
Хошин урлагийн “Маск” продакшны “Инээхэд зиндаа үгүй” нэртэй хошин шоу тоглолт өчигдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ. Монголын “Рашаантын 18” уран сайхны кинонд гардагчлан “Танайх гэр хороололд амьдардаг, манайх Далан давхарт амьдардаг. Танайх нүүрс түлдэг, манайх “пабришк” түлдэг” гэх “оргил” хэсгээс санаа авч, шоу тоглолтынхоо рекламыг тун ч давгүй хийсэн “Маск”-ийн шинэ бүтээл МҮЭСТО-нд өдөр бүр 19.00 цагаас тоглох юм. Тасалбарын үнийн тухайд 8000 төгрөг. Нээлтийн тоглолтдоо танхим дүүрэн үзэгч цуглуулсан “Маск”-ийн залуусын “Инээхэд зиндаа үгүй” шоу тоглолтын өнөөдрийн тасалбар хэдийнэ зарагдаад дууссан гэж байгааг бодоход зуны турш хошин урлагийн тоглолтоор цангасан нийслэлчүүд тэдний тоглолтыг хоног тоолон хүлээсэн бололтой.
Дашрамд дуулгахад, хошин урлагийн салбарын “акулууд”-ын нэг “Шинэ үе” продакшн мөн намрын бэлгээ задалж, өчигдрөөс СТӨ-нд “Гайхалтай юм болжээ” тоглолтоо тоглож эхлээд байна.
Т.Маша