Сүлжээний бизнесээс иргэдэд 56 тэрбумын хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Сүлжээний бизнесээс иргэдэд 56 тэрбумын хохирол учирчээ

Сүлжээний бизнесээс иргэдэд 56 тэрбумын хохирол учирчээ

Сүлжээний бизнес буюу олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, энэ он гарснаар олон хүнийг хохироож, үйл ажиллагаа нь улам нарийсаж байгаа 42 сүлжээний газрыг илрүүлжээ.  Мөн 36 мянган иргэн хохирч, 56.5 тэрбум төгрөгийн хохирол үүссэн байна. Түүнчлэн сүлжээнд оролцож буй иргэдийн 75 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол  45 хувь нь 22-30 насныхан байдаг гэнэ. Мөн 10-20 хувь нь сүлжээний бизнес гэдгийг нь мэдэлгүйгээр оролцдог ажээ. Ихэнх нь сүлжээний бизнес гэдгийг мэддэг ч хялбар аргаар мөнгө олохоор сүлжээнд оролцон улмаар өөрөө хохирдог гэнэ. Хар тамхи, казино зэрэгтэй адил хууль бус үйлдэлд тооцогддог энэ төрлийн бизнес Монголд нутагшаад олон жил болж байна. Хууль бус энэ үйлдлийг хэрхэн зохицуулах нь тодорхой бус байсаар, иргэд ч олноор хохирчээ.  

Эрүүгийн хуульд тооцож, 15 хүртэлх жилээр хорих ялтай

Шууд худалдаа, сүлжээний маркетинг судлаач Д.Чимэддамба сүлжээний бизнесийн өнөөгийн байдлыг тодрууллаа.  

-Монгол Улсад олон шатлалт маркетинг ямар хэмжээнд байна вэ. Ямар үед сүлжээний бизнес цэцэглээд байна вэ?  

-ЦЕГ-аас залилангийн гэмт хэрэг дотроо олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга замаар ашиг олох, хууран мэхлэх гэмт хэргийн байдал, хуулийн хэрэгжилттэй холбоотой сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2018.424/ зохион байгуулж байна. Ийм хэлэлцүүлэг Монголын түүхэнд анх удаа болж байна. Хэлэлцүүлэг болж байгаа нь Монголд сүлжээний бизнесүүд урьд нь байгаагүйгээр цэцэглэсэнтэй холбоотой. Ийм явц түүхэндээ долоо дахь удаагаа давтагдаж байна. Хэлэлцүүлэг нь найм дахь удаагийн цэцэглэлт болохоос сэргийлж байгаа юм. Сүлжээний бизнес 2-4 жилээр давалгаалдаг. Энэ нь ажилгүйдэл, ядууралтай, эдийн засгийн хямралтай, хууль байв ч хэрэгждэггүй үе байдаг. 2008 онд долоон пирамид тогтолцоог илрүүлсэн. 2011 онд 13, 2016 онд цагдаагийн байгууллага 45 пирамид тогтолцоог илрүүлсэн байдаг. 2018 онд 42-ыг илрүүлээд байна. Үүнд зах зээлд олон жил болсон газрууд байна. “G time”-д гэхэд 43 мянган хүн хохирч, хохирлын хэмжээ 41 тэрбум төгрөг  давсан.

-Монголд сүлжээний бизнес эрхлэхийг хориглосон ч ийм үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага бий. Энэ ямар учиртай юм бол?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулж буй нэг ч байгууллагад зөвшөөрөл олгоогүй, бүртгээгүй гэдэг. Зах зээлд үйл ажиллагаа явуулж буй эдгээр байгууллага нь  хуулийг санаатайгаар зөрчиж байгаа юм. Иргэн аж ахуйн нэгжийг байгуулахдаа үйл ажиллагааны чиглэлээ гадаад юм уу, дотоод худалдаа явуулна гэж авдаг. Ингэснээр татвар төлөгч болдог.  Бараа бүтээгдэхүүнээ мэргэжлийн байгууллагын хяналт дор дүрмийн дагуу оруулж ирдэг. Ийнхүү зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй болж байгаа юм. Харин үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсад хориглосон олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны үйл ажиллагаа явуулдаг.

-Хаанаас хяналт тавьж, хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Монголд 2016 онд сүлжээний бизнест хяналт тавьдаг нэг ч байгууллага байгаагүй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс 2017 оноос сүлжээний бизнест онцгойлон анхаарсан. Санхүүгийн зохицуулах хороо эдгээр асуудлыг хариуцах ёстой юм. Гэтэл зөвхөн цагдаагийн байгууллага л анхаарал тавин ажиллаж байна. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа дутагдаж байна.  

-Сүлжээний бизнесийг олон улсад хэрхэн зохицуулдаг вэ?

-Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 8.1-д олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны замаар хууран мэхлэх, ашиг олохыг хориглосон байдаг. Гэтэл энэ хууль хэрэгжилгүй явсаар 27 жилийн нүүр үзлээ. Монгол Улсад 2017 оноос эхлэн  олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны аргаар мөнгө олохыг Эрүүгийн хуульд тооцож, 15 хүртэлх жилээр хорих ялтай болгосон. Энэ нь толгойг нь илж байгаатай адил. Олон улсад тодруулбал, Хятадад олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны аргаар мөнгө олсон тохиолдолд шууд цаазаар авдаг, ОХУ-д бүх насаар нь хорьдог.

Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэх үүрэгтэй

Иргэд сүлжээний бизнест оролцоод хохирсныхоо дараа цагдаагийнханд ханддаг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохимжтой талаар Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийгөөс тодруулахад “Цагдаагийн байгууллага иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу ажилладаг. Иргэд гомдол өгөхөөсөө гурван сарын өмнө, хамгийн багадаа нэг сарын өмнө мөнгөө луйвардуулсан байх жишээтэй. Зөрчлийн тухай хуулийн 11.6-д зааснаар Санхүүгийн бусад үйл ажиллагаа гэдэг утгаараа, харьяаллын дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь үүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Цагдаагийн байгууллага нь эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн холбогдох хэсгийг мөрддөг. Гэхдээ энэ төрлийн зөрчлийг харьяаллын дагуу Санхүүгийн зохицуулах хороо  шийдвэрлэх ёстой” гэлээ.    

өөрөө хохироод зогсохгүй хэрэгтэн, хамсаатан болох эрсдэлтэй

Харин тус хорооноос ямар арга хэмжээ авдаг талаар Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзоригоос тодрууллаа.

-Танай байгууллага сүлжээний бизнес эрхэлж буй байгууллагад хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Бизнес үү, луйвар, залилан уу гэдгийг иргэд ялгах хэрэгтэй. Ялгахад их амар. Богино хугацаанд, маш өндөр ашигтай ажиллах арга санал болгож байвал энэ нь луйвар, залилан. Бизнес бол үүнээс  өөр. Хөдөлмөр, цаг хугацаа шаардана. Сүлжээ, пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгодоггүй. Энэ нь хуулиар хорьсон үйл ажиллагаа, гэмт хэрэг. Санхүүгийн зохицуулах хороо нь гэмт хэрэг шалгадаггүй. Зохицуулалттай байгууллагад хяналт тавьдаг байгууллага. Манайд зохицуулалттай байгууллага ийм үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагааг нь шууд  зогсооно. Мөн зөвшөөрөлгүйгээр хувьцаа, бонд гаргаад хөрөнгө татаад байвал хуулийн дагуу арга хэмжээ авна. Бизнесийн аргыг ашиглан, бусдын итгэл үнэмшил дээр тулгуурлан богино хугацаанд  их мөнгө олох боломжтой гэж байвал энэ нь гэмт хэрэг. Пирамид тогтолцоонд оролцсоноор өөрөө хохироод зогсохгүй хэрэгтэн, хамсаатан болох эрсдэлтэй. Мөнгө хэзээ ч амар аргаар олддоггүй.

-Цагдаагийн байгууллага хэрэг гарсны дараа, иргэдийн өргөдөл гомдлын дагуу энэ төрлийн гэмт хэрэг дээр ажилладаг гэж байна. Мөн сүлжээний 40 гаруй байгууллага илрүүлсэн байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих ёстой гэсэн. Гэтэл танайх хуулийн байгууллага биш гэх юм. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Иргэд бизнес үү, залилан уу гэдгийг л ялгах хэрэгтэй. Олон шатлалт пирамид буюу санхүүгийн луйвар явуулахыг Монгол Улсад хориглодог. Монгол Улсад  хар тамхи, мансууруулах бодис тариалах, үйлдвэрлэх, казиногийн үйл ажиллагаа явуулах, садар самууныг сурталчлах, олон шатлалт пирамид буюу санхүүгийн луйвар явуулах зэрэг дөрвөн үйл ажиллагааг хориглодог.  Монголд ийм төрлийн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд хориг тавьсан байдаг. Энэ нь л хамгийн том зохицуулалт. Хориглосон үйл ажиллагааг зохицуулна гэж байдаггүй. Ийм үйл ажиллагаа явуулсан бол дариу илрүүлж, хуулийн хариуцлага тооцох ёстой. Хар тамхи хэрэглэсэн, садар самуун үйлдэл хийсэн хүнийг хорьдог. Үүнтэй адил олон шатлалт пирамидын үйл ажиллагаа явуулсан хүнийг шийтгэх ёстой. Энэ төрлийн бизнес эрхэлсэн бол орлогыг нь хураах хуулийн зохицуулалттай, үйл ажиллагааг нь илрүүлэхээр бүхэл бүтэн тогтолцоо ажилладаг. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь манай байгууллагын зохицуулалтад байдаггүй.

Сүлжээний бизнес буюу олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар нэмэгдэж байгаа энэ үед асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гарц шийдэл нь тодорхой бус байна. Тиймээс иргэд бид өөрсдийгөө хамгаалах нь л чухал аж. Мэргэжилтний хэлснээр богино хугацаанд их мөнгө олно гэсэн бусдын саналаас татгалзсанаар бусдад залилуулж, эд хөрөнгөөрөө хохирохоос хамгаалах юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж