Тоглолтын өмнө: Ливерпүүл-Рома

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Ливерпүүл-Рома

Тоглолтын өмнө: Ливерпүүл-Рома

Хоёр баг аваргуудын лигт 3 дахь удаагаа тоглох гэж байна. Анх 1983-1984 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарч тоглоход үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцэн пеналтын цохилтоор Ливерпүүл клуб 4-2 харьцаатай хожиж 4 дэх “дэлдэн чихт” цомыг хүртэж байсан. Хожмоо XXI зуун гараад 2001-2002 оны аваргуудын лигийн 2-р шатанд таарахад Ливерпүүл клуб хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-0 харьцаатай Рома клубыг буулган авч байсан.

Эхний тоглолтыг талбайдаа хийх Ливерпүүл клуб энэ жилийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан багууд дундаас хожигдол хүлээгээгүй байгаа цорын ганц баг. Тэд Е хэсгийг 3 хожил, 3 тэнцээтэй тэргүүлж шөвгийн 16-д Портог 5-0 харьцаатай, шөвгийн 8-д Манчестер Сити клубыг 5-1 харьцаатай хожоод байгаа. Ливерпүүл клубын гол зэвсэг бол дасгалжуулагч Ю.Клопп болон довтолгооны урд шугамны гурвал юм. Ливерпүүл клубын М.Салах, Р.Фирминьо болон С.Мане нар аваргуудын лигт 14 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулаад байгаа. Ийм тэднийг зогсооно гэдэг Европын багуудын хувьд толгойны өвчин болоод байна. Өнгөрсөн зун Рома клубээс 34 сая еврогоор Ливерпүүл клубт ирж байсан М.Салах анх удаагаа хуучин багийнхаа эсрэг тоглох гэж байна. Ю.Клопп өнгөрсөн Вест Бромич Альбион клубтэй хийсэн лигийн тойргийн тоглолтонд Р.Фирминьо, А.Окслэйд-Чемберлайн, Д.Ловрен, А.Робертсон болон Т.Александр-Арнолд нарыг амрааж, зарим тоглогчдыг сэлгээнээс оролцуулсан. Ливерпүүл клубээс хамгаалагч Ж.Матип, Н.Клайн, хагас хамгаалагч Э.Жан болон А.Лаллана нар оролцох боломжгүй. Харин бусад тоглогчдын хувьд тоглолтонд бэлэн.

Дунд шөвөгт алдарт Барселона клубын эсрэг гайхалтай эргэн ирэлт хийж 34 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад байгаа Рома клуб Ливерпүүл хотод зочлон хагас шигшээгийн эхний тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Рома клубын хувьд аваргуудын лигийн дэвжээн дээр Ливерпүүл клубыг буулгаж авч чаддагүй анти үзүүлэлтээ зогсоох зорилготой байгаа нь дамжиггүй. Тэд Барселонагийн эсрэг 3-5-1 хувилбарыг маш амжилттай хэрэгжүүлж ялалт байгуулсан. Магадгүй энэ удаа хоёр дасгалжуулагчийн тактикийн тулаан өрнөх болов уу? Ливерпүүл клуб сөрөг довтолгоог сайн хийдэг, хувийн ур чадвар өндөртэй тоглогчидтой учраас Рома клуб Барсатай хийсэн тоглолтын хувилбарыг сонгохгүй байх магадлалтай. Гэхдээ Е.ди Францеско тактикийн мэргэжилтэн гэдгээ Барселона клубын эсрэг хийсэн тоглолтонд хангалттай харуулаад байгаа. Рома клубээс багийн тоглолтонд нөлөөлөхүйц чухал бэртэлтэй тоглогчид байхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ “Энфилд” цэнгэлдэхэд хүрэлцэн ирээд байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж