Монгол инженерүүд хамтдаа хөгжлийн гарц, шийдлийг хайлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд хамтдаа хөгжлийн гарц, шийдлийг хайлаа

Монгол инженерүүд хамтдаа хөгжлийн гарц, шийдлийг хайлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол инженер 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжихэд чиглэсэн юм.

Тиймээс арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, олон улсын олимпиад гээд цогц арга хэмжээг зохион явууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 16 байгууллагын 70 гаруй инженер, техникийн ажилтнууд болон гадна, дотнын 12 их, дээд сургуулийн 220 гаруй оюутан, 80 гаруй эрдэмтэн, профессор багш нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй технологи болон инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулж, нийт 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтан, профессор, багш нар хэлэлцүүллээ. Түүнчлэн ЭЕШ болох гэж байгаа энэ үед мэргэжил сурталчлах ажлыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч нарт  эрэлттэй мэргэжил, ялангуяа инженерийн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Инженер технологийн дээд боловсрол, шинэчлэлийн хүрээнд инженерийн мэргэжлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, шинэ арга, технологиудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн “Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээнд оюутан болон инженер техникийн ажилтнууд хийсэн бүтээлээрээ өрсөлдөж, улмаар бүтээлч үйл ажиллагааны бодит жишээг танилцууллаа. Энэ бол бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үйлдвэрлэлд шинэ инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд анхаарсан бодит ажил байлаа” гэв.

Сүүлийн жилүүдэд “Монгол инженер” арга хэмжээг зөвхөн оюутан залуусын дунд бус төгсөгч инженер, үйлдвэр, компаниудад ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын дунд зохион явуулж байгаа нь цар хүрээг улам өргөжүүлж байгаагийн илрэл болж байна гэж эрдэмтэн, багш нар үзэж байна. Энэ арга хэмжээ нь зөвхөн бүтээлч оюун ухааны өрсөлдөөн болохоос гадна инженер технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд үйлдвэрлэл дээр гарч байгаа асуудлуудын талаар судалж, инженерүүдтэй хамтран гарц, шийдэл хайх зэргээр хамтран ажиллах, их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж