Э.Энхбат: Шороон ордны нөөц дуусч байна | News.MN

Э.Энхбат: Шороон ордны нөөц дуусч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Э.Энхбат: Шороон ордны нөөц дуусч байна

Э.Энхбат:  Шороон ордны нөөц дуусч байна

Алт олборлолт болоод тус салбарын хөгжлийн талаар Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Энхбаттай ярилцлаа. 

-Алтны салбарын хөгжилд татварын орчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр утгаараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь болгож бууруулсан нь сайнаар нөлөөлж байгаа байх тийм үү?

-Энэ салбарын хөгжилд татварын хоёр том хууль гол үүрэг гүйцэтгэнэ. Нэг нь Ашигт малтмалын тухай хууль буюу рояалти юм. Нөгөө нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль юм. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулах, уялдаа холбоотой ажиллах орчныг сайжруулах зорилготой ажиллаж байна. Манай холбооны хамгийн чухал хийсэн ажил бол рояалти 10 хувь байсныг 2,5 хувь дээр авч ирж чадсан. Ингэснээр Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ хурдтай өссөн. Өнгөрсөн жил гэхэд л 20 тонн алт тушаалаа шүү дээ. 
Хоёрдугаарт, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 3 тэрбум төгрөгөөс даваад ирэхээр 25 хувийн татвар төлдөг. Жилийн орлого 3 тэрбум төгрөг гэдэг бол 30 кг алтны үнэтэй тэнцэнэ. 30 кг алт олборлоод 25 хувийн татвар төлөхөөр бизнесийн байгууллагад хүндээр тусна. Тэр компани эргэлтийн хөрөнгөө хуримтлуулж чадахгүй. Иймээс иргэдийн нэр дээр тушаах асуудал гардаг. Өнгөрсөн хугацаанд тушаасан нийт алтны 60 гаруй хувийг иргэд тушаасан байгаа нь нөгөө л татвартай холбоотой. Гэхдээ энэ бол татвараас зугтааж байна гэхээс илүү зөвшөөрөгдсөн арга хэмжээг авч байгаа нэг хэлбэр юм. 

-Алт үйлдвэрлэгч компаниуд жилийн борлуулалтын орлогод тавих босгыг нэмэх сонирхолтой байгаа нь мэдээж. Тэрхүү босгыг өсгөх боломж өнөөгийн нөхцөлд байгаа юу?

-Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдээс санал авсан. Энэ хүрээнд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос компанийн жилийн орлогод тавих босгыг 20 тэрбум төгрөг болгооч гэж саналаа өгсөн. Монголбанк ч мөн адил энэ босгыг өсгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Өмнө нь 3 тэрбумын босго тавьж байх үед Монголын эдийн засаг 3-4 тэрбум ам.долларт эргэлддэг байсан. Одоо бол 11 тэрбум ам.доллар болсон. Хоёрт, тухайн үеийн ам.долларын ханшаас шалтгаалаад алтны ханш хямд байсан. Одоо бол ам.доллар 2500 төгрөгт хүрч алтны ханш ч дагаад өсч байна. Энэ мэт шалтгаанаас үүдэж компанийн орлогод нөлөөлөх нөлөөлөл бий.  

-Татварын багц хууль тун удахгүй шинэчлэгдэх гэж байна. Ярилцлагаа эхлүүлэхдээ ч татварын орчин танай салбарын хөгжилд чухал нөлөөтэйг дурдсан. Тэгэхээр компанийн орлогод тавих босгыг нэмэгдүүлэхээс өөр ямар санал өгсөн бэ?

-Урт нэртэй хуулийн хүрээнд лиценз хавтгайруулж хүчингүй болгосон. Ингэснээр хэний ч өмч биш болсон талбайг нинжа нар эзэлж, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлага бий. 

-Тэгвэл хууль ёсоор алт олборлож байгаа компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадаж байна уу?

-Манай холбоо байгуулагдах болсон нэг том зорилго нь нөхөн сэргээлттэй холбоотой. Учир нь 2012 он хүртэл маш олон популист хууль батлагдсаны ачаар нинжа нар олширсон. Нэг үе алт олборлогчид байгаль орчин сүйтгэдэг хамгийн муу муухай салбарын нэг байсан. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан үе байдаг. Одоо бол жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөнөөс 2-3 дахин их нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байгаа. Энд нэг зүйлийг онцлоход уул уурхайн төсөл хаалтаа хийсний дараа нөхөн сэргээлт хийж дуусгадаг. Манай салбарт Монполимет, Алтан Дорнод Монгол, Илт-Голд, Платиниум, Ланд гэх мэт компаниуд хариуцлагаа маш сайн ухамсарладаг. Сайны хажуугаар саар гэгчээр нөхөн сэргээлт хийдэггүй ганц нэг компани бий. Энэ асуудал дээр холбоо маш сайн шахаж ажилладаг. Сүүлийн үед нөхөрлөл, бичил уурхай эрхлэгчид том компани шиг хариуцлага үүрдэггүй. Энэ асуудалд ч холбооны зүгээс анхаарал хандуулаад явж байгаа. 

-Өнгөрсөн онд алтны салбар амжилттай ажилласан гэж хэлж болохоор байна. Тэгвэл Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд алт тушаалтын хэмжээг 50 тоннд хүргэнэ гэсэн том амбиц илэрхийлсэн. Цаашид алт тушаалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Алт тушаалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нэгд, одоо хэрэгжиж байгаа хуулиа тогтвортой удаан хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Энэ нь юу вэ гэхээр рояалти юм. Хоёрт, “Алт-2” хөтөлбөрт тусгасан төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжиж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө. Гуравт, хайгуулын лиценз олгодог болох хэрэгтэй. Хайгуулын лиценз олговол батлагдсан нөөцөө нэмэх боломж бүрдэнэ. Одоо бол шороон ордны батлагдсан нөөц дуусах тийш хандсан. Тэгэхээр хайгуулын лицензээ олгоод, ашиглалтын лиценз дээр хяналтаа тавиад явах шаардлага тулгараад байна. 

-“Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байна вэ?

-“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны компаниудад тулгарч буй хамгийн том асуудлыг шийдэхээр хөтөлбөрт тусгасан. Энэ нь хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох, ингэснээр олборлолт нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэтэл санхүүжилт нүдээ олдоггүй. Миний сонссоноор алтны салбарын биш өөр салбарын компанид энэ хөтөлбөрөөс зээл олгосон тохиолдол бий. Алтны компаниудыг төрөөс бодитоор дэмжсэн дэмжлэг алга. 

-Тэгэхээр энэ хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэж байна уу?

-Одоо бол хөтөлбөр хэрэгжих шатандаа байна. Тэр утгаараа засч сайжруулах боломж бий. Цаашид хөтөлбөр хангалтгүй байна гэхээс илүү төрийн байгууллагатай ойлголцож, хөтөлбөрөө сайжруулах гарц байна. 
 

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 66.181.181.10

Алтны салбар лоббидож татварын хөнгөлөлт, зээл авдаг, тайлан мэдээ, татвар төлөх нь тодорхойгүй гэх мэт зүйлүүд эргэлзээ төрүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл ард түмэнд ногдох зүйл нь татвар шүү дээ Гэтэл

Avatar

зочин 2018-04-23 112.72.14.179

Эхлээд уурхайн эдэлбэр газрынхаа нөхөн сэргээлтийг хийж, сум орон нутгийн нийгмийн асуудалд юу шийдэхээ бодож байж алт олборлох тухай ярьж сур. Мэдээж одоо ингэж газар шороогоо ухуулах малчид, ард иргэд монголд байхгүйээ. Нөөц дуусах тухай биш хайгуулын ажлаа бодохын өмнө дахиад дээрхийг бодож төлөвлө.

Avatar

Зочин 2018-04-23 66.181.178.156

Hudalaa medeelel albaar taraaj bna.

Avatar

Зочин 2018-04-23 103.11.192.106

Licence gui ulsad haiguul hiij hurungu oruulalt tatah, olborlolt export yavuulah geed buh ajil zogsson. Uls ni huuli bus ninja nariig l demjih um.

Avatar

Зочин 2018-04-23 43.242.242.224

Энэ салбарын нэр хүнд унагаагаад байх юм а.Ярьж байгаа юмаа ул суурьтай гүнээс нь судалж байж ярь л даа.Хөнгөн өнгөцхөн юм яриад байх юм.Мэргэжлийн холбоо юм бол мэргэжлийн хүнээр төлөөлүүлж яриул л даа. Олон нийтэд мэдээлэл өг л дөө.Энэ залууг салбарынхан шоолоод, явуулаад байх юм а.Ганболд нь өөрөө юмаа ярьсан нь дээр юм биш үү.Сурталчилгааны бодлого гэж байдаг байлгүй дээ.Цаашид анхааралдаа аваарай.Сайн санаж хэлж байна шүү.

Avatar

Зочин 2018-04-23 202.21.106.143

Монгол улс эрдэс баялгаараа л мөнгө олохгүй бол өөр юу ч хийгээд мөнгө олдог нь өнгөрсөн гэдгийг хэзээ ойлгох суканууд вэ. Яагаад ийм тэнэг [Хориотой Үг] юм ярьцгаадаг болчихов доо. Уул уурхайн сайд агентлагийн дарга нар мэргэжлийн бус уул уурхай мэдэхгүй ганц нэг лиценз зарсан л төдий хүмүүс байдаг, сайд нь бөх хүн ч байх шиг, Энэ салбартаа ач холбогдол өгч жаахан анхаарахгүй бол удахгүй нөөц дуусч элгээрээ хэвтхэд ойрхон л байна

Avatar

Зочин 2018-04-23 202.21.106.143

Нэмүү өртөг шиэнгэж л байгаа болохоор үйлдвэрлэл яалт ч үгүй мөн, газраас алт өөрөө сугарч гараад халаасанд ороод байгаа юм уу. [Хориотой Үг] юу ч мэдэхгүй улс төрчидийн үгэнд бүү итгэ. Ном сайн унш

Avatar

Зочин 2018-04-23 112.72.14.59

Холбооныхоо нэрийг өөрчлөөч, тэнэгүүд ээ. Та нар алт үйлдвэрлэлээ юу? Газраа ухаж бэлэн юм ухаж гаргаж ирчихээд. Энэ бол бизнес биш, хүн төрөлхтний хамгийн эртний, хамгийн болхи бүдүүлэг аж ахуй. Ан агнуур, түүврийн аж ахуйтай ижил

Avatar

Зочин 2018-04-23 183.81.171.3

Дэлхий нийтээрэй алт үйлдвэрлэлийн салбар гэдийм байна лээ.

Avatar

Зочин 2018-04-23 202.131.235.234

production gdg-iig uildverlel gd orchuulaad heregleed hevchihsen yum shig l sanagdaad bdiin. Yag mongol ugiin utgaaraa nuurs uildverlel, gan uildverlel ntr geheer er ni zohijmgui l sanagdaad bdag yum. Olborlolt gechiheer bas boldoggui yum bolov u

Avatar

Зочин 2018-04-23 202.179.27.140

Түүврийн аж ахуй гэж юу байдаг юм? Алт бэлэн байдаг юм бол чи очоод гаргаад ир хөө

Avatar

Зочин 2018-04-23 43.228.131.45

энэ арай их мэдэлтэй хүн байхаа. арайл өөр зүгийн

Avatar

Зочин 2018-04-23 203.169.49.93

Хайгуулаа явуулахгүй бол уурхайнууд нөөцөө дуусахд бгд зогсоно. Шинэ орд олоход цаг хугацаа их хэрэгтэй байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж