Морьдыг эрлийз, Монголоор нь ялгахгүй уралдуулах төслийг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Морьдыг эрлийз, Монголоор нь ялгахгүй уралдуулах төслийг дэмжихгүй гэв

Морьдыг эрлийз, Монголоор нь ялгахгүй уралдуулах төслийг дэмжихгүй гэв

Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.04.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун санаачлан боловсруулсан аж.

Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөний гишүүн Д.Батчулуун “Дээрх хуулийн төсөлд “хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалт нь адууг эрлийз, Монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр намаар нь ялгах санаа агуулсан байна. Энэ нь чухамдаа бүх адууг ялгалгүй уралдуулъя гэсэнтэй санаа нэг.

Одоо эрлийз морьдын сэрвээ өндөр байсан цаг үе өнгөрч үржүүлэг хийж байгаа уяачид одооны стандартад нийцүүлсэн адууг гарган авдаг болсон тул уяачдын яриагаар 50 хувьтай, 25 хувьтай эрлийз адуу монгол морьдтой хамт уралдах боломжтой болж байгаа учраас энэхүү заалтыг дэмжих боломжгүй.

Үүний оронд хурдан морины уралдааныг эрлийз, Монголоор нь ялгахын тулд генетикийн түвшинд нь ялгах хэрэгтэй. Энэ нь бүрэн боломжтой. Эрдэмтэд адууг генетикийн түвшинд эрлийз, монголоор нь ялгах бүрэн боломжтой гэж хэлж байгаа.

Хоёрдугаарт, төсөл санаачлагчид азарга, их насны морь дээр соёолон насны морийг дээд насанд нэмж оруулахаар төсөлд тусгасан байна. Монголчуудын олон зуун жилийн зан заншил соёлын нэгэн үнэт зүйл энэ заалтаас болж, устгагдана.

Азарга их насны уралдаанд 12-15 настай морь уралддаг бол соёолонд нэг жилийн чацуу төл уралддаг зүй тогтолтой нарийн зүйлс байдаг. Дээрх өөрчлөлт орвол өнөөдөр байгаа алдарт, манлай, тод манлай цолтнуудын тоог нэмэхээс өөр ид шид үгүй.

Улсын их баяр наадамд азарга, их насны морьдыг түрүүлгэж, айрагдуулах нь асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил болдог.  Үүн дээр соёолон насны морины уралдааны амжилтыг нэмчих юм бол одоо байгаа 300 гаруй улсын цолтнуудын тоо 1000 –д хүрнэ. Тиймээс дэмжих боломжгүй байна” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж