Сурагчдад Д витамины албадан туршилт хийж, хохироосон гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Сурагчдад Д витамины албадан туршилт хийж, хохироосон гэв

Сурагчдад Д витамины албадан туршилт хийж, хохироосон гэв

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2018.04.24/ мэдээлэл хийлээ. Хуралд тус зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар болон эцэг, эхчүүдийн төлөөлөл  оролцлоо. Мэдээллийн эхэнд тэд  олон улсад зөвшөөрөгдөөгүй хүүхдийн вакцины туршилтыг Монгол Улсад явуулж байна гэв.

Зөвхөн эрүүл 8214 сурагчийг сонгон авсан

Б.Алтанжолоо “ Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн 8214 бага насны хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж эмийн туршилт хийж буй талаар эцэг, эх, багш, эмч нараас ирсэн гомдол мэдээллийн дагуу уг үйл ажиллагааг судалж үзлээ. Гэтэл бидний  олж мэдсэнээр   хүүхдүүдэд эмийн туршилт судалгаа хийх  зөвшөөрлийг  Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ зөвшөөрлийг  олгож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/  хамтран зохион байгуулж ажилласан болох нь тогтоогдсон. 2015 оны  дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/110 тоот тушаалын дагуу байгуулагдсан Монгол хүүхдэд Д амин дэм  ба  квантинферон тодорхойлох  төслийн зохицуулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.  Уг баримтад тулгуурлан ЭМЯ, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд /ХНХЯ/  ‘Бага насны хүүхдийг туршилтад оруулж буй бусармаг явдлаа таслан зогсоогооч. Энэ талаар тайлбар  ирүүлээч” гэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн.  Гэвч ХНХЯ-аас бусад яам хариу өгөөгүй үл тоомсорлосон байдалтай байна.

Салбар яамд хамтран 2015-2016  оны хичээлийн  жилээс Улаанбаатар хотын “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төслийг хэрэгжүүлж  эхэлсэн. Энэхүү төсөлд  нийслэлийн зургаан дүүргийн 15 ерөнхий боловсролын сургуулийн  зөвхөн эрүүл 8214 сурагчийг сонгон авсан байгаа юм. Сургуулиудыг бүсчлээд авч үзвэл  ихэнх нь гэр хорооллын сургуулиуд хүүхдүүдийн хувьд ихэвчлэн 1-5 ангийн хүүхдүүд байна. Уг нь сүрьеэгийн өвчтэй хүүхдүүдийг сонгон авч эмчлэх ёстой.  Долоо хоногт нэг тун Д витаминыг хүүхдийн аманд хийж өгөөд араас нь ус уулгаж амыг нь шалгаж байна. Тэрийг нь хянагч гэж нэрлэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд хүчээр тэр эмээ уулгадаг.

Гэвч өнгөрсөн оноос эхэлж уг  төсөлд хамрагдсан хүүхдийн биед тодорхой  хэмжээний өөрчлөлт гарч, сөрөг үр дагавар бий болж эхэлсэн. Тиймээс манай холбооны зүгээс Монгол хүний удмын санг устгах зорилготой хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн  биологийн туршилт гэж үзэж байна. Эрүүл мэнд нь хохирсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд бидэнтэй холбогдооч,  хохирсон байх юм бол эрүүл мэндийн   хохирлын хэмжээг тодруулъя. Цаашдаа хүүхдүүдээ  хамтдаа  нөхөн сэргээе” гэв.

Туршилтад орохоосоо өмнө дүү маань цоо эрүүл байсан

Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар “Би нэг талаараа Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, нөгөө талаасаа  хохирсон хүүхдийн эцэг, эхийг төлөөлж ирсэн. Манай эгчийн хүүхэд 2016 онд  “Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д  амин дэмийн нөлөө” төсөлд хамрагдсан.  Гэтэл дүүд маань бие, эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлт гарсан. Баруун талынх нь уушги хатгаж өвддөг болсон. Биеийн тамирынхаа хичээлдээ ч орж чадахааргүй болсон. Туршилтад орохоосоо өмнө дүү маань цоо эрүүл байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг.

Харин туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. Энэ туршилтыг долоо хоногийн пүрэв гариг бүр хийдэг. Ядарч байна уу, сульдаж байна уу гэх мэтээр дараа нь байнга тандалт хийдэг. Төслийг хэрэгжүүлэгч  “Монголын эрүүл мэндийн үүсгэл  ХХК” монголын 10 мянга гаруй хүүхдүүдэд судалгаа хийсэн гэж яригддаг. Энэ судалгаа нь сүрьеэгийн далд хэлбэрийн тархалтыг судлах судалгаа  юм .Ямар ч эцэг, эхийн  зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдэд цусны шинжилгээ хийсэн байдаг. Энэ судалгаагаар эрүүл гарсан хүүхдүүдийн эцэг  эхчүүдтэй  тусгайлан уулзаад, хүүхдэд үнэгүй эмчилгээ хийнэ, ямар ч сөрөг нөлөөгүй  хэмээн зөвшөөрлийг нь  авсан. Д амин дэм гадуур тараагдсаны дараа хяналтын бэлдмэл гэдэг зүйл бас  гарч ирсэн. Хяналтын бэлдмэл нь ямар учиртай юм гэдэг нь бас тодорхойгүй. Д  амин дэм үнэхээр амин дэм  мөн юм уу?  Сүрьеэгээс урьдчилан сэргийлье гэдэг нэрийн доор сүрьеэгийн шинэ төрлийн вирус байх өндөр  магадлалтай. Хяналтын бэлдмэл гэдэг зүйл нь  хорны эсрэг ерөндөг гэдэг байдлаар хамт  орж ирсэн гэж бид хардаж байна. Бид хурлын дараа Монгол Улсын Ерөнхий сайдад албан хүсэлт хүргүүлнэ’ гэв

“Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төсөлд хамрагдсан сургуулиуд:

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургууль
  • Чингэлтэй дүүргийн 49,72,37,57, дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34,60 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 21, 92  дугаар сургууль болон Шавь цогцолбор
  • Сонгинохайрхан дүүргийн 65,12,107 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүргийн 4,16 дугаар сургууль.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж