Газрын тосны зах зээлээс ам.доллар "арчигдах уу"?

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Газрын тосны зах зээлээс ам.доллар "арчигдах уу"?

Газрын тосны зах зээлээс ам.доллар "арчигдах уу"?

Тегеран АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ‘доллар’-ыг персоной нон грата хэмээн зарлаж, олон улсын төлбөр тооцоонд ‘евро’-г ашиглах болсноо мэдэгдэв. Үүнээс гадна, Иран газрын тосны зах зээлийг ам.долларын хараат байдлаас чөлөөлөхийг эрмэлздэг улс орнуудын эвсэлд нэгдсэн байна. 

ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛ ‘ЕВРО’ РУУ ХӨРВӨХ ҮҮ?

Ираны төрийн байгууллагууд болон хувийн аж ахуй нэгжүүд төлбөр тооцооны хэрэгсэлд ‘евро’-г ашиглах, санхүүгийн мэдээлэл, статистик тоо баримтын мэдээлэлд ‘евро’ мөнгөн тэмдэгтийг харахыг илүүд үзэх болжээ.

"Иранд ам.доллар ашиглагдахгүй, арилжаанд оролцогчид ам.доллараас илүүтэй өөр валют сонирхох боллоо. Иймээс төлбөр тооцоонд цаашид ам.долларыг ашиглах ямар ч үндэслэл байхгүй болж байна’ гэж Ираны Төв банкны дарга  Мехди Касрейпур мэдэгдэв.

Ийнхүү Тегеран АНУ болон түүний холбоотнуудад хариу барив. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын дунд үед Дональд Трамп Ираны эсрэг хоригийн хугацааг сунгасан юм.

Европын холбоо Исламын Бүгд Найрамдах улсын эсрэг авч буй хоригийг хүлээн зөвшөөрч буй. Харин Ираны Засгийн газар үүнийг Вашингтон тэргүүтэй ‘Эдийн засгийн хуйвалдаан’ гэж үзэн, ам.долларыг газрын тосны зах зээлээс шахах бодлого баримтлах болов. 

"Энэ бол улс төрийн сэдэлтэй шийдвэр. Ам.доллараар хийгдэж буй төлбөр тооцоо нь АНУ-ын банкаар дамждаг байсан нь Ираны хувьд тодорхой эрсдэлийг дагуулж байсан. Харин одоо төлбөр тооцоог еврогоор хийвэл энэ төрлийн эрсдэл тулгамдахгүй’ гэж шинжээчид үзэж байна.

Ираны баримталж буй энэ бодлогыг дийлэнхдээ АНУ-ын хоригт багтсан улс орнууд дэмжиж байгаа ажээ. АНУ-д өгч буй Тегераны хариу үйлдэл нь эдийн засгийн хүчтэй цохилт болж буйг шинжээчид тэмдэглэв. Учир нь Иран улс дэлхийн зах зээл дээр нүүрс-устөрөгчийн түүхий эдийн экспортлогч болон томоохон үйлдвэрлэгч орон билээ. 

Ираны газрын тосны ихэнх хэсгийг Европын холбооны улс орнууд болон Хятадууд худалдан авдаг. ОПЕК-ийн мэдээллээр, Тегеран хар алтнаас жилдээ 70 тэрбум ам.долларын ашиг олдог гэв.

Нүүрс-устөрөгчийн дэлхийн наймаанд худалдагч болон худалдан авагч нарын  төлбөр тооцоонд  ам.доллар ихэвчлэн ашиглагддаг. Газрын тос ч гэсэн Нью-Йорк болон Лондоны бирж дээр ам.доллараар худалдаалагддаг. Иймээс л өнөөдөр дэлхийд ам.доллар валютын нөөцийн гол мөнгөн тэмдэгт гэж нэрлэгдэж буй юм.

Ийнхүү Иран газрын тосны худалдааг евро руу хөрвүүлэх нь бодлого баримталж буй нь Вашингтоны хувьд түгшүүрийн дохио болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр ам.долларын гүйлгээ хумигдана гэсэн үг. Иймээс Ираны энэхүү мэдэгдэлд АНУ харгис хариу өгөх нь мэдээж. Түүх давтагдах эсэхийг хэн ч мэдэхгүй. Ямартай ч Иран болон Ливийн энэ шийдвэр Саддам Хусейн болон Муаммар Каддафигийн дэглэмийн уналтын өмнөх үед ч яригдаж байсан удаатай. 

ТӨЛБӨР ТООЦООНЫ ШУУД ХЭРЭГСЭЛ  

АНУ-ын мөнгөн тэмдэгтээс хараат байх нь өнөөдөр хар алтны олон экспортлогч болон импортлогч нарт таалагдахгүй байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний дэлхийн зах зээлийг ам.доллараас ангид байлгахын тулд улс орнууд эвлэлдэн нэгдэж, эвсэл хүртэл байгуулж байна. Энэ эвсэлд ОХУ, БНХАУ, Венесуэл байсан бол ийнхүү өнөөдөр Иран нэгдэж байгаа ажээ.

2016 оны намраас Петербургийн түүхий эдийн бирж оросын газрын тосыг рублиэр худалдаалах болсон. Өнгөрсөн жил Венесуэл газрын тосны худалдаанд ам.долларыг ашиглахыг хориглож, евро руу шилжсэн. Харин өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Шанхайн бирж газрын тосны фьючерс худалдааг юаниар хийх болсноо мэдэгдсэн. 

Мэдээж, АНУ-ын мөнгөн тэмдэгтийг ялах үйл явц ойролцоогоор 10-15 жил үргэлжилнэ. Ам.долларыг энэ зах зээлээс шахаж гаргахын тулд тухайн орны мөнгөн тэмдэгт нь чөлөөтэй хөрвөж чаддаг байсан цагт дэлхийн валютын нөөцийн жагсаалтад багтах боломжтой. Үүнд хамгийн ойрхон байгаа улс нь БНХАУ гэж шинжээчид онцлон тэмдэглэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж