М.Зоригт: Зангиагаа зүүгээд ботинкоо өмсөөд очсон хүмүүс шүү дээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

М.Зоригт: Зангиагаа зүүгээд ботинкоо өмсөөд очсон хүмүүс шүү дээ

М.Зоригт: Зангиагаа зүүгээд ботинкоо өмсөөд очсон хүмүүс шүү дээ

УИХ-ын гишүүн асан М.Зоригттой уулзаж ярилцлаа.


-УИХ-ын сонгуулиас хойш та улс төр,  Улаанбаатар хоёрыг орхичихсон. Голдуу хөдөө явж харагдах юм?

-Би жил гаран хөдөөгүүр явж байгаа хүн. Хөдөөгийн таван аймгийн бүх сум суурин газраар явлаа. Дандаа л хөдөөгийн хүн амтай харьцаж явна.

-Элдэв дуулиан шуугиан, хэрүүлээс хол стрессгүй амар байгаа биз дээ?

Асуудал улс орон даяар гээд байгаа боловч Улаанбаатарт л савлаж байх шиг байна. Хөдөөгийхөн маань Монголын их амар амгалан гэдэг шиг л байна. Жилээс жилд амьдралын чанар өсч, амьжиргааны чанар дээшилж, орлого нэмэгдэж байгаа. Амьдрал нь сайхан байгаа хүмүүс энэ бужигнаан энэ тэрээс хол байдаг. Ажил нь ч их байдаг. Би хөдөөгүүр ингээд явж байхдаа нийгмийн сүлжээгээр дамжаад хотынхон юу болж байна гэдгийг харж ажиглаж явдаг. Хэтэрхий их хараад байвал та нарыг дагаад бухимдчихаж магадгүй тул ажиглаж, анзаарсхийхээс хэтрэхгүй байна.

-Оюутолгойн тойрсон баривчилгаа энэ хаврын гол сенсааци болж. Та мэдээж, энэ дуулианыг харж ажиглаж байгаа байх.  Хүмүүс Оюутолгой төслийн ач холбогдол гэхээсээ илүү хор хохирол талаас нь их ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бодол гэж үү, би бол Оюунтолгой гэхээсээ илүүтэй цаашдаа эдийн засгийн хувьд хаашаа явах гээд байгаа юм, яаж амьдрах гээд байгаа юм гэдэг том асуултын өмнө байх шиг байна. Энэ бидний амьдралд тохиож байгаа гуравдахь хувьсгалын эхэн байж магадгүй. 1921 оны хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал нийгмээрээ нэг зүйлийг шийдээд, бүхлээр нь өөрчлөөд явсан шиг. Төр бүх юмыг мэдээд хариуцаад явах юм уу, эсвэл хүн бүр нь ажилтай, орлоготой, ТҮЦ-тэй, дэлгүүртэй, Оюутолгой, Энержи Ресуртай явах юм уу?

-Харин?

Хүмүүс бүлэглэлүүд өөр өөрийн ашиг сонирхлоос, өөр өөрийн хүмүүсийн толгойд нөлөөлөхийг оролдож байх шиг байна. Холоос хаясан чулуу нэлээн зохион байгуулалттай дэгтэй яваад байгаа юм болов уу. Монголчууд өөрсдийн гэсэн хатуу сонголттой явж ирсэн. 1921 онд тусгаар тогтнол эх оронч үзэл хатуу шингэсэн, 1990 онд ардчилал бол бидний явах зам мөн гэдэгтээ 100 хувь хатуу итгэлтэй болсон. Өнөөдөр ч ардчилалдаа үнэнч байгаа. Харин үүнд итгэл төгс биш хүмүүс, гаднын нөлөөнд амархан автаж, тэр хүсэл нь Оюутолгойгоор дамжуулж илэрч байх шиг байна. Том гүрнүүд, том эдийн засгуудын бодлого Монголын энэ баялаг дээр мөргөлдчихөөд байгаа юм бишүү гэж сүүлийн хэд хоногийн үйл явдлыг хараад бодогдож байна.

-Гаднын том нөлөө байна гэж үү. Монгол нэг өдөр хоёр Ерөнхий сайдаа бариад хорьчихлоо. Гаднынхан биш манайхан л өөрсдөө өрсөлдөгчөө намнаж байгаа юм биш үү?

-Би Улаанбаатарт ирээд нэг анзаарснаа жиргэсэн.

-Юу гэж?

-Миний мэдэх Улаанбаатар биш болчихож, миний мэдэх найз нөхөд, миний мэдэх монголчууд биш болчихож. Олон хүнтэй уулзлаа. Нэг л их үл ойлгогдох ниргээний өмнө байгаа юм шиг айдас хүйдэстэй, нэг л юм болох гээд байгаа юм шиг болчихож. Хоёрын хоёр Ерөнхий сайдыг нэг өдөр барьж хорьсон цаад зорилго нь ч энэ болов уу. Монголчуудыг айлгах гэсэн, гэр орондоо ороод дотроос нь хаалгаа түгжихийг хүссэн байх, эвлэлдэн нэгдэж талбай дээр жагсахыг болиулах гэсэн байх.

-Яагаад ?

-Миний мэдэхээр энэ хүмүүс мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ямар нэг саад учруулж байгаагүй, дуудсан цагт нь зангиагаа зүүгээд ботинкоо өмсөөд очиж л байсан хүмүүс шүү дээ. Тэртэй тэргүй очиж байсан хүмүүсийг бариад хорьчих нь монголчуудыг айлгах гэсэндээ л тэгсэн гэдгээс өөр хариулт орж ирэхгүй байна.

-Ер нь бол / ингэж асуухаас дургүй хүрмээр/ том төслуудийн үр ашиг гэж байна уу. Таныг ардчилсан либерал үзэлтний хувьд ингэж асууж байгаа юм шүү, уучлаарай?

-Жишээлбэл, Эрдэнэтийг бүтээн байгуулж байх үйл явц улстөрийн түүхэн үйл явц, эхний гучин жил нэг ч татвар төлөөгүй гээд нөхцөл байдлыг та бүхэн мэдэх л байлгүй дээ. Гэхдээ 30 жил тэвчиж байсны үр дүн сүүлийн хэдэн жил гарч сүүлийн хэдэн арван жил Эрдэнэтийн гавьяагаар эдийн засагт гайгүй эерэг нөлөө гарсан.

-Эрдэнэтийг Оюутолгойтой харьцуулдаг хүн олон л доо?

-Оюутолгой маш өөр түүх. Эрдэнэтийг нэг улсын нөлөөн дор, хараат байдлаар, нэг намын шийдвэрээр, диктатураар шийдсэн бол Оюутолгой чөлөөт, ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд хийгдсэн төсөл. Цар хүрээ нь ч хамаагүй том.

-Юугаараа?

-Өнөөдөр татварын хувьд тэд эдэн төгрөг орууллаа гээд хүмүүс та бүхэнд тоо хэлж ярьж өгч байгаа байх. Манай “Бидний цөөхөн монголчууд” төсөл сүүлийн гурван сар гаруйн хугацаанд Өмнөговь аймагт ажиллалаа. Үнэхээр том аймаг, зөвхөн Гурвантэс сум л гэхэд Сэлэнгэ аймгаас том. Ийм том аймагт ажиллахад цаг хугацаа ч орлоо. Тэгээд явж байхад хариуцлагатай уул уурхай тэнд хэрхэн төлөвшиж байгааг хараад үнэхээр бахархсан. Уламжлалт мал ахуй болон  шинэ хандлагын шинэ менежменттэй хариуцлагатай уул уурхай өөр хоорондоо зохицож байгааг харахад баярлууштай байсан. Уул уурхайг мухар сохроор эсэргүүцэж болохгүй юм байна, харин ч уул уурхай орон нутагт хөгжил авчирна гэдгийг нутгийн иргэд ойлгодог болсон.

Нэг хэсэг том уурхай ажиллаж эхлэхэд хөдөөгийн малчин айлууд гэртээ хоёр гурван компьютертэй ч болсон, тансаглаж байдаг гэх яриа сонсогдож байлаа. Дараа нь уурхайн ажил түр зогсолтонд орсон. Тэр үеэр ойлгосон шиг байгаа юм. Одоо Өмнөговьчууд өөрсдөө энэ том төслүүд,уул уурхайнууд битгий хаагдчихаасай гэж ярьж суудаг болсон.

-Масс бол масс. Гэхдээ Оюутолгойн төслийг зогсоосой гэж чөлөөт зах зээл, хувь хүний өмчийг дээдлэх ёстой АН-ынхан ингэж хүсээд байгаа юм биш үү?

-Би нэг жишээ хэлье. Ханбогдод нэг тавилгын үйлдвэр байна. Хашаа нь гэж бараг Дүнжингарав шиг том. Тэрний эзэн залуу долоон жилийн өмнө Завхан аймгаас ганц гар хөрөө, ганц гар харуултай Өмнөговьд ирээд орох орон байхгүй, ажиллаж байсан барилга дээрээ хоноод явж байсан залуу өнөөдөр модны үйлдвэрийн эзэн болчихсон сууж байна. Энэ бол том төслийн л үр өгөөж. Нутгийн бүсгүйтэй гэрлээд, дөрвөн хүүхэдтэй болчихсон, хэдэн арван залуусыг ажлаар хангаад, нөгөө Нямдоржийн шуугиулаад байдаг сайхан машин гэрийнх нь гадаа байж л байна. Бас нэг сайхан жишээ бий.

-За?

-Арван жилийн сургуулийн захирал хийж байгаад тэтгэвэртээ гараад юу хийхээ мэдэхгүй хэсэг байж байгаад ээжийнхээ оёдлын машиныг пингээс оруулж ирээд юм оёж эхэлсэн. Эхэн үедээ хантааз, туг далбаа мэтхэн оёж байсан бол өнөөдөр 60 гаруй оёдлын машинтай, 200 гаруй ажилтантай том үйлдвэрийн эзэн болчихсон сууж байна, тэр эгч. Гашуусухайтын боомтоор фургон машинаар хүн, гахай зөөж байсан залуу Оюутолгой төсөл эхлэхэд анхны жолоочоор орсон байгаа юм. Өнөөдөр 60 гаруй автобустай, 300 гаруй ажилтантай, тээврийн компанийн захирал хийж байна. Энэ бүхэн бол зүгээр л миний харсан жишээнүүд. Бид том том тоо ярихгүйгээр зүгээр очоод энгийн нүдээр харахад л ийм байна. Цаана нь ийм өчнөөн олон жишээ бий.

-Та энэ талаар жиргэсэн байсан л даа?

Хэзээ байтлаа аймгуудын эмч нарын орон сууц гэж байлаа? Өнөөдөр Ханбогд төдийгүй бусад сумдаар яваад үзээрэй. Эмч нар байр орон сууцтай байгаа. Энэ төслийн л үр дүн шүү дээ. Дэлхийн хэмжээний менежментийг аваад, том хариуцлагыг тээгээд орж байгаа компаниуд юмыг ондоогоор хардаг юм байна л даа. Магадгүй гэрээнд тусгагдаагүй дам үр ашгийг өнөөдөр нүүр бардам харуулж чадаж байна.  14 мянган хүн үдийн хоолонд орж байгааг би харж л байсан. Нэг хүний найм, найман бууз өгөхөд таарч л байсан. 14 мянгыг 8-аар үржүүл дээ. Энийг хэн хийж байгаа юм? Нөгөө сумын иргэд, орон нутгийнхан хийж байгаа биз дээ? Тэгэхээр энэ бүхнийг зогсоож болохгүй.

-Ер нь Оюутолгойн гэрээг яаж байгуулбал зөв, яаж байгуулбал буруу вэ?

-Миний санаж байгаагаар манайхан Оюутолгойн ордыг ашиглах тухай яриад 50 гаруй жил болсон.Тэр байтугай Хойд Солонгосын удирдагчтай хүртэл ийм яриа ярьж л байсан гэдэг. Харин төслийг яг эхлүүлэх цаг агшин Баяр ерөнхий сайдын үед болсон. Тэр үед эдийн засаг ямар доройтолд орчихсон байсан билээ? Гадаад талдаа эд нар энэ төсөл дээрээ ямар шийдвэр гаргах нь вэ гэдэг хүлээлт хөрөнгө оруулагчдын зүгээс байсан. Бид гадаад хөрөнгө оруулалтын хууль батлаад, татварыг тэглээд, хөрөнгө оруулагчдаа хүрээд ир, бид та бүхэнд таатай нөхцөл амлана гээд далласан. Монголчуудын нэг зан байдаг, за гэвэл ёогүй гэдэг. Ямар ч хүнд үед ямар ч нөхцөлөөр тохирч болдог, юу ч болж байсан хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн өвгөдийн хатуу сургаал байдаг. Гэтэл одоо энэ бүхэн алдагдаад байх шиг. Нөхцөл байдал өөр болоод ирэнгүүт, нөгөө талын мөнгө их амлагдаад ирэнгүүт рекетлэх маягтай болчихсон. Оюу толгойн мөнгө гэдэг зүгээр нэг хүний мөнгө биш, дэлхий даяар тархан амьдарч байгаа олон олон сая хүний биржээр дамжин орж ирж байгаа мөнгө. Энэ чинь дэлхийн мөнгө байхгүй юу. Дэлхийн мөнгө чинь өөрийн гэсэн хамгаалалт, зохицуулалттай. Олон хүн ийшээ мөнгөө хийсэн учраас энэ мөнгөндөө санаа зовдог юм байгаа биз дээ? Хэн нэгэн ийшээ дайраад эхэлбэл хамгаалдаг юм байгаа биз дээ? Магадгүй энэ хөрөнгө оруулалтаар дамжин Монгол улсын тусгаар тогтнол бат бөх болж байгаа байхгүй юу. Дэлхийн хүн төрөлхтөн Монголын талд зогсдог юм байгаа биз дээ? Энэ чинь тусгаар тогтнол шүү дээ.

-Тусгаар тогтнол Оюутолгойтой ямар хамааралтай гэж. Гэхдээ Э.Бат-Үүл та хоёроос өөр АН-аас ингэж ярьж байгаа нь алга л даа. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН ардчилалыг автороо болгож ирээгүй гэж үү?

-Юм толгойноосоо эхтэй байдаг. Дээрээ учраа олохгүй бол доороо хөлөө олохгүй гэж үг бий. Юм болохгүй бүтэхгүй бол бах нь ханаж байдаг ажилгүй хэсэг хүмүүс байх шиг байна. Ажилтай төрөлтэй улс тэгэх зав байхгүй. Нарантуул дээр очоод хараарай.

-Юуг нь харах гэж?

Өдөржин наймаа хийж байгаа улс хэдэн бараагаа ахиухан зарах тухайд л санаа зовох болохоос энэ сэдвээр цэц булаалдаад ярихгүй. Хөдөө малчид дээр оч. Ямаа самнаж байна, мал төллөж байна. Ийм сэдвээр буу халаад суух завгүй л байгаа шүү дээ. Ажилтай монгол завгүй байгаа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж