А.Ундраа: Нөхөөс шиг ажил хийж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

А.Ундраа: Нөхөөс шиг ажил хийж болохгүй

А.Ундраа: Нөхөөс шиг ажил хийж болохгүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч Байнгын хорооноос дэмжлэг авсангүй. 

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар санаачилсан байна. Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлт нь сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, сум, дүүргийн Засаг дарга томилдог байх. Дүүргийн боловсролын хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Нийслэлийн боловсролын газрын даргын саналыг харгалзан томилдог байх гэсэн зохицуулалтыг тусгажээ.  

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр “боловсролын салбарын нэгдмэл байдлыг алдагдуулах эрсдэлтэй хууль байна. Боловсрол гэдэг том асуудлыг ярьж байж холбогдох яамнаас санал аваагүй, зөвхөн томилгооны сэдвийг тусгасан, нөхөөс тавьж байгаа мэт ажил хиймээргүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Энэ салбарт тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Тун удахгүй боловсролын багц хууль орж ирнэ. Миний санал бол хөдөө орон нутагт хуулийн үйлчлэлийг өөр өөр байдлаар зохицуулж өгөхгүй бол тогтолцооны гажуудал үүсээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Гишүүн өөрт оногдсон бүрэн эрхийн хүрээнд боловсролын салбарт тулгамдсан асуудлыг зохицуулах хууль санаачилж байгаа нь сайшаалтай. Хуулийн төслийг дэмжиж байна. Ард иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол сургууль, цэцэрлэгийн удирдлага байдаг. Тэднийг томилох асуудал нийслэлийн Засаг даргын хэмжээнд яригдаад, сайн ч, муу ч ажилласан солигдоггүй, улстөржсөн хүмүүс сургууль удирдаад байна. Сургууль бол боловсролын байгууллага болохоос улс төрийн байгууллага биш. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн удирдлагыг сонгон шалгаруулах нь зөв. Дээр нь нэмээд лаборатори сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах нь зөв гэж үзэж байна. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж