Соёлын тухай хууль хүлээлт үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Соёлын тухай хууль хүлээлт үүсгэж байна

Соёлын тухай хууль хүлээлт үүсгэж байна

Улс, орны тусгаар тогтнолын тулгын гурван чулууны нэг нь соёл, урлаг билээ. Тэгвэл өнөөгийн байдлаар бидний тусгаар тогтнол хоёр чулуун дээр дэнжигнэж байна. Манайх шиг соёл, урлагийн бие даасан яамгүй оронг хайгаад олохгүй биз. Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж буй авьяаслаг уран бүтээлчид маань ч гадаадад очоод манайх бие даасан яамгүй гэж хэлэхээс ичдэг биз. Харин тэд улс орноосоо ямар ч дэмжлэг авахгүйгээр өөрийн бор зүрх, цэвэр авьяас хөдөлмөрөөрөө дэлхийд танигдаж байгаа нь бахархууштай. Монголчууд уг нь ийм л оюуны чадавхитай, дундаршгүй авьяастай ард түмэн. Соёл, урлагийн салбар өнөөдөр БСШУСЯ-нд харъяалагддаг. Яамны хувьд мэдээж боловсролын салбараа тэргүүнд тавина. Хэдийгээр Ц.Цогзолмаа сайд эрх тэгш хандана гэсэн ч энэ салбарын асуудал өнөөдөр агентлаг төдийхнөөр хэмжигдсэн хэвээр байна.

ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бид бие даасан яамгүй ч соёлын тухай хуультай. Гэвч энэ хуульд хяналт хэрэгтэй байгаа талаар уран бүтээлчид ярьж байсан юм. 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Соёлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнд “Телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюсерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсвэл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байхаар заажээ. Мөн олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэжээ. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, IP телевизийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд тусгасан. Өнөөдөр бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд соёл, урлагийн тухай шинэчилсэн хууль нь ердөө л энэ. Хууль нь шинэчлэгдлээ гэхэд үүнийг одоо дагаж, мөрдөж буй нь хэн билээ. Суваг солих бүрт гадны контент, савангийн дууриар бөмбөгдсөн хэвээр байна. Тиймээс шинэчилсэн хууль баталсан бол дагаад хяналтаа өндөрсгөх шаардлага нэгэнт тулгарчээ.

ЗӨВХӨН ТЕЛЕВИЗИЙН САЛБАРАА ТОРДОХ УЧИРГҮЙ

Аливаа салбар өөрийн хуультай, түүндээ захирагддаг байх үүрэгтэй. Үүнийгээ дагаад шаардлагаа ч тавина. Хууль гэж ер нь юу вэ. Хэнд үйлчлэх ёстой вэ. Тэгвэл манай соёл, урлагийн салбарынханд хууль нь хүрэхгүй байгаа, эрх ашиг нь зөрчигдөж буй олон асуудал байх юм. Бид зөвхөн телевизийн салбараа тордох учиргүй. Урлагийнхан бие даасан яамгүй ч гэлээ шаардлагаа тавьж, салбарынхаа хөгжлийн төлөө уран бүтээлч бүхэн үгээ хэлэх эрхтэй. Салбар салбарын хөгжил ижил хэмжээнд хөгжиж байж Монголын соёл, урлаг дэлхийд танигдах учиртай. Саяхан урлагийн ажилтны II зөвлөгөөн боллоо. 10 жилийн өмнө анхдугаар зөвлөгөөн нь болсон ч үр дүнд хүрээгүй тухай уран бүтээлчид бухимдаж байсан юм. Харин II зөвлөгөөнөөс хойш ямар үр дүнд гарах нь бас л эргэлзээтэй. Тэгвэл манай урлагийнханд яг ямар цогц хууль хэрэгтэй байна вэ.


Тэдний сэтгэгдлийг сонирхлоо.

Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа: ДЭЛХИЙН ДУУЧДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

-Монголын сонгодог урлаг эрчимтэй хөгжиж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан олон сайхан уран бүтээлчээрээ бид бахархаж сууна. Манай театр жинхэнэ сонгодог хэлбэрээрээ урагшилж байна. Даанч төр, засгийн зүгээс тэднийгээ дэмжиж, урамшуулах нь ховор юм даа. Дуучид өөрийн бор зүрхээрээ л зах зээлээ олдог.

Дэлхий тэднийг үнэлээд байдаг. Үүнээс гадна уран бүтээлчид бидэнд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Нэг шинэ бүтээл хийхэд хэдэн төгрөгийн зардал гарах билээ. Үүнийг нь ядахдаа асуудалгүй шийдчихдэг хуультай, яамтай болмоор байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар: ХОЁР ТОМ ТЕАТР НЭГ ТАЙЗТАЙ БАЙЖ БОЛОХ УУ?

-Аливаа уулзалт, төрийн арга хэмжээнд манай театрынхан л очдог. Бид эх орныхоо нэрийг дэлхийд олон жил тахалж байна. Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаанд уран бүтээлчид маань хамгийн түрүүнд дуудагддаг. Гэтэл бодит байдал дээр бидэнд өөрийн театр ч алга. Үндэсний хэмжээний хоёр том театр нэг тайзтай байж болох уу.

Жилийн жилд байр барьж өгнө гэдэг ч төр солигдохоор тэр амлалт нь салхинд хийссэн хамхуул болчих юм. Үүнээс гадна манай уран бүтээлчдэд ажлын тогтсон цаг гэж үгүй. Бид хонон өнжин бэлтгэл хийх үе байдаг. Тэглээ гээд нэг ч удаа нэмэлт цалин нэхэж байсангүй. Энэ урлагт хайртайдаа л зүтгэж байна.

Циркчдийн холбооны тэргүүн Л.Чулуунбаатар: МАНАЙ ЦИРКЧИД ХАЯГДААД УДСАН

-Манай циркийн уран бүтээлчид хаягдаад удаж байна. Энэ урлагт хайртай цөөн хэдэн хүний нуруун дээр энэ салбарын хөгжил явж байгаа нь нууц биш. Социализмын үед уран бүтээлчдийг төрөөс бодлогоор дэмждэг байлаа. Өнөөдөр биднийг дэмжих нь битгий хэл бэлтгэлээ хийх байр ч алга. Тиймээс олон уран бүтээлч амьдрахын тулд гадны орныг зорьж байна. Мөн эх орондоо уран бүтээл хийж буй хэдэн жүжигчдийн нийгмийн асуудлыг бид яах вэ. Бэртэж гэмтлээ гэхэд хэнд хандах вэ. Циркийн урлаг эрсдэлтэй. Ажил, мэргэжлээсээ шалтгаалаад бэртэж, насан туршдаа эрэмдэг болсон уран бүтээлчдээ харахад зүрх зүсэгдэх шиг болдог. Эдгээр уран бүтээлчийн нийгмийн асуудлыг хуульчилмаар байна.

Ардын жүжигчин Г.Мягмарнаран: ЖҮЖИГЧДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 500 МЯНГАН ТӨГРӨГ

-Манай салбарт авьяастай залуус олон бий. Гэхдээ амьдралаа авч явахад мөнгө зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр залуу жүжигчин 400 мянган төгрөгийн цалин авч байна. Бидний дундаж цалин 500 мянган төгрөг. Энэ нийгэмд ийм мөнгөөр амьдрах уу. Урлагийнхан цалин хангамж сайтай байж л жинхэнэ уран бүтээлдээ бие сэтгэлээ зориулна. Урлаг гэдэг үзэгчдийн оюуны цангааг тайлах талх л гэсэн үг. Гэтэл яагаад хөдөлмөр, авьяасыг ийм өчүүхнээр үнэлж байгаа юм бэ. Гэтэл Орост жүжигчид нь монгол мөнгөөр бодвол 10 сая төгрөгийн цалин авч байна. Манай уран бүтээлчид тэднээс юугаараа дутуу юм. Тиймээс цалингийн асуудлыг яаралтай шийдэж, хуульчилмаар санагдах юм.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж