Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу?

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах алхмыг Ардчилсан намаас гаргав. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлэхээ албан ёсоор мэдэгдэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох чимээ намрын чуулган завсарлахтай зэрэгцэн улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн ч яг одоо албажуулж Ардчилсан намын бүлэг албан ёсоор тавьж байна.

Үнэн хэрэгтээ бол Засгийн газрын таван сайдыг огцруулах асуудал улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор яригдаж буй сэдэв. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган нарын дуулианд дарагдсан ч хөшигний ард энэ яриа ид хүчээ авч эхэлсэн бололтой.

Одоогоос яг найман сар нэг хоногийн өмнө УИХ-ын даргыг эзгүйчилж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өгч байв. Ингэхдээ “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн. Томилогдсоноос хойш Монголын эх орон, ард түмнийхээ эрх ашигт нийцэлгүй, цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан. Гаргасан шийдвэрээ эргэж, буцаасан ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг явуулж байгаа. Саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын нийт ард түмэн энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тухай саналаа албан ёсоор гаргаж байна” гэсэн үндэслэл бүхий, огцруулах бичгээ өгч байв. Ийнхүү бичиг хүргүүлснээс хойш У.Хүрэлсүхийн танхим бүрдэх гэж бараг хоёр сарын нүүр үзсэн.

Түүний Засгийн газар бүрдээд яг зургаан сартайгаа золгож байх үед танхимаар нь огцруулах уу, сайд нарыг нь сугалах уу гэдэг асуудал хөндөгдөв. Гэхдээ огцруулах асуудал хоёр тохироо яригдаж байгаа сурагтай. Засгийн газрыг танхимаар нь огцруулах уу, тодорхой сайд нарыг огцруулах уу гэх яриа гарч эхэлжээ.

 Ардчилсан намаас тавьсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай хамт С.Чинзориг, Н.Цэрэнбат нарын хэд, хэдэн сайдыг огцруулах асуудал яригдаж буй гэнэ. Энэ сонголтын онцлог нь Ардчилсан нам хоёр сайдыг нь хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хөндөж, МАН дөрөөлөөд дөрвөн ч сайдаа тавиад туучих эхний хувилбар. Нөгөө нэг хувилбар нь танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах. Ингэхийн тулд МАН, АН-аас нийлсэн 19 хүний гарын үсэг цуглуулахад л хангалттай. Одоогийн нөхцөлд 19 хүний гарын үсэг гарах магадлал хамгийн өндөр. Огцрохдоо гоморхсон сайд нар болон бялуу хуваалцаагүй хэдийг нэмээд л У.Хүрэлсүхийн Засгийн газарт баяртай гэж хэлэх амархан. Хэрэв Засгийн газар огцорвол дараагийн Ерөнхий сайд хэн байх, танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ. Намын дарга нь Ерөнхий сайд нь байх уу эсвэл гэх мэт олон асуудал хөвөрнө. Энэ удаад Засгийн газар ганхах асуудлыг 65-ын бүлэг бус Ардчилсан нам хөндлөө. Гэхдээ энэ санаа намрын чуулганы өмнө МАН дотроос шидсэн чулуу байсан гэх бор шувуу Төрийн ордонд нисч явна лээ.  У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр удахыг МАН доторх тохирооноос шалтгаална. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг л өнөөдрийн хариултгүй асуулт болон үлдэж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж