Консерваторын сургалтын төлбөр 6 сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Консерваторын сургалтын төлбөр 6 сая төгрөг

Консерваторын сургалтын төлбөр 6 сая төгрөг

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Консерваторын үйл ажиллагаатай танилцсан талаарх тайлангаа Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Консерватор энэ оны хичээлийн жилд үндсэн 12 мэргэжлийн танхимд 1-9 дүгээр ангид 229, 10-12 дугаар ангид 242 сурагч, баклаврт 544 оюутан, нийт 1029 оюутан, сурагч төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, үлээвэр цохиур, дуулаачийн мэргэжлээр суралцаж байгаа аж. 

Цаашид Монгол Улсын Консерватор хөгжмийн дээд боловсролын байгууллагыг бага, дунд, мэргэжлийн дээд боловсрол олгодог, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хэв шинжтэй болгох зорилгоор  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Консерватор гэдэг нь олон улсад хөгжмийн их сургууль гэж үздэг бөгөөд докторын сургалт явуулах эрхтэй байдаг. Харин манайд ийм боломж бүрдээгүй байна. Цаашид Монгол Улсын Консерваторын сургалтын хувьсах зардал, урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлэх, хөгжмийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцдаг болгох шаардлагатай байна. Нэг оюутанд ойролцоогоор нэг жилийн 6 сая төгрөгийн төлбөр ногдох буюу нэг кредит 199 мянга 930 төгрөг байх тооцоо байна. Урлагийн ажилтны цалин хөлс бага боловч сэтгэл зүрхээрээ урлагийг хөгжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд гар бие оролцон ажилладаг зэргийг харгалцан Консерваторын боловсрол эзэмшүүлэх зардлыг төр хариуцах асуудлыг судлах саналтай байна. Мөн сургалтын орчин, хөгжим, зэмсэг, номын сан зэргийн хүрэлцээ хангамжийг төр хариуцдаг байх шаардлагатай байна” гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн дээрх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал гаргаж, дэмжигдсэн юм. 

Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал бол “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Энэ нь “Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг Засгийн газрын тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан технологийн төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн юм.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж