Чингэлэгт даруулсан хэрэгт тэнсэн харгалзах ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Чингэлэгт даруулсан хэрэгт тэнсэн харгалзах ял оноожээ

Чингэлэгт даруулсан хэрэгт тэнсэн харгалзах ял оноожээ

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны  нэгдүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өчигдөр /2018.04.23/ танилцууллаа. Энэ үеэр  олны анхаарлыг татсан хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Баянхошуунд 2017 оны долдугаар сарын 16-ны өдөр 40 тонны чингэлэг приус маркийн  автомашин дээр унаж,  дотор нь  зорчиж байсан таван хүнийг гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг 2018 оны нэгдүгээр сарын 9-ны  өдөр шүүн шийдвэрлэжээ. Хэргийг үйлдэгч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн байна.

Мөн Замын-Үүд дэх гаалийн газарт тасралтгүй арав орчим жил ажилласан найман байцаагч, иргэдээс авлига авсныг Авлигатай тэмцэх газрын /АТГ/ мөрдөгчид 2016 оны гуравдугаар сарын 30-нд хийсэн гэнэтийн шалгалтын үеэр үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн 7-8 байцаагч, байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс хэрэгт холбогдсоны улмаас 34 хүн шалгагджээ.

 АТГ гэнэтийн шалгалт хийх болсон шалтгаан нь байцаагчдыг авлига авч байгаа тухай мэдээллийг өмнө нь авсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч хэргийг илрүүлсэн аж. Гаалийн 36 байцаагч нарт холбогдох хэргийг 2017 онд шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр ороод хэвээр батлагдсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг цагаатгасан байна.Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж :

  • Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасч, 4 жил 8 сар хорих,
  • Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих,
  • И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих,
  • Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих,
  • Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ.
  • Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял,
  • Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж