Монгол хүүхдүүд илүү их урам зориг аваасай | News.MN

Монгол хүүхдүүд илүү их урам зориг аваасай

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Монгол хүүхдүүд илүү их урам зориг аваасай

Монгол хүүхдүүд илүү их урам зориг аваасай

Хөлбөмбөгөөр амьсгалах өдрүүд өчигдрөөс эхэллээ. 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-д эхлэхэд 50 хоногийн хугацаа үлдсэн. Эдгээр өдрүүдэд ДАШТ-ийг угтсан олон арга хэмжээ дэлхийн хотуудад болсоор байна.

 АЛТАН ЦОМ ХҮҮХДҮҮДЭД “БИД Ч ЭНЭ ЦОМД ХҮРЧ ЧАДНА” ГЭСЭН ИТГЭЛИЙГ АВЧИРДАГ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока Кола” брэнд хамтран дэлхийн аварга болсон багт түр хугацаанд очдог “Алтан цом”-ыг Улаанбаатарт авчрах арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан. Энэ арга хэмжээ “World Cup Trophy Tour” аялалын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн 51 улсын 90 гаруй хотоор аялаж байгаа “Алтан цом” Монгол Улсад анх удаа ирлээ.

Цомыг хүлээн авах арга хэмжээ ‘Буянт-Ухаа” нисэх буудалд болсон бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид болон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, MCS Coca Cola компаний захирал Л.Мягмаржав нар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн аваргын цомыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Кока Кола брэндийн төлөөллүүд дэлхийгээр аялуулж байгаа бөгөөд сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлсээр байна.

“Алтан цом” 2006 онд 29 оронд зочилж, 175 мянган фанатууд оролцсон бол 2010 онд 84 оронд аялахдаа нэг сая, 2014 онд 90 оронд саатаж 1.3 сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлжээ.

 “World Cup Trophy Tour” аяллыг ахалж яваа Фелисити Жорж хэлэхдээ “Алтан цом ийнхүү аялан явснаар тухайн орны өсвөрийн хөлбөмбөгчин хүүхдүүдэд “Бид ч энэ цомд хүрч чадна” гэсэн итгэлийг авчирдаг гэж тодотгосон юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагаа хариуцсан менежер, хатагтай Фелисити Жоржийн үгийг хүргэж байна. Тэрбээр “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ДАШТ-ий цом өөрөө тухайн оронд асар их бэлэг дэмбрэл, аз хийморь дагуулж очдог. Тиймээс ч бид өөрсдийн хийж байгаа ажлаараа бахархадаг. ОУХБХ-ны зүгээс энэ цомыг аль болох олон хүнд үзүүлэх, тэднийг зоригжуулах зорилготойгоор энэ аялалыг зохион байгуулж байгаа. Мөн хамтарч байгаа Кока Кола компанид баярлаж байгаагаа хэлмээр байна. Биднийг Монголын хөлбөмбөгийн холбоо болон MCS Кока Кола компани маш найрсгаар угтан авлаа. “Алтан цом” Монголд ирснээр Монгол хүүхдүүд, Монголын хөлбөмбөг сонирхогчид илүү их урам зориг авч, цаашид хөлбөмбөгийн хөгжил ч хурдасна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “АЛТАН ЦОМ”-Д ХҮРСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛЛОО

Мөн энэ үеэр хөлбөмбөгийн холбоог төлөөлж Ө.Шижир хэлэхдээ “Монголчуудын хувьд түүхэн өдөр тохиож байна. 60 гаруй жилийн түүхтэй Монголын хөлбөмбөгийн түүхэнд дурсан бичих гайхалтай нэгэн давтагдашгүй онцгой зүйл болж байна. “Алтан цом” Монгол улсад зочилсон нь дотооды хөлбөмбөгийг сурталчилах томоохон арга хэмжээ болж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Coca Cola компаний хамт олонд нийт хөлбөмбөгч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

“Алтан цом” –ын дараагийн зогсоол Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн байсан юм. Цомыг ирэхтэй зэрэгцэн урлаг, соёл, спортын оддын нөхөрсөг тоглолт болж, Супер цомын тоглолт нээлтээ хийлээ.

“Алтан цом”-д дэлхийн аваргад түрүүлсэн багийн ахлагч, мөн цом аялуулж буй орны тэргүүн хүрэх учиртай. Энэ жаягийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан цом”-д хүрсэн анхны монгол хүн болсон юм.

“Алтан дагина” буюу “Алтан цом” маргааш БНХАУ-ын Бээжин хотод очих хуваарьтай. Харин зургадугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын нийслэл Мосва хотын зүрх болсон Лужник цэнгэлдэхэд 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэнд оролцоход бэлэн болох юм.

Энэхүү цом “Ялалт”, “Алтан дагина”, “Дэлхийн цом” гэж олон янзаар нэрлэгдэж байсан ч албан ёсны нэр нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг санаачилсан, ФИФА-гийн гурав дахь ерөнхийлөгч Жюль Римегийн нэрээр нэрлэгддэг.

Одоогийн “Алтан цом”-ыг Италийн уран барималч Сильвио Гаццаньягийн загвараар “GDE Bertoni” компани 36.5 см өндөр, 5 кг жинтэй 18 карат цэвэр алтаар урлажээ.

Цомыг 1974 оны ДАШТ-ээс эхлэн олгосон бөгөөд аль нэг баг хэд ч түрүүлсэн үүрд хадгалах эрх өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо жинхэнэ цомыг буцаан авч, мөн л алтаар бүрсэн дуураймал цомыг аварга багт үүрд хадгалуулдаг юм.

Дэлхийн сая сая хөлбөмбөгийн хорхойтнуудын бахархал болсон FIFA WORLD CUP Монголд саатлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж