“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Зуун арван есдүгээр бүлэг
ЭРДМИЙН ШАЛГУУРТ ОРЖ, БАО ЮЙ ЕРТӨНЦИЙН ТООСНООС ЗАЙЛЖ, ЭЗНИЙ ХИШГИЙГ ХҮРТЭЖ ЖЯ ОВОГТ ӨВ ЗЭРГЭЭ ЗАЛГАМЖЛАВ
Түүний хэлэхийг сонсоод учир ухааныг нь олохгүй явахыг завдтал Бао Юй: “Тэнэг охион би чамд юм хэлье” гээд зогсоов. Тэрбээр “Авхай чинь буянтай болохоор чи түүнийг дагасан юм чинь буяныг олж эдэлнэ. Ши Рэнь эгч чинь горьгүй. Хойшид чи түүнийг хичээн асарч явбал болно. Хойч өдөр жаргал эдэлбэл, түүнийг дагаж зүдэрсэн ачийг чинь мартахгүй гэв. Ин Эрд урьд хэлсэн нь зүйтэй мэт боловч дараа хэлсэн нь эвгүй санагдсан тул даруй,
-Би мэдлээ. Авхай намайг хүлээж байгаа. Эр Еэ жимс идье гэвэл, бяцхан инжээр намайг дуудуулаарай гэсэнд Бао Юй толгой дохив. Ин Эр ч гарав. Төдөлгүй Бао Чай, Ши Рэнь нар ч ирэв.
Хэдэн өдрийн дараа шалгуулах цаг болсонд, хүмүүс авга ач хоёул сайхан зохиол бичвэл даруй эрхэм зэрэг олно хэмээн бодох боловч Бао Чай үзвэл, Бао Юйгийн сурсан нь хэдий сайн ч гэсэн, хэлж ярих нь дотроо баахан сонин байдал мэдэгджээ. Одоо тэр шалгалтад ороход нэгд, авга ач хоёр шалгалтад орох тул хүн морь шахалдсаар осол эндэл гаруузай хэмээн бодож, хоёрт, тэр хуушааныг явснаас хойш Бао Юй өдөржин, гэрээс гарахгүй хичээн сурах болсныг үзээд баярласан боловч гэнэт сүрхий засарсан тул түүнд баахан итгэж ядан бас юу болохыг мэдэхгүй зовнино. Тийнхүү шалгалтад орохын өмнө өдөр Ши Рэнийг явуулж бяцхан охид ба Сү Юнь нарын хамт авга, ач хоёрын юмыг сайтар бэлтгүүлээд өөрөө бас нэгд нэгэнгүй үзэж тавиулаад Ли Ваньтай хамт Ван Фүрэнийд очиж хүн морь олон тул замд мэдээчин нараас илүү хэрсүү томоотой хэдийг гаргуулахаар мэдүүлжээ.
Өглөө нь Бао Юй, Жя Лань хоёр шинэвтэр дээл өмсөн, Ван Фүрэньд золгосонд ээж нь “Авга ач та хоёр анх удаа шалгалтад ирж байгаа. Өдий болтол эхээсээ хөндийрч үзээгүй ээ. Нэг шөнө ч ганцаараа унтаж байсангүй. Одоо элгэн саднаасаа салж, ганц ганцаараа шалгалтад орох тул сайн хичээх хэрэгтэй. Эртхэн зохиолоо бичиж дуусган гарч гэрийнхэнтэйгээ хүрч ирвэл ээж, гэргий бидний цөмийн сэтгэл амарна” гэснээ санаандгүй сэтгэл нь уярав. Жя Лань үг хэлэх тоолонд за гэж, Бао Юй ганц ч дуугаралгүй зогсож байснаа, эхийгээ юм хэлж дуусахаар өмнө нь сөхөрч нулимас унаган гурвантаа мөргөж,
-Төрүүлж өсгөсөн ээжийнхээ ачийг би хариулж чадахгүй ээ. Энэ удаа шалгалтад орж сайн хичээн бичээд, нэг өргөгсөд олж ирээд тайтайгаа баярлуулбал, хөвгүүн миний нэг насны явдал дуусаж, нэг насны алдаа нүглээ арилгаж чадна гэв. Эхийн нь сэтгэл уярч
-Чиний ингэж бодох маш сайн. Харин гомдолтой нь, Лао тайтай чиний сайныг үзэж чадсангүй гээд уйлж хүүгээ татаж босгох гэсэнд босолгүй,
-Луо тайтай үзсэн ч, эс үзсэн ч лав сонсоод баярлана. Мэдээд баярлавал эс үзэвч үзсэнтэй адил болой. Дүр нь үзэгдэхгүй болсон ч сүнс нь дэргэд байсаар гэв.
Ван Фүрэнь, Бао Юй хоёрын ийн аашлахыг Ли Вань хараад, нэгд, Бао Юйгийн хууч хөдлүүзэй гэж болгоомжилж хоёрт, энэ бас төдий бэлгэтэй байдал биш гэж бодоод яаран ирж,
-Тайтай, ийм их баяртай цагт юунд сэтгэлээ уяруулна вэ. Бао дүү ойрноос их ухаан орж, шударга элбэрэлтэй байхаар барахгүй, сурахад чармайх болсон. Ач дүүгээ дагуулан шалгалтад орж зохиолоо сайтар бичээд эртхэн ирж төрлийн өтгөс багш нарт үзүүлээд авга, ач хоёр баярын мэдээ сонсговол барав гэсээр хүн дуудаж Бао Юйг босгуулав. Бао Юй, хоёр гараа атган Ли Ваньд ёсолж:
-Бэргэн минь тайван бай, Авга ач хоёр шалгуулаад орж лав чадах байхаа. Хожим Лань агь бас их зэрэг дэвшиж, бэргэн бас өдөт малгай тавьж, өргөмжит жанч нөмөрнө гэсэнд Ли Вань инээж:
-Дүүгийн бэлгэ тогтож чадвал би… гээд Ван Фүрэнийг зовуузай хэмээн болгоомжилж сандрахдаа үгээ дутуу орхив. Бао Юй инээж:
-Нэг сайн хүү өсгөж, дээдсийн голомтыг залгамжлуулбал, хэдийгээр том ах маань нүдээр үзэж чадахгүй боловч түүний санаа гүйцнэ гэсэнд Ли Вань цаг явсныг хараад, түүнтэй олон юм ярих санаагүй тул дув дуугүй, толгой дохьсхийв.
Энэ үед Бао Чай сонсоод хэдийнээ мэлэрчээ. Эдгээр үгийг сонсвол, ганц Бао Юй бүтэлгүй үг хэлснээр зогсохгүй, Ван Фүрэнь, Ли Вань хоёр ч бэлгэгүй үг хэлэхэд нь дуугарч чадахгүй нулимсаа хурааж суув. Бао Юй түүний өмнө очиж хүндэтгэн мэхийж ёсолсонд хүмүүс түүний хачин жигтэй аашилсныг хараад ухааныг нь олоогүй боловч бас элэглэн шоолсонгүй. Гэтэл Бао Чай нулимс асгаруулсанд нэн гайхав. Бао Юй: “Эгчээ, би одоо явна. Чи тайтайг хүндэлж, миний баярын чимээг хүлээж суутугай” гэсэнд Бао Чай:
-За явах цаг чинь болжээ. Чи ийм олон үг нурших хэрэггүй гэв. Бао Юй:
-Чи харин намайг дэмий л яаруулах юм. Би явах болсноо мэднэ шүү дээ гээд эргэн харвал бүгд энд байсан боловч Ши Чүнь, Зы Жюань хоёр л байсангүй. Тэгээд, миний өмнөөс дөрөвдүгээр охин дүү, Зы Жюань хоёрт хэлж өгөөрэй. Тэр хоёртой лав дахин уулзана гэв. Хүмүүст түүний үг зүйтэй ч юм шиг, солиотой ч юм шиг санагдсан тул түүнийг ер гэрээс гарч үзээгүй хүн, тайтайгийн нэг хэсэг үгнээс болсон байх, шалавхан явуулбал болов гэж санаад ‘Гадаа хүн хүлээж байна. Аягүй бол оройтох нь’ гэсэнд Бао Юй дээш харж чанга хөхрөөд “Явъя, явъя. Яршиглах хэрэггүй. Хэрэг дуусчээ” гэв. Бүгд хөхрөлдөж: “За хурдан явтугай” гэв. Ван Фүрэнь, Бао Чай хоёр үүрд хагацаж байгаа юм шиг нулимс асгаруулж бараг дуу тавин бархиралдахад хүрэв. Бао Юй солиотой хүн мэт тэнгэр харан хадганатал хөхрөөд гарч одов. Энэ үнэхээр:
Шалгалт, мөчлөгт орж очвол нэр ашиг төгс
Чингэлэг хорионоос мултран гарвал тэргүүн боомтыг гэтэлнэ! гэх шиг болно.
Бао Юй, Жя Лань хоёр шалгалтад очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Тэр хоёрыг шалгалтад орсныг дуулаад Жя Хуань үхэтлээ уурлан хорсож бурхангүй газар бумба галзуурав гэгч болж “Би харин эхийнхээ өшөөг авах цаг болжээ. Гэрт бүстэй хүн нэг ч үгүй. Дээр их тайтай миний санааг дагавал хэнээс айна вэ” гэж бодоод Шин Фүрэнийд очиж амар эрээд, өргөн магтах үг баахан хэлсэнд цаадах нь их л баярлаж: “Чи ингэвэл сая ёс мэдэх хүүхэд болно. Тэр Чяо Жегийн явдлыг би эз мэдвэл зохих байтал Лянь ах чинь эргүүтээд эмээ ээж нь байж байхад өөр хүнд найдна гэнээ” гэв. Жя Хуань: “Тэр талынхны хэлэх нь, ганцхан энэ айлыг л тоолоо. Одоо хэлэлцэн тогтвол, тайтайд тусгай их бэлэг өгнө гэнээ. Тайтай одоо ийм нэг ван хүргэнтэй болбол да Лаоег их ноён сууж чадахгүй гэж зовох уу. Би өөрийн тайтайг муулах нь биш, тэр Юань Фэй эгчтэй болсноос хойш хүнийг хэтэрхий дарладаг болсон гэдэг юм. Чяо Же хожим тэр мэт араншингүй аашлахгүй байгаа. Би түүнээс асууж үзье” гэв. Шин Фүрэнь:
-Чи түүнд хэлж өгвөл тэр сая сайныг чинь мэднэ. Эцэг нь гэртээ байсан ч ийм сайн айл олж чадахгүй байх. Ганцхан тэр эргүү амьтан Пин Эр энэ явдлыг муу гэж бас тайтай чинь дургүй байна гэнээ. Бодвол бидний энэ явдал бүтэхээс айж байгаа л даа. Ингэж удааж байтал хоёрдугаар ах чинь буцаж ирээд бусдын үгэнд орвол явдал саарахад хүрнэ гэсэнд цаадах нь:
-Тэр талынхан цөм хэлэлцэн тогтоод ганцхан тайтайгийн эндээс нас жилийг бичиж илгээхийг хүлээж байна. Вангийн ордон тогтоолоо л бол гурван өдрийн дотор буулган аваачна. Ганцхан энүүнд тайтай дургүй байж мэднэ. Тэднийхний хэлэх нь, ялт түшмэлийн ач охиныг авах ёсгүй тул сэмхэн аваачихаад, Лаое ялаа дуусаад түшмэл болсон хойно нь дахин найрлая гэнээ гэв. Шин Фүрэнь:
-Үүнд ямар хамаа байхав. Ёсонд ч нийцнэ… гэсэнд цаадах нь:
-Тийм бол тэр нас жилийн хуудсыг нь тайтай бичүүлбэл боллоо гэв. Шин Фүрэнь:
-Чи бас ухаангүй аашлах юмаа. Дотор цөм бүсгүйчүүл байгаа. Тэгэхээр чи Юнь агиар бичүүлчихээч гэв.
Ингэж хэлүүт Жя Хуань баярлан яарч гараад Жя Юньд хэлж, Ван Рэнийг гуйж харъяат вангийн ордонтой гэрээ бичиг байгуулан бэлгийн мөнгө авахуулахаар явуулав. Шин Фүрэний шивэгчин тэдний ярьсан бүх юмыг сонсжээ. Энэ охин бол Пин Эрийн дэргэд байдаг хүн болохоор сонссоноо бүгдийг түүнд хэллээ. Энэ явдал зохисгүй гэдгийг Пин Эр хэдийнээс мэдэж байгаа тул Чяо Жед тодорхой хэлж өгчээ. Тэгэхэд охин шөнөжин уйлаад их тайтайгийн үгийг дагахгүй, эцгээ ирэхийг хүлээнэ гэж байтал ийм үг гараад ирэв. Охин баахан уйлаад тайтайд хэлье гэсэнд Пин Эр хориглож “Байз байз. Охин чи жаахан хүлээ. Их тайтай бол чиний аавын ээж шүү. Эр Еэг эзгүйд тэр эрх эдэлнэ. Бас нагацтай чинь үг нэгссэн. Тийм байхад охин чи дийлэхгүй. Миний мэтийн дорд хүний үг явахгүй. Одоо хуудам аашилж огт болохгүй. Нэг арга бодъё” гэтэл Шин Фүрэний шивэгчин ирээд: “Та нарыг түргэн арга бодохгүй бол дамнаад явлаа шүү” гээд явав. Пин Эр охины уйлахыг үзээд түшиж: “Охин минь, уйлаад нэмэргүй. Одоо Эр Еэд хэл хүргэж завдахгүй. Тэдний ярихаар бол…” гэтэл Шин Фүрэний тэндээс хүн ирж: “Охинд их баяр боллоо. Пин Эрийг, охины гарын үзүүрийн эдлэлийг төвхнүүл. Бэлэг сэлтийг Эр Еэг ирсэн хойно болно гэж тохирсон” гэж хэлэв. Пин Эр арга буюу хүлээн аваад орж ирэв. Энэ үед Ван Фүрэнь бас хүрч ирсэнд Чяо Же хүзүүдэн аваад өвөр дээр нь хэвтэн уйлав. Цаадах нь ч уйлав. Тэгээд,
-Охин минь битгий зов. Би чиний өмнөөс их тайтайгийн ярихыг олон сонслоо. Үзтэл энэ явдлыг эргүүлж чадахгүй болжээ. Бид аяст нийлүүлэн алгуурлан хойшлуулж байгаад даруй түргэн хүн зарж эцэгт чинь хэл хүргүүлье гэсэнд Пин Эр:
-Эй тайтай мэдээгүй юм уу. Сая Сань еэ их тайтайд ар газрын ёсоор гурав хоногийн дотор буулган аваачна гэж хэлүүлжээ. Яаж Эр Еэг хүлээж завдах вэ гэв. Ван Фүрэнь, Сань еэ гэснийг сонсоод бачимдан уурлаж байснаа Жя Хуанийг дуудуул гэж хоолой мэдэн хашгирав. Явсан хүн: “Өнөө өглөө Чян агь, ван нагац хоёртой гараад явжээ” гэж мэдүүлсэнд Ван ФүРэнь: “Юнь агь хаана байна” гэсэнд бүгдээр: “Мэдэхгүй” гэв. Чяо Жегийн гэрийнхэн аргаа барж гөлрөн бэгтрэв. Ван Фүрэнь, их тайтайтай маргаж болохгүй тул бүгд дэмий л уйлалдав.
Ийнхүү үймэрч байтал нэг эмгэн орж ирээд: “Арын үүдний хүн, Лю Лаолао ирлээ” гэж хэлсэнд “Гэрт ийм юм болж байхад яаж зочин хүлээж авах вэ. Аргыг олж хэлээд буцаавал яана” гэсэнд Пин Эр: “Тайтай түүнийг оруулахыг зөвшөөрчих. Тэр бол Чяо Жегийн хуурай эх тул мөн хэлэх ёстой” гэсэнд цаадах нь дуугарсангүй. Мөнөөх эмгэн эргэж яваад хөдөөний эмгэнийг оруулаад ирсэнд бүгд харилцан амар мэндээ мэдэлцэв. Эмгэн, бүх хүний нүд улайсныг үзээд гайхахдаа: “Яацгаах нь энэ вэ. Тайтай болон охидууд лав найнайгаа санасан байхаа” гэтэл Чяо Же, эхийг нь дурьдсанд нэн их уйлав. Пин Эр: “Та дэмий үг битгий ярь. Та бол энэ охины хуурай эх тул бас мэдэх ёстой” гээд учир явдлыг тов тодорхой ярив. Эмгэн энэ үгийг сонсоод их айж удтал мэлрээд гэнэт инээж:
-Чи ийм цэцэн гэгээн охин байж хуурчийн үлгэрт хэлдэг үгийг сонсоогүй юү. Түүнд арга мундахгүй, зовних хэрэг юү байна гэсэнд Пин Эр:
-Танд ямар арга байна, түргэн хэлээч гэв. Эмгэн:
-Энэ юуны хэцүү вэ. Нэг ч хүнд мэдэгдэлгүй, гэнэт алга болчих гэсэнд Пин Эр:
-Энэ ч дэмий үг байна. Манай мэтийн айлын хүн үзэгдэхгүй хаана очих юм бэ гэсэнд эмгэн:
-Та нар очихгүй байж мэднэ. Очвол даруй манай тосгонд очтугай. Би охиныг нуугаад, хүргэнээрээ хүн ирүүлж, охиноор гарын бичиг бичүүлж Эр Еэд түргэн хүргүүлбэл тэр хүрээд ирнэ. Энэ болох арга бишүү гэв. Пин Эр:
-Их тайтай мэдвэл яах юм бэ гэсэнд эмгэн:
-Миний ирснийг тэр мэдэх юм уу гэж асуув. Пин Эр:
-Их тайтай өмнө хүрээнд байгаа. Тэр доорд хүмүүстээ халтай болохоор түүнд чимээ өгөх хүн ховор доо. Та урд үүдээр орж ирсэн бол тэд мэднэ. Хойт үүдээр ирсэн бол тэд юугаа мэдэхэв… гэсэнд эмгэн:
-Бид цаг тогтоод хүргэнээр унаа ирүүлж аваачъя гэв.
-Бас цаг тогтоохыг хүлээх үү, За та сууж бай гээд Пин Эр санд мэнд дотогш орж Ван Фүрэньд хэдэн үг шивнэв. Түүний хэлснийг бодоход Ван Фүрэньд зохимжгүй юм шиг санагдав. Пин Эр:
-Ингэхээс өөр арга байхгүй. Бид тайтайд аймшиггүйгээр шууд хэллээ. Тайтай үл мэдэгч болж их тайтайгаас асуу л даа. Манай эндээс даруйхан хүн очих тул Эр Еэ хурдан ирнэ гэсэнд цаадах нь хэнгэнэтэл санаа алдаад дуугарсангүй. Чяо Же бас эмээ ээждээ:
-Тайтай намайг аварна уу. Аав минь ирээд бишрэн талархах байхаа… гэтэл Пин Эр:
-Хэлэх хэрэггүй. Тайтай хүн гаргаж гэр сахиулж бай гэсэнд Ван Фүрэнь:
-Сэмхэн яв. Та хоёр хувцас ор дэвсгэрээ аваачигтун гэв. Пин Эр:
-Хурдан л явбал бүтнэ. Тэд хэлэлцэж тогтоод буцаад ирвэл талаар болоход хүрнэ гэсэнд Ван Фүрэнь, гэнэт сэхээрч:
-Үнэхээр тийм болно. Та нар хурдан яв. Энд би байна гэв. Ван Фүрэнь, их тайтайгийн тэнд очиж энэ тэрийг ярьж саатуулж суув.
Энд Пин Эр юм бэлтгүүлэх хүн явуулахдаа: “Нэг их нууж хаах хэрэггүй. Хүн харвал нэг тэрэг хөлсөлж, хөдөөгийн эмгэнийг хүргүүлэхээр их тайтай захисан юмаа гэж хэл” гээд бас хойт үүдний хүнд мөнгө атгуулан тэрэг хөлслүүлж авчруулав. Пин Эр Чяо Жег, Чин Эр мэт засаад санд мэнд явж одов. Пин Эр араас нь үдэж яваа хүн мэт дагаж явсаар, хүмүүс анзааргагүй байх хооронд тэргэнд суучихав. Ойрноос Жя Фүгийн хойт үүд хэдий нээлттэй байвч ганц хоёрхон хүн сахих бөгөөд хэдий өөрийн хүн хэд байх боловч гэр хүрээ нь их, хүн нь цөөн тул хоосрон цэлийгээд харгалзаж завдахгүй болжээ. Төдий бас Шин Фүрэнь доод албатдаа хатуу болохоор гэрийн хүмүүс түүнд дургүйгээс гадна Пин Эрийн сайныг бишрэх тул бүгд санаа нийлээд Чяо Жег гарган явуулжээ. Энэ үед Шин Фүрэнийг Ван Фүрэнь саатуулж байгаа болохоор тэр юугаа мэдэхэв. Хэдий тийм боловч Ван Фүрэнь ганцаараа шанална. Тэгээд Бао Чай дээр очсон боловч тайтгарсангүй. Түүний цайр шаналангуйг хараад Бао Чай:
-Тайтай юу бодоод байгаа юм бэ гэж асуусанд, цаадах нь болсон явдлыг сэмхэн хэлэв. Бао Чай:
-Үнэхээр аюултай болно. Одоо Юнь агийг түргэн дуудаж, тэртээ этгээдэд хэлүүлэн зогсоовол зохино гэсэнд Ван Фүрэнь:
-Би Хуань Эрийг эрээд олохгүй байна гэв. Бао Чай:
-Тайтай юу ч мэдээгүй гээд бай. Би нэг хүн олж дамаар их тайтайд мэдүүлье гэсэнд цаадах нь толгой дохин зөвшөөрчээ.Энэ зуур Бао Чай, илгээх хүн эрснийг үл өгүүлэн өгүүлэх нь:
-Тэр харьяа вангийн ордонд хэдэн шивэгчин охин авъя гэсэн бөгөөд зууч бологчийн нэг талын үгээр хүн илгээж үзүүлсэн ажээ. Үзсэн хүн эргэж ирээд харьяа ванд мэдүүлсэнд ‘Ямар зэргийн айл вэ’ гэж асуусанд, нуух аргагүй тул үнэнийг өчжээ. Ван сонсоод, үе улирах гавьяат түшмэдийн үр гэж мэдмэгц “Энэ амар хялбар хэрэг биш. Энэ чинь ордны хууль цаазанд холбогдоно. Арайтай уршиг татчихсангүй. Бас миний бараалхлын жасаа нэгэнт дүүрээд мордох өдрөө хүлээж байна. Дахиад хүн ирж хэлэлцэх гэвэл түргэн явуулагтун” гэв. Яг энэ өдөр Жя Юнь, Ван Рэнь нар охины нас жилийг бичиж хүргэж ирсэнд ордны харуулын хүмүүс “Вангийн зарлиг: Жя Фүгийн гэрийн хүнийг эгэл иргэний охин болгон авчирсан хүнийг баривчлан шийтгэнэ. Одоо энх төвшин цагт ямар гээч хүн, аймшиггүйгээр энэ мэт ёс бус аашилна вэ” гэж хашгиралдан үймэлдэхэд Ван Рэнь нар ихэд айж толгойгоо даран гарч ирээд урамгүй явцгаав.
Энэ үед Жя Хуань гэртээ, мэдээ хүлээн сууж байтал Ван Фүрэнь дуудсанд их л сандарч байтал Жя Юнь ганцаар буцаж ирснийг хараад: “Хэлэлцэн тогтов уу” гэж яаран асуув. Цаадах нь балгардан сандарч хөлөө дэвслэн “Хялбар юм биш байна. Хэн үг гаргасныг мэдэхгүй” гээд бас муу үзэгдсэн явдлыг тоочин хэлэв. Жя Хуань уурлан,
-Би өглөө их тайтайгийн өмнө их сайхан юм ярьсан. Одоо юу болж байна. Та нар бүгдээрээ над руу хэрэг тохжээ гэв. Яг энэ зуур, дотроос их үймэх чимээ гарч Жя Хуаний нэрээр дуудан “Их тайтай, эр тайтай дуудаж байна” гэсэнд тэр хоёр хулмалзан арга буюу дотогш оров. Ван Фүрэний нүүр дүүрэн хилэн бадарч “Та нар үйлдсэн сайхан хэргээ очиж үзтүгэй. Сая Чяо Же, Пин Эр хоёрыг шахамдуулан алжээ. Шалавхан явж хүүрийг нь олоод надад авчирч өгтүгэй” гэсэнд хоёул сөгдөв. Жя Хуань дуугарч чадсангүй. Жя Юнь бөхийн:
-Ач би аймшиггүй үйлдэж чадахгүй ээ. Шин нагац даяа болон Ван нагац аги, Чяо Же охин дүүд зууч болсугай гэсэн тул дайдаа нарт мэдүүлсээн. Их тайтай дуртай байсан. Тэгээд надаар охины нас жилийг бичүүлсэн. Тэртээ талынхан, авахгүй гэж байх тул яагаад биднийг охин дүүг шахамдуулан алах гэж болохов гэсэнд Ван ФүРэнь: “Хуань эр гурван өдрийн дотор буулган аваачна гэж их тайтайд хэлжээ. Ураг садны явдлыг ийнхүү үйлдэх ёс байна уу. Би өөр хэргийг асуухгүй. Та нар хурдан явж Чяо Жег олж авчрагтүн. Бусад хэргийг Лаоег буцаж ирэхээр мэдээрэй” гэв. Шин Фүрэнь нэг үг амнаасаа унагасангүй. Дэмий л уйлна. Ван Фүрэнь, Жя Хуанийг: “Хүний сэг болсон бага эхнэрийн муу ачинцар” гэж хараан зүхээд шивэгчдээр түшүүлэн гар рүүгээ явав.
Шин Фүрэнь, Жя Хуань, Жя Юнь гурав биедээ гомдоцгоожээ. Гэвч нэг нэгийгээ зэмлэх хэрэггүй гэж шийджээ. Хэн нэг нь:
-Тэр охин үхээгүй байхаа. Пин Эр садангийнхаа айлд аваачин нуусан байхаа гэсэнд Шин Фүрэнь, хоёр талын хаалганы хүмүүсийг дуудан авчруулж харааж зүхэн “Чяо Же, Пин Эр хоёр хаашаа явсныг мэдэх үү” гэж асуусанд доорд хүмүүс нь зэрэг зэрэг “Их тайтай маниас асууж яана даа. Харин гэрийн эзэн агь нараасаа асуугаач. Тэд мэдэх байх. Их тайтай ундууцах хэрэггүй. Манай тайтай асуувал бидэнд хэлэх үг байна. Занчвал бүгдийг занч. Яллавал бүгдийг ялла. Лянь эрийг гадагш явснаас хойш, гадаах тал бүрэн самуурчээ. Бидний сарын цалин хөлсийг өгөхөө болиод мөнгөөр мөрийтэй тоглож, архи ууж, дуучин охидоор наадаж, бас гаднаас охид гэртээ авчирч байна. Энэ чинь агь нар биш юм уу гэж асуув. Жя Юнь нар дуугарч чадахаа болив.
Энэ үед Ван Фүрэний тэндээс хүн ирж “Агь нарыг түргэн явж олж ир гэж шаардаж байна” гэсэнд Жя Хуань нар сандран орох газраа олж ядан тэвдэж Чяо Жег доорх хүмүүсээс асууж чадахгүй ийн зовно. Хүмүүс, тэднийг нуугдсан гэдгийг мэдэвч Ван Фүрэний өмнө яаж хэлж чадах вэ. Арга буюу ойр төрлийнхнээс асууж сурсан боловч сураг ажиг огт гарсангүй. Дотор Шин Фүрэнь, гадаа Жя Хуань нар энэ хэд хоног өдөр шөнөгүй их үймжээ.
Шалгалтын хугацаа дуусах өдөр болсонд Ван Фүрэнь, Бао Юй, Жя Лань хоёрын ирэхийг харуулдан байв. Үд болтол хүлээгээд ирэхгүй болохоор Ван Фүрэнь, Бао Чай, Ли Вань гурав сандарч хүн явуулж, буусан газраас нь сураглуулав. Удаж, удаж чимээ ч үгүй, явсан хүн ч ирсэнгүй. Тэгэхээр нь хэдэн хүн явуулав. Бас л ирдэггүй. Тэднийг хүлээсэн гурав халуун тогоонд хайруулсан мэт сандрав. Орой нэг хүн орж ирэхийг харвал Жя Лань байв. Бүгд баярлалдан: “Бао Эр чинь яав аа” гэж асуусанд Жя Лань амар ч эрэлгүй уйлж: “Эр Еэг алджээ” гэв. Эх нь энэ үгийг сонсоод орон дээрээ савж унав. Цай Юнь нар арай гэж араас нь түшин авч аргадаж сэргээсэн авч уйлсаар л байв. Бао Чай, Ши Рэнь нар ч нулимсандаа дэвтэв. Тэд Жя Ланийг зүхэж: “Эргүү амьтан чи, ахтайгаа хамт яваад алддаг нь юу вэ” гэж загнав. Цаадах нь:
-Би ахтай буудлын газар хамт байж, хамт идэж ууж байсан. Шалгалтын газар төдий холгүй байсан. Өнөө өглөө Эр Еэ шалгалтаа эрт дуусгаад намайг хүлээж байсан. Хоолонд хамт очоод шалгалтын бичгээ тушаагаад цуг гарч иртэл Луугийн үүдэнд шахалдсан олон тэргэн дунд ороод алга болчихсон. Тосохоор очсон гэрийнхэн цөм надаас асууж, Ли Гүй бас: “Хэдхэн алхмын зайтай явж байгааг харсан. Шахалдахаар яагаад алга болсон юм бэ” гэв. Ли Гүй нар зам хуваан явж эрсэн боловч олсонгүй. Тэгээд л би одоо ирлээ гэв. Ван Фүрэнь элгээ хөштөл уйлав. Бао Чай дотроо ийм юм болохыг найм есөн хувь бараглажээ. Ши Рэнь гашуудан уйлав. Жя Чян нар ч зүг зүгт явж эрэлцэв.
Хөөрхий Рүн Гуофүгийн хүмүүс үхэх нь олон, үлдэх нь цөөрсөөр. Шалгалтаас ирэгсдийг угтахаар найрын ширээ зассан нь талаар болов. Жя Лань ахыгаа эрэлцэх гэсэнд Ван Фүрэнь хориглож:
-Авгыг чинь алдсан нь багадаад, дахиад чамайгаа алдалтай нь биш. Сайн хүү минь. Явж амар гэв. Тэгсэн ч Жя Лань харилгүй эрэлцэв. Ёу хатан нар хориглоод ч тус болсонгүй.
Энэ явдлыг Ши Чүнь мэдэж байсан боловч ил хэлж яаж чадахав. Бао Чайгаас “Хоёрдугаар ах хашаан зүүж явсан уу” гэж асуусанд цаадах нь: “Биеэсээ салгахгүй ёстой юмыг яалаа гэж орхихов” гэв. Ши Чүнь дуугарсангүй. Ши Рэнь тэр өдрийн хаш булаалдсан хэргийг санаад, мөн тэр хуушааны ёр болов гэж багцаалдан элэг зүрх нь эвхэрч, хоёр нүдний нь нулимс бөмбөрч мэгшин шогшин уйлсаар дотроо, заримдаа түүнийг хорсговоос хэдий уурлавч мөн хүний сэтгэлийг эргүүлэх сайхан санаатай бөгөөд түүний тэр нэмүүн зөөлөн аашийг бүр хэлэх хэрэггүй. Түүнийг уурлуулбал, заримдаа хуушаан болно гэж үг алддаг байсан юм. Ингээд хэлсэндээ хүрнэ гэж даанч санасангүй гэж Бао Юйтэй олон жил хамт байсан найрсаг явдлаа бодно. Тэрбээр шөнийн дөрвөн жин болтол сураг гарсангүй. Ли Вань, Ван Фүрэнийг зовсоор бие нь муудуузай гэж ятган гэр рүү нь явуулав. Жя Хуань ил гарч чадахгүй нуугдаж байлаа. Маргааш нь эрэлд гарсан хүмүүс буцаж ирээд: “Эрээгүй газар алга. Бараа сүүдэр ч үгүй болжээ” гэцгээв. Өглөөгүүр “Шюэ Има, Шээ Кө, Ши Шянюнь, Бао Чинь, Ли худгай ар араасаа ирж амар эрж мэдээ чимээ сураглана. Энэ мэтээр хэдэн өдөр болсонд Ван Фүрэнь хоол унднаас гарч амь нас нь аюултай болоод байтал гэрийн хүн ирж: “Далайн хязгаараас нэг хүн, ерөнхийлөн захирах ноёны тэндээс ирээд, манай гутгаар аниа маргааш нийслэлд хүрч ирнэ гэлээ” гэж мэдүүлсэнд, Ван Фүрэнь, Тань Чүнийг ирж буйг сонсоод Бао Юйгийн төлөөх зовинол нь тайлагдаагүй ч гэсэн дотор нь жаахан онгойв. Маргааш нь Тань Чүнь хүрч ирсэнд бүгд холоос угтав. Тань Чүнь анхнаасаа улам сайхан өнгө орж, өмсгөл зүүсгэл нь нүд гялбуулна. Тэрбээр Ван Фүрэний эцэж турсан байдал, олон хүний улайж хавагнасан нүдийг хараад асгаруулан уйлсанаа бага зэрэг тайвшираад ёслон золгов. Ши Чүний үсээ чавганц маягаар засуулсныг үзээд ихэд тавгүйрхэв. Дараа нь Бао Юйгийн эргүүтэн алга болсон хийгээд гэрт өдий төдий урагшгүй хэрэг гарсаныг сонсоод цаадуултайгаа нийлээд баахан уйлалдав. Тань Чүнь бол угаас ухаалан хэлэхэд нийлэмжтэй, ухаарч бодоход гүн нарийн тул Ван Фүрэнийг ятган тайвшруулж чадав. Маргааш нь шинэ хүргэн агь ирж, ийм явдал гарсныг мэдээд Тань Чүнийг ятган хэлүүлэхээр үлдээв. Түүнийг инжээр дагаж очсон шивэгчид ба эмгэд мөн эгч дүү нартайгаа золгож, салснаас хойших явдлаа ярьцгаав. Ингээд Бао Юйгийн тухай мэдээг өдөр шөнөгүй чагнаж суух болцгоов.
Нэг шөнө таван жин өнгөрөхөд гаднах хүрээний хэдэн хүн ирж хоёрдугаар хаалган дээр баярын мэдээ дамжуулав. Хэдэн охин гүйлдэн орж ирээд дотоод гэрийн шивэгчдэд ч хэлэлгүй шууд гэрт орж: “Тайтай найнай нарт их баяр болов” гэсэнд Ван Фүрэнь Бао Юйг олсон юм байх гэж бодоод баярлан босоод: “Хаанаас олов. Түргэн оруул” гэв. Тэр хүн “Долдугаарт өргөгсөд болжээ” гэтэл эх нь: “Бао Юй хаа байна” гэсэнд цаадуул нь дуугарсангүй. Тань Чүнь: “Хэн долдугаарт орсон юм бэ” гэж асуусанд тэр хүмүүс: “Бао Эр Еэ” гэж мэдүүлэв. Ийн ярилцаж байтал бас гадаа: “Лань агь бас шалгагдан оржээ” гэх сонсогдсонд өнөөх зарц яаран гарч хуудсыг авч үзвэл, Жя Лань зуун гучдугаарт оржээ. Ли дотроо баярласан боловч Бао Юйг олоогүй болохоор баярын царай гаргаж чадсангүй. Ван Фүрэнь ач хүүгээ шалгалтад тэнцсэнийг үзээд баярлаж: “Бао Юй ирвэл бидэнд хичнээн их баяр болноо” гэж бодов. Бао Чай дотроо эмгэнэн зововч нулимс гаргахгүй байв. Бүгд л баяр хүргэж:
-Бао Юй нэгэнт шалгагдан орох буянтай болохул алга болох ёсгүй. Хэд хоногоос лав олдох байх гэцгээнэ.
Энэ үед Ван Фүрэнь тайвширч хааяа инээмсэглэж байсанд цаадуул нь бас тайтгаруулж, бага сага хоол унд идэж уух болов. Гэнэтхэн гуравдугаар хаалганы гадаа Бэй Мин: “Манай Эр Еэ өргөгсөд болсон тул лав алга болохгүй ээ” гэж бархирсанд цаадуул нь: “Чи яаж мэдээв” гэж асуув. Цаадах нь: “Гавьяа нэр нэгэнт бүтвэл газар дэлхийд алдаршина” гэж үг бий. Одоо Эр Еэ хаана ч очсон хүмүүс таних учраас авчирч өгөхгүй байж чадахгүй” гэв. Доторх олон бүгд “Энэ хөвгүүн хэдий баахан дүрэмгүй аашилсан боловч хэлсэн үг нь харин алдаа ташаагүй” гэсэнд Ши Чүнь: “Ийм том болсон хүнийг алдах ёс хаана байна. Тэр хэрэв тоост ертөнцийг нэвт мэдээд хоосны үүдэнд орсон бол олдоход бэрх болно” гэв. Энэ үг Ван Фүрэнийг бас уйлуулав. Ли Вань:
-Эрт дээрээс бурхан сахиулсан бологчид үнэхээр зэрэг жинс, баян эрхмийг орхисон нь маш олон юм билээ гэсэнд Ван Фүрэнь уйлсаар:
-Тэр хэрэв эцэг эхээ хаяж явбал элбэрэлгүй хөвгүүн болох тул яаж бурхан сахиус болж чадах вэ гэв. Тань Чүнь:
-Хүндэтгээд зүйл байж болохгүй төлөвтэй. Хоёрдугаар ах төрөхдөө хаш үмхэж төрснийг бүгд л сайн бэлгэ гэнэ. Одоо бодвол цөм энэ хашны муугаас болжээ. Дахин хэд хоноод олдохгүй болбол би тайтайг цухалдуулах нь биш, үүнд лав учиртай болой. Ийм нэг ахыг төрүүлээгүй гэж бодвол барав. Үнэхээр бодь мөрийг олбол мөн тайтайгийн хэдэн төрлийн хураасан буян болой гэв. Бао Чай дуугарсангүй. Ши Рэнь тэсэж ядна. Төдөлгүй хоёр нүд нь харанхуйлаад тонгорцоглон унав. Ван Фүрэнь өрөвдөөд хүнээр түшүүлэн гэрт нь хүргүүлэв.
Энэ үед Жя Хуань, ах, ач хоёрыг дуулаад бас Чяо Жегийн учрын төлөө ихэд тааламжгүй болж Чян, Юнь хоёрт уурлана. Тань Чүнь гэртээ ирсэн болохоор энэ хэргийг зүгээр орхихгүй гэдгийг мэдэвч бас зайлж чадахгүй болохоор гал дээр сууж, гадсан дээр гишгэсэн мэт сандарна.
Маргааш нь Жя Лань ганцаар очиж хишигт мөргөв. Жэнь Баоюй бас шалгалтад оржээ. Тэд уулзаад энэ тэрийг хөөрөлдөв. Бао Юйгийн эргүүтэн төөрснийг сонсоод Жэнь Баоюй шүүрс алдав. Шалгагч түшмэл шалгалтад орсон зохиолуудыг дээш айлтган мэдүүлсэнд хаан эзэн нэгд нэгэнгүй нарийвчлан үзвэл, цөм утга уянга, уран нийлэмжтэй байжээ. Түүний дотор долдугаарт орсон Жя Баоюй гэгч Жинь Лин нутагтай гэх бөгөөд зуун гуч дугаарт, мөн Жинь Лингийн Жя Лань гэх тул хаан: “Жинь Лингийн хоёр Жя овогтон Жя Фэйгийн төрөл мөн буюу” гэж асуусанд их түшмэл гарч ирээд Жя Баоюй, Жя Лань хоёроос асуух юм байна гэж уламжлав. Жя Лань даруй Бао Юйгийн шалгалтаас гарахдаа төөрч явсан болоод гурван үеийнхээ овог угсааг тодорхойлон мэдүүлсэнд их түшмэл дээш айлтгав. Хаан эзэн их хишиг ивгээлтэй тул Жя овогтны гавьяат зүтгэлийг санаж, их түшмэлд байцаан шалгаад мэдүүлтүгэй гэж зарлиг болов. Их түшмэл нарийвчлан айлтгасанд хаан эзэн ихэд хөөрхийлж, цаазын түшмэлд Жя Шөгийн ялыг шалган мэдүүл гэж тушаав. Хаан эзэн бас “Далайн хязгаарт хулгай дээрмийг цэвэрлэж цэрэг буцсанаас хойших явдлын тухай” хэмээх бодруулыг үзвэл, түүнд “Тэнгэс мөрөн тунгалагжиж, түмэн иргэд энхжив” хэмээн мэдүүлжээ. Хаан эзэн таалан баясаж, гавьяат түшмэдийг шагнан дэлхий дахинд уучлал тунхаглатугай хэмээн есөн сайдад зарлиг болов. Жя Лань бараалхал тарсны дараа эрхлэн шалгагч түшмэл мөргөн золгоод бас ордоноос уучлал тунхаглахыг сонсож ирээд даруй Ван Фүрэнь нарт мэдүүлэв. Тийнхүү гэр хотлоороо баярлах төлөвтэй болоод Бао Юйгийн хурдан ирэхийг хүснэ. Шюэ Има, хүүгийнхээ ялыг өршөөгдөхийг хүснэ.
Нэг өдөр хүн ирж Жэнь Лаое гутгаар хүргэн агитай баяр хүргэхээр ирэв гэж мэдүүлсэнд Ван Фүрэнь, Жя Ланийг гаргаж угтуулав. Төдөлгүй Жя Лань инээд алдан орж ирээд Ван Фүрэньд:
-Тайтай нарт их баяр дуулгая. Жэнь Лаое ордоноос их өвөөгийн ялыг хэлтрүүлээд бас Жэнь даяагийн ялыг хэлтрүүлснээр барахгүй бас төр төвшитгэгч гутгаар зэргийн сурвалжит зэргийг залгамжлуулжээ хэмээн сонслоо. Төр бадруулагч сурвалжит зэргийг мөн өвөг ааваар залгамжлуулаад бэлэвсрэлийн хугацаа дууссан хойно мөнхүү үйлдэх зурганы ялгагч түшмэлд дэвшинэ. Нэгжин хураасан өв хөрөнгийг цөмийг эргүүлэн шагнана. Хаан эзэн хоёрдугаар авгын зохиолыг үзээд ихэд таалан баясаж, Юань Фэйгийн дүү гэдгийг мэдээд умарт Жюань ван бас зан чанарыг нь сайн гэж айлтгасанд хаан эзэн дуудан уулзсугай хэмээн зарлиг буулгажээ. Олон түшмэд “Түүний ач Жя Лань түүнийг шалгалтаас гарахдаа, төөрөөд явжээ” гэж хэлэв. Одоо түүнийг газар бүхэнд эрж байна гэж айлтгасанд хаан эзэн зарлиг буулган, таван хорооны эл яаманд нарийвчлан эрэгтүн гэж тушаажээ. Тайтай нар санаа амар байцгаа. Ийм зарлиг нэгэнт буусан тул эзэн хааны энэрэл хайраар лавтай олдоно гэв. Ван Фүрэнь нар сая л их баярлацгаав.
Харин Жя Хуань нар сандран Чяо Жег зүг зүгт эрнэ. Тэгэхэд Чяо Же Пин Эрийн хамт Лю Эмгэнийг дагаад тосгонд очжээ. Эмгэн дээд гэрээ цэвэрлэн тэр хоёрыг суулгав. Тэд өдөр бүр хөдөөний байлын хоол будаа иднэ. Тэр нь их цэвэр бөгөөд бас Чин Эр хань болж байх тул сэтгэл тайван байна. Энэ тосгонд байсан хэдэн баян айлынхан Лю эмгэний гэрт Жя Фүгийн ордны охин ирж гэж дуулаад сонирхон үзнэ. Цөм л эсэруваа орноос буусан дагина хэмээн магтаж, зарим нь жимс ногоо авчирч зарим нь ангийн хишиг өгч хөл болно. Түүний дотор түмэн лангийн хөрөнгөтэй, мянган Чингийн тариатай нэг Жөү овогт баян айлын үрийн ганц хөвгүүн нь хээнцэр сайхан төрөөд ёс номтой өсч одоо арван дөрөв хүрсэн бөгөөд эцэг эх нь багш залж бичиг үзүүлсэн тул саяын шалгалтад ороод орогсод болжээ. Тэр өдөр хүүгийн эх, Чяо Жег үзээд ихэд бахархан “Манай мэтийн тосгоны ард яаж ийм сурвалжит айлын авхайтай тэнцэх вэ” хэмээн дэмий л бодмоглоно. Түүний бодлыг Лю эмгэн хэдийн мэдээд: “Чи юу бодож байгааг би мэдлээ. Би танд зууч болъё” гэсэнд Жөү ээж инээж: “Намайг битгий хуураарай. Тэдний мэтийн айл яаж манай мэтийн тосгоны иргэнд охиноо өгнө вэ” гэв. Лю эмгэн: “Хэлж үзье л дээ” гэв. Тэгээд тэд салав.
Хөдөөний эмгэн, Жя Фүгийн тухай санаа болох тул Бань Эрийг мэдээ чимээ авахуулахаар хотод явуулав. Түүнийг очих өдөр Рун, Нин хоёр Фүгийн гудамжинд тэрэг сүйх тоймгүй олон байсанд тэр хавийнхнаас нь асуувал “Рун, Нин хоёр Фүгийн зэргийг сэргээж, хураасан өв хөрөнгийг нь эргүүлж өгөөд үүд өрхийг нь өөдлөн дэгжих болголоо. Харин тэдний Бао Юй нь өргөгсөд болоод хаачсаныг мэдэхгүй” гэцгээнэ. Бань Эр дотроо баярлаад буцах гэж байтал бас нэг хэсэг морьтой улс ирж үүдэнд буусанд, хаалгач амрыг эрж сөгдөн:
-Лянь Эр Еэ буцаж иржээ. Баяртай хэрэг Их Лаоегийн лагшин тунгалаг байна уу гэцгээнэ. Тэр агь инээсээр:
-Аав эдгэсэн. Бас эзний өршөөлийг хүртжээ. Мөд ирнэ гээд тэр олон хүн юү хийж байгаа юм бэ гэж асуув. Үүд сахигч: “Эзний түшмэл ирж хураасан хөрөнгийг буцааж өгнө гэсэн эзний зарлигийг уламжилж байна” гэж мэдүүлэв. Агь ихэд баярлан дотогш оров. Түүнийг Жя Лянь байх гэж Бань Эр багцаалдав. Тэгээд энэ тэрээс асуусан ч үгүй. Тэр дороо буцаад үзсэн дуулсанаа эмээдээ ярив. Эмгэн хөл нь газар хүрэхгүй шахуу баярлаж Чяо Жед очиж баяр хүргэн, Бань Эрийн ярьсныг дамжуулав. Пин Эр инээж:
-Таны ийнхүү үйлдсэний ач гарлаа. Тэгээгүй бол охин ийм сайн цагтай учирч чадахгүй гэсэнд Чяо Же ч их баярлав.
Тэднийг ийн ярилцаж байтал Жя Ляньд мэдээ хүргэхээр явсан хүн эргэж ирэв. Тэрбээр:
-Эр Еэ ихэд баярлаж байна. Намайг харимагц охиныг хүргэж өг гээд надад нилээд хэдэн лан мөнгө шагналаа гэв. Лю эмгэн баярлаж хоёр тэрэг авчруулан Чяо Же, Пин Эр хоёрыг тэргэнд суулгав. Тэд энэ айлд сууж дассан тул сааж ядна. Бас Чин Эр тэднийг явуулж чадахгүй уйлсанд эмгэн, охиноо аваад хамтдаа Рүн Гуофүд хүрч ирэв.
Үүнээс урьд Жя Лянь эцгийгээ хүнд өвдсөнийг дуулаад цөллөгийн газар яаран очсоноос хойш Жя Шөгийн өвчин аажимдаа засарсаар эдгэрэв. Тэнд байхдаа Жя Лянь гэрийнхээ мэдээг сонсож, эцэгтээ хэлээд буцаж явахдаа хааны уучлал тунхагласныг сонсоод хоёр өдөр яаран явсаар гэртээ ирэхдээ богдын хишиг хүртээж байхад тохиолджээ. Дотор Шин Фүрэнь нар Жя Лань бага хүүхэд тул богдын зарлигийг хүлээн авах хүнгүй гэж зовниж байтал гэрийн хүмүүс: “Лянь Эр Еэ ирлээ” гэж зарлав. Бүгд уулзан золгов. Дараа нь зочны өрөөнд очсонд зарлиг уламжлах түшмэл эхлээд эцгийн нь биеийг асуугаад” “Маргааш ордонд орж хишиг хүрттүгэй. Нин Гуофүгийн гэр хүрээг буцаан өгч та нарыг суулгана” гэж хэлээд ёслон салав. Жя Лянь зарлиг уламжлах түшмэлийг үдэн мордуулж байтал, үүдэнд тосгоны хэдэн тэрэг ирсэнд манааны хүмүүс ойр зогсоохгүй гэж хөөж байв. Жя Лянь, охиныгоо хүргэж ирж байгаа тэрэг гэж мэдээд харуулынхныг хараан загнаж:
-Толгой нь эргэсэн муусайн бэлтрэгнүүд! Намайг эзгүй хооронд эзнээ хорлох гэж охиныг нь хүртэл хавчин явуулаад, одоо хүн хүргээд ирж байхад оруулахгүй хорино гэнээ! Та нар надтай ямар өшөөтэй вэ гэж асуув. Түүнийг эндэхийн явдлаас юу ч мэдээгүй яваа, сүүлд л мэднэ гэж бодож байтал тов тодорхой хэлсэнд гайхаж: “Эр Еэг гадагш явсан хойгуур бидний зарим нь өвдөж, зарим нь чөлөө авч яваад баргаараа энд байсангүй. Бүх ажлыг гутгаар агь Чян даяа болон Юнь Эр нар мэдэж байсан тул боол бидэнд юуны хамаа байхав” гэж мэдүүлэв. Жя Лянь: “Муусайн малнуудтай дараа ярина аа. Тэр тэргийг түргэн оруул” гэж тушаав. Жя Лянь дотогш ороод эхтэйгээ уулзаж амар эрсэнд цаадах нь дуугарсангүй. Дараа нь Ван Фүрэньтэй уулзаад сөгдөн мөргөж:
-Жэ Эр гэртээ ирлээ. Энэ бүхэн цөм тайтайгийн харж харгалзсаны ач боллоо. Хуань дүүг хэлээд яахав. Харин тэр муу Юнь Эр, тэр удаа гэр сахихад уршиг татсан бөгөөд энэ удаа намайг гадагш явж хэдэн сар болох хооронд ямар их түйвээж вэ. Тайтайд мэдүүлье. Ийм амьтсыг үлдэн хөөж нааш цааш явалцахыг нь зогсоож болно гэв. Ван Фүрэнь: “Тэр муу ачинцар Ван Рэнь бас их хортой шүү” гэсэнд Жя Лянь: “Та чимээгүй л байж бай. Би аргыг нь олъё” гэв.
Ийн хэлэлцэж байтал Цай Юнь нар ирж: “Же Эр орж ирлээ” гэж мэдүүлтэл Чяо Же эхлээд Ван Фүрэньтэй золгов. Салж явснаас хойш их удаагүй боловч аюулаас зайлан одох үеийн байдлыг бодоод нулимс унагацгаав. Охин ч их уйлав. Жя Лянь, хөдөөний эмгэний байранд орж талархал илэрхийлсний дараа Ван Фүрэнь авчирч дэргэдээ суулгаад тэр өдрийн хэргийг гарган хэлэлцэв. Жя Лянь, Пин Эрийг хараад ил хэлэхэд хэцүү боловч дотроо ихэд талархан нулимс унагав. Үүнээс хойш түүнийг их хүндлэх болж Жя Шөг ирэхээр Пин Эрийг гол гэргийгээ болгон өргөхөөр төлөвлөв.
Шин Фүрэнь, Жя Лянь ирээд охиноо алга болсонд лав яриа хэл гаргана хэмээн зовж байсан ч хүүгээ Ван Фүрэний тэнд очсонд их цухалдаж нэг шивэгчнээ гүйлгэж мэдээ авахуулахаар явуулав. Шивэгчин нь буцаж ирээд: “Чяо Же, хөдөөний эмгэнтэй ирээд ярилцаж сууна” гэсэнд зүүднээс сэргэсэн мэт болж, тэднийг арга ов зохиож гэдгийг мэдээд: “Эх хүү хоёрыг хутгаж эв найргүй болгов” гэж Ван Фүрэньд ундууцаж: “Пин Эрд чухам хэн мэдээ хүргэсэн бэ” гэж асууж байтал, Чяо Же, хөдөөний эмгэн, Пин Эр хоёрыг дагуулаад гэнэт орж ирэв. Араас нь Ван Фүрэнь ч орж ирэв. Тэгээд анхны хэргийг Жя Юнь, Ван Рэнь хоёр руу түлхэж: “Их тайтай бол хүний үгийг сонсож хэргийг сайхан бүтээе гэж бодсон юм. Гаднах хүмүүсийн арга бачийг яаж мэдэхэв” гэсэнд Шин Фүрэнь дотроо ичингүйрэн гэмшээд, Ван Фүрэнь зөв арга хэрэглэсэнд бишрэв. Үүнээс хойш Шин, Ван хоёр Фүрэнь дотроо ичингүйрэн гэмшээд, Ван Фүрэнь зөв арга хэрэглэсэнд бишрэв. Үүнээс хойш Шин, Ван хоёр Фүрэнь эв найртай болжээ. Пин Эр, Ван Фүрэньд мэдүүлж, Чяо Жег дагуулан Бао Чайгийнд очиж амар эрээд хувь хувийн зовлонт учирлаа тоочив. Тэгээд “Хаан эзний өв тэгш хишигт шүтэж манай гэр өөдлөн мандах болов. Бао Эр Еэ мөд ирэх байхаа” гэтэл Чиү Вэнь сандран орж ирээд: “Ши Рэнь болохгүй болов” гэв. Юу болсныг эс мэднэ. Дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ