Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос /МШХХ/ өнөөдөр /2018.04.24/ хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд хуурам шатахуун Монголын зах зээл дээр худалдаалагдаад чамгүй удаан хугацаа өнгөрсөн байна. Бид нийт жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс ийн мэдээлэл хийж байна гэв.
МШХХ-ын тэргүүн О.Бямбадэлгэр “Монгол Улсад нефтийн туслах бүтээгдэхүүн импортолдог 14 компани байна. Монгол Улсын хилээр 2016-2017 онд нийтдээ 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн оруулж ирсэн. Энэ бол их тоо. Хуурамч ийм бүтээгдэхүүнийг хооронд нь хольж, нэрээд Монгол Улсын өнцөг булан бүрт зарж борлуулан ашиг олж байна.
Энэ асуудлыг бид хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагад хандаж, хэлж ирсэн. Хуурамч нефтийн туслах бүтээгдэхүүнийг яаж хийж байна вэ гэхээр 70 хувь нь керосин, нафта гэх бодис холиод үлдсэн 30 хувь нь дизель түлш холиод зарж байна.
Үндэстэн дамнасан корпораци Монголын улс төрийн бүлэглэлтэй нэгдэж ард түмнийг мөлжиж байна. Би яагаад үндэстэн дамнасан корпораци гэж хэлсэн бэ гэхээр Баганхангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 286 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирсэн. Хэрэвзээ гаалийн татвар төлдөг байсан бол нэг вагон тутмаас 12 сая төгрөгийн татвар ногдуулна. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг тэглэснээс болоод бид энэ их мөнгийг алдчихсан байна. Би дээр хэлсэнчлэн 2016-2017 онд 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирэхэд эдгээрээс татвар авсан бол бид 60 тэрбум төгрөгийн татвар улсдаа төлүүлэх боломжтой байсан. Улсад нэг ч төгрөгийн татвар төлөгдөөгүй. Яагаад гэвэл улстөрчдийн өөрсдийнх нь бизнес учраас тэр.
Багахангай дүүрэгт байдаг ‘Трафигура’ гэх компани хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн 36 оронд салбартай. Нефтийн химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй компани. Хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүнийг яг баттай зарж байгаа газар бол Багахангайд байна. ‘Трафигура’ компани Монгол Улсад бүр монополь болчихсон. Энэ компани хуурамч шатахууныг дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэрийг нь бид бүхэн хэрэглэж байна. Энэ асуудлыг хэн шийдэх юм бэ? Яагаад Сангийн сайд нь энэ асуудлыг дээш нь тавиад компаниудаас татвар авч болдоггүй юм бэ? Уг нь Монгол Улс нефтийн ордтой, нефтийн нөөцтэй гэвч бүх нөөц Хятад улс руу гарч байна. Эргээд бидэнд юу ирж байна вэ.
Дизель түлшийн найрлага зэргийг шалгуулъя гэхээр улсын хэмжээнд шалгадаг үйлдвэр лаборатори алга. Өчигдөр бид нар Химийн хүрээлэн дээр очиж үзэхэд улсын ганц байгууллагынх нь итгэмжлэгдсэн лаборатори одоо болтол зөвшөөрлөө аваагүй байна. Энэ асуудлыг бид өөрсдийнхөө хэмжээнд судлаад ОХУ-руу дээжүүд өгч явуулсан. Манай холбооны зүгээс энэ асуудалтай хатуу ярина. Цаашдаа тэмцэнэ. У.Хүрэлсүх сайдын яриад байгаа нефтийн үйлдвэрийг барьтал нь бид тэмцэнэ. Өнөөдөр бид нефтийн үйлдвэр бариулахгүй л бол энэ асуудал зогсохгүй. Үндэстэн дамнасан корпорациуд хэдий болтол биднийг дээрэлхэх вэ? Улс төрийн бүлэглэлүүд хэдий болтол бид нарыг мөлжих юм” гэв.