Зөв, PC тоглоомын газруудыг хаа

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Зөв, PC тоглоомын газруудыг хаа

Зөв, PC тоглоомын газруудыг хаа

Хотын даргын шийдвэрээр PC тоглоомын газруудыг хаах боллоо. Оройтсон ч гэсэн зөв шийдвэр. Одоо энэ шийдвэрийг дэмжиж ажиллах нь чухал байна.

Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлтэй 130 гаруй PC тоглоомын газрууд ажилладаг гэх статистик мэдээлэл бий. Зөвшөөрөлгүйгээр хэчнээн ч цахим тоглоомын газар ажилладгыг хэлэхэд бэрх. Нийтийн эзэмшлийн орон сууцны орц хонгил, гэр хорооллын шавар тагзанд үйл ажиллагаа эрхлэх нь олон. Агааргүй орчинд хүүхдүүд хэдэн цагаар тасралтгүй PC тоглож, гэртээ харилгүй шөнийг өнгөрөөж байхад эзэнд ашиг олох нь чухал болохоос эрүүл мэндэд нь санаа зовнидоггүй. Тоглуулж байгаа тоглоом нь ч авах юмгүй, аллага, хүчирхийлэл. Ийм зүйлээр тоглож байгаа хүүхдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна гэж хэлэх нь дэндүү өрөөсгөл юм.

Эмч мэргэжилтнүүд цахим тоглоомонд донтсон хүүхдийн зан авир эвдэрч хэрцгий догшин болдог тухай анхааруулж, эцэг эхчүүдийг энэ төрлийн тоглоомоос хүүхдээ хол байлгахыг зөвлөдөг ч тоглох газрыг нь цэгцлээгүй цагт хорих боломж хомс.

Харин ч хорих тусам эцэг, эхдээ гоморхож, эцэс сүүлдээ гэр орноосоо дайждаг. Цагдаагийн байгууллагад хүүхэд нь гэртээ ирэхээ больсон дуудлагын дийлэнх нь цахим тоглоомонд донтсоноос үүдэлтэй байдаг аж. Жишээ татвал, цагдаагийн байгууллагад “Манай хүү гэрээсээ гараад алга болчихлоо. Сүүлийн үед дандаа PC тоглоом тоглодог болчихсон. Сүүлдээ бүр ном дэвтрээ зараад эхэллээ. Бид зогсоох гээд уурлахаар уйлж загнаад утсаа хаагаад алга болдог болчихлоо. Миний хүү амиа хорлочих юм биш биз дээ”.

“Хүү маань 12-р анги. PC тоглоомонд донтчихсон. Нөхөр бид хоёр болиулах гээд үнэндээ хүчрэхгүй байна. Аав нь суран бүсээрээ ороолготол уурлаад тэр чигээрээ утсаа хаагаад алга болчихсон. Одоо бид яах вэ” гэх гомдлууд ирсэн байх юм.

Цагдаагийнхан хүүг нь цахим тоглоомын газраас олоод өгдөг ч дахиад л очдог. Эцэс сүүлд нь сэтгэцийн өвчтэй болж, эмчлүүлэх шаардлагатай болдог.

Эмч мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар цахим тоглоомонд донтсон хүүхэд сульдаанд орж, нүүр ам нь таталт өгч, зан төрхийн өөрчлөлтөд ордог. Хамгийн аймшигтай нь энэ төрлийн өвчин эдгэх нь ховор. Тиймээс  хүүхдээ цахим тоглоомоос хамгаалах нь эцэг, эхчүүдийн ч үүрэг болж буй юм.

Гол нь хотоос цахим тоглоомын газрыг хаах арга хэмжээг авахдаа зөрүүлээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг олноор байгуулах шаардлага байна. Жишээлбэл, цахим тоглоомын газар ажиллуулж байсан газрын эздэд зээл өгч, сагс, гар бөмбөг тоглох талбайтай болоход нь дэмжлэг үзүүлж болох.

Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байгаа бүх хүүхэд сургуулийнхаа спорт зааланд тоглох боломж ховор. Зөвхөн биеийн тамирын хичээлтэй өдөр л сонирхсон спортоороо өрсөлдөх боломжтой. Гэхдээ тэр бүр хүссэн цагаараа тоглох боломжгүй.

Харин гэрийнх нь ойролцоо сагс, волейбол тоглох талбай байвал төлбөрөө төлөөд тоглоход ч бэлэн.

Дугуй унах талбайг гаргаад өгвөл түүн рүү хошуурах хүүхэд залуус ч олон. Энэ мэтчлэнгээр ажил санаачилбал эцэг, эхчүүд ч гар өргөн дэмжих нь лавтай.

Өнөөдөр дэлхий дахинд гарч байгаа цочирдмоор хэргүүд дунд цахим тоглоомонд донтсоноос болж, амь насаа алдах, гэмт хэрэгт холбогдох тохиолдол бишгүйдээ л гарч байна. Тухайлбал 2005 онд нэгэн эр StarCraft тоглоомоор хоёр хоногийн турш тасралтгүй тоглосны дараа амиа алдсан бол 2010 онд нэгэн гэр бүлийн хос тоглоомонд донтсоны улмаас 3 сартай хүүхдээ хооллолгүй удааж, үхэлд хүргэж байжээ.

Харин Монголд өнгөрсөн өвөл цахим тоглоомын газарт биенийхээ аминд хүрсэн хэрэг үйлдэгдэж байв.

Тиймээс гэмт хэргийн үүр уурхай ч болох эрсдэлтэй цахим тоглоомын газруудыг хаах нь хойшид гарах олон сөрөг үр дагавраас сэргийлнэ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж