Монголын цаначид Буриадаас зургаан медальтай ирэв | News.MN

Монголын цаначид Буриадаас зургаан медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Монголын цаначид Буриадаас зургаан медальтай ирэв

Монголын цаначид Буриадаас зургаан медальтай ирэв

ОХУ-ын Буриад улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘Максимаха’ олон улсын марафон уралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Байгаль нуурын мөсөн дээр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон Монголын цаначид марафон уралдаанд зургаан медаль хүртэж, спринт уралдаанд шагналт 5-р байрт шалгарсан амжилттайгаар эх орондоо ирлээ. 

“Максимаха 2018” цанын олон улсын марафон уралдаанд Монгол Улсаас 31 тамирчин 7 дасгалжуулагч албаны гээд нийт 53 хүн Буриадыг зорьсон. Тэмцээний эхний өдөр спринт зайд өсвөр насны ангилалд 1.5 км-ийн зайд Б.Өсөхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн спринт зайд ОУХМ А.Энхтуул шагналт 5-р байрт шалгарсан юм. Энэ тэмцээнд цанын үндэсний шигшээ багаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ С.Дүүрэнбаяр, спортын мастер Э.Ариунзул, ОУХМ А.Энхтуул нараас гадна цанын спортын шилдгүүд нас насны ангилалд хурд хүчээ сорин уралдлаа. 

Тэмцээний хоёр дахь өдөр тамирчин хүнээс хамгийн хүнд хэцүү тэсвэр тэвчээр шаардаж ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлдэг марафон уралдаан 50, 30, 20, 10 км-ийн зайд явагдсан. Цанын олон улсын марафон уралдаанд Герман, Тайланд, ОХУ-ын Буриад улс, Монгол, ОХУ-ын Чита, Красноярск, Ирктутск, Улаан-Үд, Эрхүү зэрэг муж хотуудаас 300 гаруй тамирчин өрсөлдсөн. Энэ өдөр марафон уралдааны эмэгтэйчүүдийн 30 км-ийн зайд ОУХМ Э.Ариунтунгалаг алтан медаль, спортын мастер Э.Ариунзул мөнгөн медаль, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан спортын мастер А.Билгүүн алтан медаль, марафон уралдааны 20 км-ийн зайд уралдсан спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн.

Ингэснээр энэ удаагийн тэмцээнээс Монголын цаначид 6 медаль, шагналт 5-р байр нэг тамирчин хүртсэн амжилттай оролцлоо.

“Максимаха 2018” цанын марафон уралдаан энэ жилийн хувьд олон улсын тамирчдыг хамруулсан харилцан туршлага солилцсон өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө. Манай улсаас энэ тэмцээнд 2015 оноос оролцож эхэлсэн.

Энэ жилийн тэмцээнд Төв, Орхон, Булган, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгаас гадна нийслэлийн цаначид Байгаль нуурыг зорин очиж цанын олон улсын марафон уралдаанд хурд хүч, бэлтгэл сургуулилтаа сорин өрсөлдлөө.

“Максимаха” цанын олон улсын марафон уралдаан 10 гаруй жилийн түүхтэй. Байгаль нуур руу түрэн тогтсон “Максимаха” уулын нэрээр энэхүү цанын уралдааныг нэрлэн ОХУ-ын Буриад улсаас зохион байгуулж жил бүр олон тамирчдыг хамруулан өргөн хүрээтэй зохион байгуулдаг юм.

“Максимаха” цанын олон улсын марафон уралдаан Байгал нуурын мөсөн дээр явагддагаараа онцлогтой.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шийриймаа 2018-04-24 112.72.11.104

Сайхан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж