Бүх ард иргэдээр Их цааз төслийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Бүх ард иргэдээр Их цааз төслийг хэлэлцүүлнэ

Бүх ард иргэдээр Их цааз төслийг хэлэлцүүлнэ

“Их цааз” төсөл боловсруулсан талаар “Гал үндэстан” холбоо, “Босоо хөх Монгол”, “Шинэ аравт”, “Март 8 эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын төлөөлөл өнөөдөр /2018.04.24/ мэдээлэл өглөө. Энэхүү төсөлд байгаль орчин, үндэсний үзэл, газар шорооны төлөө тэмцдэг 12 хөдөлгөөн нэгдэж, Монгол Улсыг өөрчлөх Их цааз төслийг боловсруулсан талаар мэдээлэл өглөө. 

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болж байгаа ч төр улсынхаа язгуур шинж чанарыг сэргээлгүй явсан нь энэ бүх алдааны эхлэл гэж тэд хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

“Бид тунгааж боддог, гурван цагийн эргэлтээ санаж сэрдэг байх хэрэгтэй. Монгол хүн бүр нам гэж талцахгүй Их цааз хуулийн төсөл дээр нэгдэж санал бодлоо уралдуулах ёстой. Ингэж Монгол Улс хөгжинө” гэж Гал үндэсний холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр хэллээ.

‘Хамгийн гол шийдэх асуудал бол сонгуулиа яаж явуулах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай байх уу? Хэрвээ парламентын засаглалтай бол яаж сонгуулах вэ?. Монгол Улс түүхэндээ 2000 жилийн хугацаанд буюу Хүннү болон Их Монгол улсын үед авч хэрэгжүүлсэн аравт, зуутын зохион байгуулалтыг хийхээр болсон’ гэдгийг тэд хэлж байв.

Их цааз хуулийн төслийг нэг жилийн хугацаанд эрдэмтэн, мэргэд болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй зөвлөлдөж боловсруулжээ. Мөн энэхүү хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг ч цаашид үргэлжлэх юм байна. Их цааз төслийг арван айл өрхөд нэг байхаар бодож хэвлэх болно гэв.

Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт Монголын бүх ард иргэдээр Их цааз төслийг хэлэлцүүлж, ойрын таван жилд багтаан нэгтгэж бодлого боловсруулагчдад өргөн барина гэсэн мэдээллийг хөдөлгөөний төлөөлөгчид хэллээ.

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг ардчилсан нийгэм нэрийн дор олон намын тогтолцоонд шилжсэн. Үүний үр дүнд ирээдүй хойчдоо ухсан газар, бургисан шороо, хордсон ширгэсэн гол горхи, дааж давашгүй өр шир, өвчилсөн нийгэм, алдагдсан тусгаар тогтнолыг үлдээхэд хүрээд байгаа аж. Иймээс нам төвтэй төрийн тогтолцоог халж, иргэн бүрт үүрэг хариуцлагыг тэгш оногдуулж, үндэсний эрх ашгийг төрийн бодлого болгон шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Их Цааз төслийг Эвлэн мандуулах хүчнээс төрт түмэндээ зарлахаа хөдөлгөөний төлөөлөл хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж