Л.Элдэв-Очир: Хорихгүйгээр шалгах боломж байсан

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир: Хорихгүйгээр шалгах боломж байсан

Л.Элдэв-Очир: Хорихгүйгээр шалгах боломж байсан

Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан. Мөн УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулаад байгаа. Оюутолгой болон цаг үеийн асуудлаар  УИХ-ын Л.Элдэв-Очиртой цөөн хором ярилцлаа.


-Оюутолгойтой холбоотой олон нийтийн дунд маргаантай асуудал их байна. Мөн хоёр ч Ерөнхий сайдаа баривчилсан нь Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд унах вий гэсэн болгоомжлол байна?

-Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын төсөвт оруулдаг орлого битгий зогсоосой гэж бодож байна. Мөн гэрээний талаарх зорилготой, зорилгогүй янз бүрийн мэдээлэл явж байна. Гэхдээ үнэн зөв нь олдож, асуудал нэг талдаа гараасай гэж хүсч байна. Хариуцлагагүй үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэв гэрээг сайжруулах ёстой бол сайжруулах зүйл заалтыг ажлын хэсгийн зүгээс оруулж ирэх байх гэж бодож байна.  Сайруулаад явах нь зөв байх.

-Төслийг зогсоох ёстой гэсэн байр суурь их гарах боллоо. Оюутолгой төсөл зогсвол ямар үр дагавар гарах вэ?

-Төслийг огт зогсоож болохгүй. Бидний хүсэл зоригоос үл хамааран хөрөнгө оруулагч тал тийм эрсдэлд биднийг оруулж магадгүй. Тиймээс харилцан ойлголцож, зөвшилцөлд хүрэх ёстой гэж бодож байна.

-Хэрэв “Рио Тинто” Оюутолгой төслөөс гарвал Хятадын компани орж ирнэ гэх яриа бас гараад эхэлсэн байна?

-‘Рио Тинто’ гарвал Монгол Улс маш хүнд байдалд орно. Гадны улс орнуудын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг хэцүү. Түүнээс гадна ‘Рио Тинто’ гарлаа гэхэд өөрсдийн эрхийн дагуу Хятад эсвэл хэн нэгэнд өгчих эрсдэлтэй. Тиймээс Рио Тинто компанитай гэрээгээ сайжруулах асуудал зайлшгүй бий.

-Оюутолгой төсөлтэй холбогдуулан танай намын экс дарга, Ерөнхий сайд асан С.Баярын баривчилсан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-С.Баяр даргыг баривчилсан шалтгаан нь Оюутолгойтой холбоотой юу эсвэл ‘Жаст’ группийн Ш.Батхүүтэй холбоотой юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол том төслүүд хөдлөхгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс том төслүүдээ хөдөлгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Том төслүүдээ хөдөлгөсөн улсууд нь баривчлагдах, буруутан болох айдас цаашид үргэлжилбэл  20 жилийн дараа ч бид том төслүүдээ хөдөлгөнө гэдэг зүйлээ яриад л сууж байна. Хэн ч зориг гаргаж чадахгүй, хөдөлгөсөн нэгнийгээ шоронд хорьчихвол яах вэ. харамсалтай нь хүмүүс өөрсдөө мэдүүлгээ өгий гэж ирэхэд нь таслан сэргийлэх арга хэмжээнээс хорих арга хэмжээ авч нь байгаа нь буруу юм. Хуулийн байгууллагын тавьсан үндэслэл бол дэндүү харамсалтай.

-МАН-ын бүлэг дотор С.Баярыг хорьсонтой холбоотой асуудал яригдсан уу?

-МАН-ын бүлэг дээр бол бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай намын дарга байсан гээд хамгаалалт хийх боломжгүй, хууль үйлчлэх ёстой.

-МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярилцсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа. Намын мөрийн хөтөлбөр бага зэрэг шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ 2016 оны улсын эдийн засгийн нөхцөл байдал нь ийм алхам хийхээс өөр нөхцөл байдал байгаагүй учраас намын мөрийн хөтөлбөрийн зарим зүйлээс тодорхой хугацаанд буцсан асуудал байгаа. Үүнийгээ бид 2020 он хүртэл эдийн засаг сайжрахын хирээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд, сайжруулаад явна.

-Намын дотоод уур амьсгал ямар байна вэ. Засгийн газрын зарим сайд нарыг огцруулах, сул ажиллаж байгаа сайд нараа огцруулна гэх яриа гарах боллоо?

-Засгийн газрын тогтвортой байх асуудал намын бүлгийн, МАН-ын асуудал биш. Энэ бол нийт ард түмний эрх ашгийн асуудал. Нийт ард түмэн Засгийн газар тогтвортой байгаасай гэж хүсч байгаа. Намын бүлэг бас ийм байр суурьтай байгаа. Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд МАН-ын бүлэг ажиллана. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж