"Оддын хөлбөмбөг"-ийн онцгой тоглогчид

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

"Оддын хөлбөмбөг"-ийн онцгой тоглогчид

"Оддын хөлбөмбөг"-ийн онцгой тоглогчид

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан дэлхийн хотуудаар “Алтан цом”-ыг аялуулах “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялал явагдаж байна. Энэхүү аялал өчигдөр Монголд анх удаа саатлаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны 60 гаруй жилийн түүхэнд тохиож буй “Алтан цом”-ын аялалтай зэрэгцэн урлаг, спортын “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолт болсон юм. Хоёр дахь жилдээ болж буй энэхүү тоглолт энэ жил “Барсууд” (цэнхэр), “Шонхорууд” (улаан) нэрийн дор явагдсан.

Багийн ахлагчаар олимпийн аваргууд болох Монгол Улсын анхны олимпийн хос медалийн эзэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Барсууд”, Олимпийн аварга, өдгөө Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Э.Бадар-Ууган “Шонхорууд” багийг тус тус ахалсан. Дасгалжуулагчийн хүндтэй албанд жүжигчид томилогдсон бөгөөд “Шонхорууд” багийг Н.Онон, “Барсууд” багийг Г.Золбоот гавьяат дасгалжууллаа.

Тоглолтын эхнээс Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” багийн тоглогчид илүүрхэн тоглож, өрсөлдөгчөө 3:0 онооны харьцаагаар хожсон юм. Энэхүү тоглолтыг үзэгчдэд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр үзүүлсэн бөгөөд оддын сонирхолтой тоглолт олон үзэгчийг хөгжөөсөн.

 “Оддын хөлбөмбөг” анхдугаар тэмцээнд оролцож байсан одууд оролцсоноос гадна багууд шинэ тоглогчоор хүчээ нэмсэн байлаа.

Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт улсын аварга Ч.Санжаадамба, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил болон сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар багтсан.

Тэгвэл тэдний өрсөлдөгч цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Улсын аварга С.Мөнхбат, Улсын гарьд Н.Ганбаатар, Гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр болон сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар багтсан юм.

Тоглолтын эхнээс “Шонхорууд” баг санаачлагыг гартаа авч 3:0 онооны харьцаагаар хожлоо. Хоёр багийн хаалгачаар Т.Санчир, Б.Билгүүн нар байсан юм. Т.Санчир хаалгаа сайн манаж чадсан бол Б.Билгүүн гурвын гурван гоолыг алдаж орхисон.

Ялагч болсон “Шонхорууд” 5 сая, “Барсууд” 3 сая төгрөгийн урамшуулал авсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж