гарч ирээд дайрч мэдэх баталгаагүй улсад амьдарч байгаа  бидний хувьд энэ бүр ч чухал асуудал. Чихэвч зүүчхээд ногоон гэрэлд найдан зам гарч яваад гэрлэн дохионы өнгө мэддэггүй жолоочийн “дугуйны нөхөөс” болохыг ч үгүйсгэхгүй.

Замын цагдаагийн албан ёсны цахим хуудсан дээр явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үед анхаарах хэд хэдэн зүйлсийг бичжээ. Эдгээрээс “Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ чихэвчний хөгжим сонссоноор хүний орчноо мэдрэх мэдрэмж буурдаг. Ялангуяа гудамж, замын хөдөлгөөнд оролцох үед хүний сонсох, харах мэдрэмж маш чухал үүрэгтэй байдаг. Хурдтай яваа тээврийн хэрэгслийн чимээг чихэвчний хөгжим сонсож явснаас сонсолгүй осолд орох тохиолдол гардаг” гэсэн хэсгийг онцлон авлаа.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар  чихэвчээр хөгжим сонссоноос болж дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгаа аж. Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Мөн 30 минут дуу сонссон бол хоёр цаг амраах ёстой гэнэ. Харин манай өсвөр үеийнхэн өдөрт хэдэн цаг чихэвчний хөгжим сонсдог талаар залуусын сэтгэгдлийг сонслоо.

Оюутан Б.Жамсранжав

Оюутан Б.Жамсранжав “Ер нь бол гэртээ ирж, очих гээд автобусанд явах үедээ байнга чихэвчний хөгжим сонсдог. Автобусанд хөгжим сонсоод явахаар хүмүүсийн маргаанаас эхлээд янз бүрийн хэрүүл сонсохгүй амар байдаг юм. Миний хувьд гадуур явахдаа болон орой өрөөндөө ороод чихэвч сонсож байгаад унтчихдаг  тал бий. Өглөө хөгжим нь дуугарч л байна. Хааяадаа утас цэнэггүй болоод унтарсан байх ч үе байдаг”

Оюутан Б.Төрбаяр

Оюутан Б.Төрбаяр “Манай хичээл өглөө 8:30 цагаас ороод үдээс хойш тардаг. Хичээлийн зав чөлөө болон сургууль, гэр хоёрынхоо хооронд сонсдог гээд тооцоод үзэхээр ойролцоогоор өдөрт 4-5 цаг чихэвчний хөгжим сонсдог. Манай найзууд ч гэсэн байнга чихэвч сонсдог. Заримдаа гэртээ амрах, усанд явах гээд үүнээс олон цаг ч сонсоно. Гэхдээ хамгийн чанга дээр нь сонсдоггүй”

Оюутан  Б.Хулан

Оюутан  Б.Хулан “Өдөр болгон л чихэвчээр хөгжим сонсдог. Хичээлдээ ирэхдээ, хичээл тарах үеэр гэх мэтчилэн. Ойролцоогоор 2-3 цаг сонсдог байх. Би олон цагаар чихэвчний хөгжим сонсдоггүй. Олон цагаар сонсох юм бол сонсгол муудахаас гадна, осол аваарт өртөх магадлалтай. Энэ талаар ээж маань ч хэлж анхааруулдаг” 

чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях ёстой

Олон цагаар чихэвчээр хөгжим сонсох ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.Байгалмаагаас  цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Байнга чихэвчээр дуу хөгжим сонссоноос үүдэн эмнэлэгт хандах тохиолдол хэр ажиглагдаж байгаа вэ?

-Ер нь сүүлийн үед сонсголын асуудалтай залуучууд маш их оношлогдож байна. Ялангуяа, утасны оператор буюу байнга утастай холбоотой ажил хийдэг, бар цэнгээний газар, уул уурхайд ажилладаг, өрөмдлөгө хийдэг хүмүүст сонсгол бууралт үүсч байгаа нь ажиглагдаж, эмнэлэгт ханддаг

-Удаан хугацаанд чихэвчээр хөгжим сонсох нь мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд оруулах уу. Зарим нь бүр чихэвчтэйгээ унтчихдаг тал бий?

Чихэвчээр хөгжим сонсох нь мэдрэлийг шууд гэмтээхгүй ч дотор чих мэдрэлтэй холбоотой байдаг. Ямар нэгэн мэдээлэл дотор чихээр дамжин тархи руу очдог. Дуу, чимээ гэдэг бол долгион. Тэрхүү долгион дотор чихээр дамжин тархи руу очиж хүчтэй доргиож байдаг учраас ядрах, толгой өвдөх шинж тэмдэг бага багаар илэрнэ. Удаан хугацаанд сонссоноор мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй. Ийм тохиолдол бий.

-Чихэвч зүүсэн залуусын юу сонсож байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь хэдэн децибелтэй сонсож  байна гэсэн үг вэ?

110-аас дээш децибелтэй сонсож байна гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй.

-Чихэвчний хөгжмөө чанга тавьж, удаан хугацаагаар сонссоор байгаад сонсгол муудвал эмчилгээ хийж сэргээх боломжтой юу?

– Хамгийн гол нь чихэвч их хэрэглэснээр, мөн чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй. Нэгэнт сонсголын аппаратны хэмжээнд хүрчихвэл хүний хэлснийг олигтой сонсохгүй. Юун хөгжим сонсох манатай. Мэдээж чихэвчнээс гадна бухимдал, орчны бохирдол сонсгол муутгадаг. Өөрөөр хэлбэл, манай улс ногоон байгууламж муутай учир бидний сонсгол аажмаар буурахад нөлөөлж байна гэсэн үг. Бусад оронд хурдны замаар ногоон байгууламж төлөвлөж, байгуулдаг нь учиртай. Дуу шуугианы хамгаалалт болдог. Тиймээс хотжилт муутай, хором бүрт бухимдал тойрсон нийгэмд амьдарч байгаа бид хүссэн хүсээгүй сонсгол муудаж байна. Дээрээс нь чихэвчний хэрэглээ гал дээр тос нэмж байна.

-Сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой. Сонсгол муудаж чих нь дүлийрээд ирэхээр хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй. Зам хөндлөн гарах, гудамж талбай олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр чихэвчгүй явах хэрэгтэй. Бид өөрсдийн эрүүл аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях ёстой. Үүний тулд эхлээд тархиа нам дуунд дасгах хэрэгтэй. Хамт яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгах ёстой.

Энэ талын мэдлэг мэдээлэл хомс байгаагаас хүүхэд, залуус эрүүл эрхтнээ эрэмдэглэж, насаараа дүлий тодотгол зүүж амьдрах хандлага өнөөгийн нийгэмд давамгайлаад буй. Бидний ах, дүү, найз нөхдийн өдөр тутмын хэрэглээ болсон чихэвчээр  олон цаг хөгжим сонссоноор сонсгол буурч улмаар дүлий болгох аюултайг эмч нар анхааруулж  байна. Чихэвч зүүхийг хориглох боломжгүй ч зөв хэрэглэх соёлыг түгээцгээе. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж