Улаан асрын зүүд (118-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (118-р бүлэг)

Улаан асрын зүүд (118-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун арван наймдугаар бүлэг

ӨЧҮҮХЭН УЧИРТ ӨӨ САНАН НАГАЦ АХ ӨНЧИН ОХИНЫГ ДАРЛАЖ, ОНЬСОГО ҮГЭНД СЭЖИГ ТӨРЖ, ГЭРГИЙ ТАТВАР ШУНАЛТ АГИЙГ ЯТГАВ

Өгүүлэх нь: хоёр тайтай, Ёу хатны үгийг сонсоод хориглох аргагүй болсныг мэдэв. Ван Фүрэнь арга буюу “Авхай чи бодь мөрийг эрсүгэй гэх нь мөн чиний урьдын тавилан биз. Бид ч үнэхээр хориглож дийлэхгүй. Тийн гэвч манай мэтийн ийм айлын охин гэрээс гарвал нэр нүүрт муухай болно. Бэргэн чинь санвар авахыг зөвшөөрсөн нь бас сайн болой. Гэхдээ гэзэг үсээ хусах хэрэггүй. Сэтгэл чинь үнэн бол гэзгэнд байхгүй. Мяо Юй гэзэгтэйгээ сахил хүртсэн. Яаж бас ертөнцийн бодол үүсгээд тийм болсныг мэдэхгүй. Охин хэрхэвч гэрээс гарахгүй гэвэл сууж байгаа гэрийг чинь бясалгал хийх байр болгосугай. Чиний инж нарыг цөмийг дуудан авчирч саналыг нь асууна. Дуртай бол хүнд өгч болохгүй. Дургүй бол өөр арга бодно” гэсэнд Ши Чүнь нулимсаа арчаад Шин Ван хоёр Фүрэнь, Ли Вань, Ёу хатан нарт мөргөв. Ван Фүрэнь, Цай Пин нараас “Та нарын хэн чинь авхайгаа дагаж сахил хүртэх вэ” гэж асуусанд цаадуул нь тайтай хэнийг л дага гэвэл дагана” гэв. Ван Фүрэнь тэдний дургүй байгааг мэдээд бодолхийлэв. Ши Рэнь Бао Юйгийн ард зогсоод, уйлсаар байгаад өвчин нь хөдлөх вэ гэж бодож байтал цаадах нь шүүрс алдан, “Үнэхээр олдохуйяа бэрх” гэсэнд Ши Рэнь зовонгуйрав. Бао Чай дув дуугүй ажиглаж байсан боловч Бао Юй мөн эргэшгүй мунхрахыг хараад сэм нулимс унагав. Ван Фүрэнь, олон охиныг дуудан асуух гэтэл Зы Жюань урагш гарч түүний өмнө сөгдөөд,

-Сая тайтай дөрөвдүгээр охиныг дагах хүнийг асуусан. Тайтайгийн бодол ямар байгаа юм бэ гэсэнд цаадах нь:

-Үүнийг албадлагаар тогтоож болохгүй. Хүн саналаа өөрөө л хэлэх ёстой… гэтэл Зы Жюань:

-Авхайн сахил хүртэх гэсэн нь бусад эгч дүүсийн санаагаар болсон юм биш. Өөрийн нь дурын хэрэг. Би тайтайд нэг учир хэлье. Би эгч дүүсийг салгах гэсэн юм биш. Хүн бүрд өөр өөрийн нь бодол бий. Би Линь охиныг нэг үе асарсанд яаж өршөөн хайрлаж байсныг тайтай нар мэднэ. Тэр уул мэт их ачийг нь би хариулж чадахгүй. Түүнийг үхэхэд би дагаад явъя гэсэн боловч тэр бас эндэхийн хүн биш бөгөөд би бас эзний хишгийг хүртсээр байх тул үхэж болсонгүй. Одоо дөрөвдүгээр охин сахил авах гэж байх тул би нэг насаараа асран явахыг хүсэж байна. Тайтай зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Зөвшөөрвөл над их буян болно гэв.

Энэ үгийг сонсоод Бао Юй, Шин, Ван хоёр Фүрэньгээс урьтан ам нээх гэснээ Дай Юйг санагалзан нулимс унагаснаа, хадганатал хөхрөөд урагш дөхөн “Би энд ам ангайхгүй байвал зохино. Зы Жюанийг тайтай миний дэргэд очуулсан юм. Тайтай одоо түүний сайн сэтгэлийг дэмжихийг хүснэ” гэв. Ван ФүРэнь: “Урьд нь чи, эгч дүү нараа харьд мордоход амь тавин уйлдаг байсан шүү. Одоо дөрөвдүгээр охин дүүгээ гэрээс гарахад хориглохгүйгээр барахгүй, харин “Сайн явдал” гэдэг чинь юү вэ. Одоо чи чухам юу бодож байна. Би бүр ойлгохоо байлаа” гэсэнд Бао Юй:

-Дөрөвдүгээр охин дүүгийн сахил авахыг та зөвшөөрсөн байхаа. Энэ охин дүү чинь нэгэнт шуударсан биз дээ. Үнэн бол би тайтайд нэг үг хэлье, тогтоогүй бол юм хэлэхгүй гэв. Ши Чүнь:

-Хоёрдугаар ах инээдтэй юм хэлж байна. Зориг шуудрахгүй бол тайтай нарыг мушгиж дийлэх үү. Би ч мөн Зы Жюаньтай адил болой. Болно гэвэл миний сайн буян болно. Болохгүй гэвэл үхэх нэг зам байна. Айх юү байхав. Ах юм хэлбэл хэл… гэв. Бао Юй:

-Миний энэ бас нууцыг задруулсан учирт ч бишээ. Би та нарт нэг шүлэг уншиж өгье… гэсэнд цаадуул нь “Хүн цухалдан сандарч байхад чи харин шүлэг зохиож тачаадуулна” гэцгээв. Бао Юй шүлэг зохиох нь биш. Би нэг газар хүрч үзсэн нь болой. Та нар сонсоцгоо гэсэнд бүгдээр “Унш, унш. Харин амны зоргоор чалчиж болохгүй” гэж сануулав.

Гурван хаврын үзэмжийг туулаад давахгүйг мэдэж

Гоёмсог хувцсаа хоромхноо тайлж хуучин маягаар засна

Хайрхаан, хөөрхий гүн гэрийн Хэүгийн үүдний охин

Харин ганцаар зул асаасан бурханы хажууд хэвтнэм… гэж уншив. Ли Вань, Бао Чай нар цочин гайхаж “Муухай юм, үүнд ад нөгчжээ” гэсэнд Ван Фүрэнь шүүрс алдан:

-Бао Юй чи, чухам хаанаас үзэж ирэв гэж асуув. Бао Юй хэлж болохгүй тул:

-Тайтай асуух хэрэггүй ээ. Миний үзсэн газар байгаа гэсэнд ээж нь гэнэн бодоод тэсгэлгүй уйлж:

-Чи тэр өдөр тоглоомын үг хэлсэн байхаа. Одоо бас яагаад энэ шүлэг гараад ирэв. Та нар намайг яах санаатай юм бэ. Би бас аргагүй болжээ. Та нар дураар болтугай. Намайг нүд аньсан хойно өөр өөрийн дураар болтугай гэсэнд Бао Чайн зүрхийг хутгаар хатгах мэт болсон тул тэсэлгүй уйлав. Ши Рэнь хэдийн уйлж ухаан алдах шахсаныг Чю Вэнь түшиж авав. Бао Юй уйлах ч үгүй. Хориглох ч үгүй дув дуугүй байна. Жя Хуань, Жя Лань хоёр сонсоод тал тал тийшээ гарч явав. Ли Вань:

-Энэ цөм Бао дүү, дөрөвдүгээр охин дүүг гэрээсээ явна гэхийг сонсоод сэтгэл зовохдоо, энэ тэрийг бодолгүй хэлчихсэн үг байхаа. Үүнд итгэж яаж болох вэ. Харин Зы Жюаний саналыг болох, болохгүйг хэлээд өгсөн дээр гэв. Ван Фүрэнь:

-Хүн зориг нэг шуударсан бол няцааж дийлэхгүй шүү дээ. Харин Бао Юйгийн хэлсэн үг лав болжээ гэв. Зы Жюань босоод Бао Юй, Бао Чай хоёрт мөргөв. Бао Юй ум мани бад мэ хум. Гайхалтай юм болов. Чи харин урьдаар завджээ гэв. Бао Чай хэдийгээр биеэ барьж байсан боловч тэссэнгүй, Ван Фүрэнь, Ши Рэний сууж байхыг ч хайхралгүй эмгэнэн уйлж: “Би бас дөрөвдүгээр охиныг дагаж гэрээсээ гаръя” гэсэнд Бао Юй инээж: “Чиний энэ үг хэдий сайн сэтгэл боловч чамд тийм ариун буян байхгүй” гэв. Ши Рэнь уйлж: “Тийм бол би үхэх үү” гэсэнд Бао Юйгийн сэтгэл уярсан ч юм хэлж чадсангүй.

Таван жин болсон тул Бао Юй эхийгээ хэвтэж амар гэсэнд Ли Вань нар тарж явцгаав. Цай Пин нар түр зуур Ши Чүнийг асарч гэрт нь хүргэж очоод, дараа нь нөхөрт гарахаар явжээ. Энэ үеэс эхлээд Зы Жюань, насан туршдаа Ши Чүнийг асран дагасан нь хожмын явдал болохыг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Эхийнхээ шарилыг урагш авч явсан Жя Жөн буцахдаа цэргийн онгоцонд суусанд тэр нь тойруу явах болоод усан замд олон онгоц шахалдсан тул хурдан явж чадахгүй болж ихэд бачимдана. Завшаанаар далайн хязгаарын цэргийн түшмэдтэй учирч энэ үед далайн хязгаарыг ерөнхийлөн захирагч түшмэл зарлигаар нийслэлд буцах болсныг сонсоод Тань Чүнийг харина гэхээс сэтгэл нь уужрав. Тийн боловч чухам хэзээ мордохыг мэдэхгүйдээ цухалдана. Бодоход замын зардал хүрэхгүй болох тул арга буюу лан Шанрүний албаны газраас таван зуун лан мөнгө зээлэхээр шийдэн замд тосоод өгнө үү гэж захиа бичив. Жя Жөнгийн суусан онгоц хэдэн өдөр яваад аравхан газрыг туулав. Зарсан хүн эргэж онгоц тосож ирээд Лай Шанруний захидлыг барив. Захианд маш их зовлон гачигдал тоочиж цагаан мөнгө тавин ланг л бэлтгэв гэжээ. Жя Жөн захиаг үзээд ихэд уурлаж зарц нартаа “Даруй буцагтун! Уг захиаг эргүүлж өгөөд, түүнийг санаа зоволтгүй гэж хэл” гэв. Мөнөөх зарц захиаг аваад Лай Шанруний албаны газарт очив. Тэрбээр захидал ба мөнгөө аваад, учир явдал эвгүй болсныг мэдээд сандарч нэг зуун лан мөнгө аваачиж өгнө үү гэсэнд зарц авсангүй. Тэгэхээр нь Лай Шанрун сэтгэл зовохдоо, гэр рүүгээ захиа бичиж, эцгээсээ ямар нэг арга сүвэгчлэн чөлөө гуйж өөрийгөө мулталж гаргана уу гэж гуйв. Тэгээд Лай овогт, Жя Чян, Жя Рун нараар, Ван Фүрэнийгээр хишиг хүртээлгэн ажлаас нь чөлөөлнө үү гэж гуйлгав. Жя Чян болохгүй гэдгийг мэдэхгүй тул нэг өдрийн дараа Ван Фүрэнь зөвшөөрсөнгүй гэсэн хариу өгчээ. Лай овогт чөлөө гуйхын зэрэгцээгээр, Лай Шанруний албаны газарт хүн илгээж, өвчнөөр шалтаглан ажлаас чөлөөлүүл гэж хэлүүлэв. Үүнийг Ван Фүрэнь ер мэдсэнгүй. Жя Юнь, Жя Чянгийн худал хариу өгснийг анзаарсангүй. Хэдэн өдөр дараалан тоглоомд нилээд зоос алдаад төлж дийлэхгүй болж Жя Хуаниас мөнгө зээлье гэв. Цаадах нь сохор зоос ч үгүй болсон тул яаж туслах вэ! Эх нь бага сага юм хураасан байсан ч аль хэдийн гөвчихсөн ажээ. Тэгээд Фөн Же өөртөө хатуу байсныг санаж Жя Лянийг эзгүйд завдаж, охиныг нь мэхэлж өшөөгөө авъя. Жя Юний гараар хийе гэж бодоод, зориуд түүнд ундууцаж:

-Та нар өдий том болчихоод, мөнгө зоос олох арга бэлэн байхад түүнийг ашиглаж чадахгүй. Тэгсэн мөртөө хоосон чамайг шаналгана гэсэнд цаадах нь:

-Инээдтэй юм ярих нь ээ. Чи бид хамт тоглож хамт явсаар ирлээ. Хаана байна вэ тэр зоос олох арга чинь гэж асуув. Жя Хуань:

-Тэр өдөр бидэнтэй цуг байсан хүн, гаднах мужийн нэг ван эндээс залуу татвар эм авъя гэдэг байсан шүү гэсэнд цаадах нь:

-Авга, би чиний уурыг хүргэх үг хэлье. Гаднах мужийн ван зоос зарж хүн худалдаж авахдаа бидэнтэй ярих ёс хаана байна гэв. Жя Хуань дөхөж ирээд, цаадахынхаа чихэнд хэдэн үг шивнэсэнд толгой дохисон боловч түүнийг балчир хүүхдийн үг хэлж байна гээд тоосонгүй. Энэ үед Ван Рэнь орж ирээд: “Та хоёр надаас нууж юү зөвлөлдөж байна” гэсэнд Жя Юнь, Жя Хуаний хэлснийг чихэнд нь шивнэв. Ван Рэнь сонсуут алгаа ташин,

-Энэ харин нэг сайн учир болой. Бас мөнгө олно. Гэвч та нар чадахгүй ээ. Хийх зориг байвал би л, түүний төрсөн нагацын хувьд толгой мэдэж болно. Хуань дүү чи, их тайтайгийн өмнө хэлбэл би Шин нагацыг эрж дахин нэг хэлүүлье. Тайтай нар асуувал та нар бүгдээр сайн л гэвэл боллоо гэв.

Жя Хуань нар зөвлөж тогтоод Ван Рэнь даруй Шин нагацыг эрэхээр явж, Жя Юнь, Шин, Ван хоёр Фүрэньд очоод магнаг дээр цэцэг дэлгэртэл сайхан хэлжээ. Ван Фүрэнь сонсоод болох юм шиг санагдсан ч итгэсэнгүй. Шин Фүрэнь, Шин нагац дуртай гэснийг сонсоод түүнийг дуудаж асуув. Шин нагац нэгэнт Ван Фүрэний үгийг сонсоод бас олз хуваалцаж болох тул Шин Фүрэний дэргэд “Энэ Жюань ван бол маш эрхэм нүүртэй хүн. Энэ ургийг зөвшөөрвөл хэдий жинхэнэ хатан биш боловч тэнд очмогц хүргэн ахын ноён зэрэг дахин сэргэж, одоогийн нэр төрд ч сайн болно” гэсэнд Шин Фүрэнь бодлогогүй хүн тул тэнэг нагацын хуурамч үгэнд сэтгэл нь хөдөлж, Ван Рэнийг дуудан асуув. Тэр тун сүрхий хэлжээ. Тэгээд Шин Фүрэнь харин хүн гаргаж Жя Юнийг очиж хэлэлцтүгэй гэж шаардав. Ван Рэнь гаднах мужийн вангийн буудлын газар хүн илгээж, хэлэлцээ хийлгэв. Мөнөөх ван нарийн учрыг мэдэхгүй тул хүн явуулж үзүүлье гэв. Жя Юнь дараа нь үзэхээр ирэх хүнийг угтан: “Одоо олноос нууж байгаа тул вангийн ордноос яваа гэж хэл. Бодвол эмэг эх нь мэдэж, төрсөн эхийн нь ах нагац нь зууч болж байх тул хамаагүй гэсэнд үзэхээр ирсэнхүн болно” гэв. Жя Юнь даруй Шин Фүрэньд хэл хүргэж Ван Фүрэньд мэдүүлэв. Ли Вань, Бао Чай нар учрыг мэдэхгүй тул лав сайн учир байх гэж баярлацгаав. Нэг өдөр өнгөтэй сайхныг өмссөн хэдэн эхнэр ирэв. Шин Фүрэнь угтан оруулж ярилцав. Тэр ирсэн хүн, өргөмжилсөн хатан гэж мэдэх тул омтгойлж чадсангүй. Шин Фүрэнь явдлыг тогтоогоогүй бөгөөд бас Чяо Жед хэлээгүй тул зөвхөн ураг садныхантай уулзахаар иржээ гэцгээв. Чяо Же бага хүүхэд болохоор энэ тэрийг бодсон юмгүй хөхүүл эхээ даган тэдэнтэй золгохоор ирэв. Пин Эр итгэж ядан дагаж ирэв. Харвал, ордны маягаар засаж чимэглэсэн хоёр эхнэр Чяо Жег хөлөөс толгой хүртэл нь хараад, босож охины гар хурууг барьж баахан шинжээд явцгаав. Үүнд охин ихэд ширвээдэж, гайхан гайхсаар гэртээ хариад, “Надад ийм ураг садан байхгүй тул тэд юү вэ” гэж асуув. Пин Эр бол тэдний байдлаас ихэнхийг гадарлаж: “Лав ураг хэлэлцэхээр ирсэн байх. Одоо Эр Еэ гэртээ байхгүй. Их тайтай гасалж байхаар бодвол, чухам аль ордныхон юм бол. Тохирсон ураг бол ингэж ирж үзэх ёс байхгүй. Тэр хүмүүсийн байдлыг үзвэл, нийслэлийн вангийн угсаа биш, харин гаднын хүний төлөвтэй. Одоохон сураглаж мэдээд дараа нь охинд хэлье” гээд анхаарч ажиглав. Тэдгээр инж шивэгчид цөм Пин Эрд зарагдаж ирсэн тул асуумагц сонссон дуулснаа цөмийг хэлж өгөв. Пин Эр сонсоод л айчихав. Тэгсэн ч Чяо Жед хэлэлгүй, Ли Вань, Бао Чай нартай уулзан гуйж Ван Фүрэньд хэлүүлэв. Цаадах нь энэ явдал бүтэлгүйг мэдээд Шин Фүрэньд хэлбэл, өөрийн дүү, Ван Рэнь хоёрын үгэнд итгэчихээд. Муу санаалж байна гэж сэжиглэн:

-Ач охин том болжээ. Одоо Лянь Эр эзгүй тул энэ хэргийг би мэднэ. Үүгээр үл барам түүний нагац нарын сэдсэн явдал болох тул бусадтай ярихгүй байж ч болно. Ямар ч гэсэн би үүнд дуртай байна. Буруудвал Лянь Эр бид хоёр бусдад гомдохгүй гэв. Ван Фүрэнь,

– Түүний үгийг сонсоод, уур нь хүрсэн боловч энэ тэр хэдэн үг хэлээд Бао Чай руу явав. Бао Юй:

-Тайтай зовох хэрэггүй. Миний бодлоор энэ явдал бүтэхгүй. Энэ ч бас Чяо Жегийн хувьзаяа болох тул тайтай дуугарах хэрэггүй гэсэнд эх нь:

-Чи бүр солиорч гүйцжээ. Хэлэлцэн тохирвол хүн ирж аваад л явчихна. Пин Эрийн хэлэхээр болбол Лянь ах чинь над гомдохгүй юү. Өөрийн зээ охиныг байтугай ураг садны хүний явдал ч сайхан бүтвэл сайн шүү дээ. Шин охиныг бид бүл ахад чинь зуучилж өгсөн. Одоо эв эетэй сайхан аж төрж байна. Ши охины явдлыг түүний авгын санаагаар хийгээд анхандаа овоо сайн байсан боловч одоо нөхөр нь сүрьеэ өвчнөөр үхээд тэр охин журмыг сахин сууна гэх тул даруй зовно. Чяо Жег хэрэв буруу хүнд өгвөл хүн намайг муу санаатай гэх бишүү гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Пин Эр, Бао Чайтай уулзахын хамт Шин Фүрэний жавжлахыг сонсохоор хүрч ирэв. Ван Фүрэнь, эмэг эхийн нь үгийг хэлж өгөв. Пин Эр балмагдсанаа сөгдөөд:

-Чяо Жегийн нэг насны явдлыг тайтай л мэднэ. Бусдын үгийг итгэвэл охин бүх насаараа зовохыг бүү хэл, Лянь Эр Еэг ирэхээр юү хэлэх улс вэ гэж гуйв. Ван Фүрэнь:

-Чи ухаантай хүн, босоод миний хэлэхийг сонс. Чяо Же бол их тайтайгийн ач, төрсөн хүүгийн нь охин болохоор тэр толгой мэдэн үйлдэж байгааг би яаж хориглох юм бэ гэсэнд Бао Юй:

-Хамаагүй ээ. Мэдэж л байвал болно гэж ятгав. Пин Эр, Бао Юйг солиорохоос айгаад дув дуугүй гарч явав.

Ван Фүрэнь уйтгарлан зовсоор харих замдаа зүрх нь өвдсөн тул охидоор түшүүлж гэртээ ороод хэвтэв. Цаадуул нь: “Бао Юй, Бао Чай хоёрыг ирүүлэх үү” гэсэнд “Жаахан хэвтвэл зүгээр болно” гэсэн боловч дотроо зовно. Гаднаас “Ли худгай ирлээ” гэсэнд очиж уулзсангүй. Жя Лань ирж мэнд мэдээд: “Өнөөдөр өвөг аавын тэндээс захиа иржээ. Гаднах хүүхэд авчирлаа. Ээж тосож аваад нааш ирэх гэтэл манай эмээ ээж ирээд, урьдаар намайг явууллаа. Мөд ээж ирж тайтайд мэдүүлнэ. Манай эмээ ч ирнэ гэнээ” гэсээр захиаг өргөн барив. Ван Фүрэнь захиаг аваад: “Эмээ чинь яагаад ирээв” гэсэнд Жя Лань: “Би мэдэхгүй ээ. Эмээ ээжийн ярих нь, миний гуравдугаар нагац эгчийн хадмын тэндээс мэдээ ирсэн гэж байна лээ” гэв. Ван Фүрэнь сонсоод, тэр удаа Ли Чийг Жэнь Бао Юйд өгч сүүлээр нь хадаг тавьсан бөгөөд одоо буулгаж аваачих болоод Ли худгай энэ учрыг зөвлөхөөр ирснийг мэдээд толгой дохин захиаг үзвэл:

Одоо усан замаар далайн хязгаарын хулгайг дарсан цэргийн онгоц буцах тул манай онгоц хурдан явж чадахгүй байна. Сонсвол Тань Чүнь охин хадам эцэг ба нөхрөө дагаад нийслэлд очлоо гэж сонссон. Мэдээ хүрсэн үү? Урьд Лянь ачийн илгээсэн бичгийг үзээд их Лаоегийн бие муудсаныг мэдлээ. Одоо баттай мэдээ байна уу. Одоо шалгалт ойртсон тул Бао Юй, Лань Эл хоёр хичээх хэрэгтэй. Залхуурч болохгүй. Лао тайтайгийн чандрыг нутагт нь оршуултал бас нилээд хононо. Миний бие мэнд сайн явж байх тул зовох хэрэггүй. Энэ захиаг Бао Юй нарт уншуул. Гарын үсэг. Рун Эрд бас захиа өгнө гэжээ. Тэр сарын төдний өдөр.

Ван Фүрэнь захиаг үзээд: “Чи аваачиж авгадаа үзүүлээд дараа нь эхдээ өг” гэж хэлтэл Ли Вань, Ли худгай хоёр ирж мэндэлсэний дараа сууцгаав. Ли худгай Жэнь овогтынхон Ли Чиг буулган аваачих гэж байгааг ярьж эхлэв. Хэдүүл баахан зөвлөлдөөд Ли Вань:

-Лаоегийн захиаг тайтай үзэв үү… гэсэнд Ван Фүрэнь “Үзсээн” гэв. Жя Лянь захиаг эхдээ өгөв. Цаадах нь үзээд:

-Тань Чүнь охиныг харьд явуулснаас хойш хэдэн жил болоход гэртээ эргэж ирсэнгүй. Одоо нийслэлд ирэх гэж байгаа юм байна. Тайтайгийн санаа амрах нь дээ… гэсэнд Ван Фүрэнь:

-Миний зүрх өвдөж байснаа, Тань охин ирэхийг мэдээд жаал гайгүй боллоо. Чухам хэзээ ирэх юм бол гэсэнд Ли худгай, Жя Жөн сайн явж байна гэнэ үү гэж асуув. Ли Вань, хүүгээ хараад:

-Шалгалтын хугацаа ойртсон тул Лаое Чинь их санааширч байгаа юм байна. Чи хурдан аваачиж авгадаа үзүүл гэсэнд Ли худгай:

-Энэ авга, ач хоёр оюутны шалгалт өгөөгүй байтлаа яаж өргөгсдөд шалгуулж болдог юм бэ гэв. Ван Фүрэнь:

-Өвөг аав нь амуу будааны доли түшмэл байхдаа авга ах, ач хоёрт шалгуулах эрх худалдан авч өгчээ гэсэнд Ли худгай толгой дохив. Жя Лань бичсэнээ аваад Бао Юй рүү явав.

Эхийгээ явсны дараа Бао Юй: “Чю Шүй” бичгийг бариад хянан шинжиж суув. Бао Чай өрөөнөөсөө гарч ирээд түүнийг шунан үзэж байхыг хараад очиж үзвэл дээрх бичиг байсан тул дотроо зовж “түүний ийнхүү “Ертөнцөөс зайлж олноос ангижрах” ёсыг гол юм болгох нь сайнгүй байх гэж бодон, дахиад хоригловол сонсохгүйг мэдээд дэргэд нь очиж бодлогошрон суув. Бао Юй түүний байдлыг хараад: “Чи яав” гэсэнд цаадах нь: “Бид хоёр нэгэнт нөхөр гэргий болсон болохоор чи бол миний нэг насны түшиг юм. Хүсэл тачаал байхгүй, баян эрхэм бадрал дэгжрэл гэвэл хэдий утаа манан мэт боловч богд эрдэмтэд эрт үеэс хүний зэрэг язгуур үндсийг чухал болгожээ” гэв. Бао Юй бичгээ дэргэдээ тавьчхаад инээж: “Чи хүний зэрэг язгуур үндэс” хэмээтэл бас “Богд эрдэмтэн эртнээс” гэжээ. Чи бас богд эрдэмтнийг өгүүлсэн “Нялх хүүхдийн сэтгэлийг алдуулахгүй гэснийг мэдэх үү. Тэр нялх хүүхдэд ямар сайн байна? Нялх хүүхдийн сэтгэл гэгч мэдлэггүй, ухамсаргүй, шуналгүй, цээргүй болой. Бид төрснөөс аваад нэгэнт шунал тачаангуй урин мунхгийн балчиг шаварт шигдсэн тул яаж энэ тоосноос дэвхрэн гарч чадах вэ. Одоо би сая “Хурах, тархах, хөвөх, төрөх” гэдэг дөрвөн үгийг нягтлан бодлоо. Эртний хүн өгүүлсэн нь нэгийг ч сэхээрүүлж чадсангүй. Хүний зэрэг язгуур үндсийг хэлэлцвэл, хэн нь тэр анх түрүүний оронд хүрч чадсан ажээ” гэв. Бао Чай:

-Чи “Нялх хүүхдийн сэтгэл” гэж байна. Эртний богд эрдэмтэн шударга элбэрлийг нялх хүүхдийн сэтгэл гэжээ. Харин холбогдол чирэгдэлгүйгэЭр Ертөнцөөс зайлж олноос ангижрахыг нялх хүүхдийн сэтгэл гэсэн биш болой. Яо, Шүнь, Юй, Тан, Жөү, Кунгийн үед ч төрийг засаж, түмнийг сургахыг гол болгосон бөгөөд нялх хүүхдийн сэтгэл гэгч даруй “Төвдөхгүй” гэсэн үг болой. Чиний саяын хэлсэн ёсоор тэнгэрийн эшийг ч огоороход хүрвэл одоо ямар ёс болно вэ гэж асуув. Бао Юй толгой дохин инээж:

-Яо Шүнь, Чао Шюйг албадсангүй. Ү Жөү, И Чи-г шахсангүй гэтэл Бао Чай:

-Чи дандаа буруу яриад байх болчихлоо. Эртнээс цөм Чао Шүй, И Чи мэтийг, бас одоогийн хүн яахин Яо Шүнь, Жөү Кунг богд эрдэмтэн гэж өргөмжилсөн юм бэ? Түүгээр үл барам чи өөрийгөө И Читэй жиших нэн буруу шүү. И Чи гэгч Инь Шан улсын доройтох үед төрөөд хичнээн их бэрх хэцүү явдалтай учирсан билээ. Тэгээд шалтаг эрж зайлсан. Одоогийн ийм энх төвшин цагт тохиолдож төрөөд үе улиран эзэн тэнгэрийн хишгийг хүртэж өвгөд дээдсийн үеэс таж магнаг, тансаг идээнд шумбасаар ирснээр барахгүй, чамайг төрснөөс нааш өөд болсон Лао тайтайгаас эхлээд Лаое, тайтай хүртэл бүгдээр амьд эрдэнэ мэт үзсээр иржээ. Чи сая хэлсэнээ сайтар тунгаан бодоорой гэв. Бао Юй толгой дохиж үг хэлэлгүй инээмсэглэв. Бао Чай инээж:

-Одоо чи хэлэх үггүй мухардав уу. Би чамайг ятгая. Үүнээс хойш тэр бодлоо татаж, ном бичигтээ хичээ. Нэг зэрэг олбол эзэн тэнгэрийн хишиг, өвгөд дээдсийн ивгээлийг мартахгүй болно… гэсэнд цаадах нь шүүрс алдаад:

-Нэг зэрэг олох нь үнэндээ тийм хэцүү юм биш. Харин чиний хэлээд байгаа “Тэр бодлоо татаж”, “Тэнгэрийн хишгийг мартахгүй” гэх нь харин уг бодлоосоо огт салсангүй болой гэв. Ши Рэнь ирэв. Тэрбээр:

-Эр найнайгийн саяын хэлсэн эртний богд урьдын мэргэд гэгчийг бид мэдэхгүй. Гагцхүү бид хар багаас Эр Еэг дагаж зовон зүдэн хичээсээр иржээ. Зүй ёсыг ярилцвал зүтгэн чармайх хэрэгтэй боловч Эр Еэ бас баахан санаж мэдвэл зохино. Үүгээр үл барам эл найнайн бол Эр Еэгийн өмнөөс Лаое тайтайд тахимдуу элбэрлийг хичнээн гүйцэтгэснийг мэдэхгүй. Эр Еэ хэдий нөхөр, гэргийн журмыг тоохгүй боловч бас хүний сэтгэлийг мэдэж болно. Бурхан сахиус гэгч худал хуумгай зүйлийг хэн ч итгэхгүй. Ертөнцөд бууж ирсэн аршийг үзсэн хүн ер үгүй. Хаанаас тийм хуушаан ирж хичнээн их самуун үг хэлснийг Эр Еэ итгэчихжээ. Эр Еэ бол бичиг эрдэм сурсан хүн. Түүний үг Лаое, тайтайгаас эрхэм болж болох уу гэж хэлсэнд Бао Юй дуугарсангүй.

Ши Рэнь яриагаа үргэлжлүүлэх гэтэл цонхны гадаанаас “Авга гэртээ байна уу” гэсэнд Жя Ланий дууг таниад Бао Юй босож: “Ороод ир” гэсэнд Бао Чай босон зогсов. Жя Лань орж ирээд Бао Юй, Бао Чай хоёрын амрыг эрээд Ши Рэньтэй мэндлэв. Тэгээд өөрийнхөө бичгийг гаргаж Бао Юйд барив. Цаадах нь тосож аваад “Гуравдугаар авга эгч чинь ирсэн үү” гэсэнд Жя Лань “Өвөг аав ирнэ гэж захиандаа бичсэн болохоор мөд ирэх байхаа” гэв. Бао Юй дотроо юм бодож байсан учир зүгээр л толгой дохив. Жя Лань:

-Авга үзсэн байхаа. Өвөг аав захидлынхаа сүүлд биднийг бичиг номоо сайн үз гэжээ. Энэ хэр авга лав зохиол бичээгүй байхаа… гэсэнд цаадах нь инээж:

-Би мөн хэдэн хуудас бичиж гараа дасгавал, энэ гавьяа нэрийг мэхлэн олоход сайн болой гэв. Жя Лань:

-Тийм бол авга та хэдэн сэдэв гаргаад би дагалдан зохиож сурвал мөн шалгалтыг эвлүүлж болно. Тэр үед хүрээд хоосон хуудас тушаавал хүний элэг доог болохоор барахгүй ганц намайг биш, авгыг ч шоолоход хүрнэ шүү гэв. Бао Юй инээж: “Чи энэ хэрд хүрээгүй ээ” гэсэнд Бао Чай Жя Ланийг суулгав.

Тэр хоёр зохиолын учрыг ярилцсанд санаандгүй баярын царай оров. Бао Чай ч тэр баяр хөөртэй ном хэлэлцэхийг үзээд дотроо: “Бао Юйгийн байдлыг харвал сэргэж ухаарсан бололтой. Тийн гэвч “Тэр бодлоо татаж” гэсэн үгийг дахин давтаж хэлсэн нь ямар санаа юм бэ гэж бодож гайхав. Ши Рэнь ганцаараа түүний утга уянгыг хэлэлцэж шалгалтад орохыг дурдсныг сонсоод их баярлаж дотроо, бурхан минь ээ. “Дөрвөн бичиг” тайлбарлах мэт хэлсээр арай гэж нэг ухааруулав” гэж бодов. Бао Юй, Жя Лань хоёрыг зохиол ярилцаж байтал Ин Эр цай авчирч өгөв. Жя Лань босож цай аваад дараа нь шалгалтад орох ёс дүрмийг удтал ярилцав. Бас Жэнь Бао Юйтэй хамт шалгалтад орох нь гэсэнд Бао Юй их дуртай мэт байв. Тэгээд Жя Лань, өвөөгийнхөө захиаг орхиод явав. Бао Юй захидлыг уншин үзээд Шө Юэд өгч хадгалуулаад гарч тэр эвхмэл “Жуанзы” бичгийг цааш хурааж, ерийн өдөр их дуртай үздэг “Шэнь тун чи”, “Юань Мин бао”, “Ү Дөн Хуй Юань” зэрэг бичгийг /Бумбын ёс ба даяаны номлолын бичиг/ Чю Вэнь, Шө Юэ, Ин Эр нараар зөөлгөж нэг газар тавиулав. Бао Чай түүний энэ байдлыг үзээд гайхаж, санааг нь мэдье гэж бодоод асуусанд цаадах нь: “Сая л учрыг мэдлээ. Эдгээр ном цөм хэрэггүй. Нэг мөсөн шатаавал санаа амрахсан” гэв. Бао Чай сонсоод туйлын их баярласанд Бао Юй амандаа:

Алдарт номын өгүүлэлд бурханы чанар үгүй

Алтан үрлийн увьдас дээр хувилгаан онгоц бий… гэж шивнэн уншив. Бао Чай эдгээр үгийг лавлан сонссонгүй. Ганц “Бурханы чанаргүй”, “Хувилгаан онгоц бий” гэх хэдэн үгийг сонсоод дотроо бас сэжиглэж, юу ч гэсэн түүний яаж аашлахыг харъя гэж бодов. Бао Юй тэр даруй Шө Юэ Чю Вэнь нараар нэг сэлүүн өрөөг цэвэрлүүлээд тэдгээр утга шүлэглэлийн зүйлийг цөмийг цуглуулан тэр гэрт түр тавиад өөрөө харин сэтгэл шуударч хичээн сурсанд Бао Чай сая санаа нь амрав. Энэ үед Ши Рэнь үзээгүйг үзэж, сонсоогүйг сонсож инээн Бао Чайд:

-Найнай үнэхээр нэвтэртэл хэлжээ. Нэг сайн хэлээд л Эр Еэг ухаарууллаа. Тийм боловч даанч хожимдлоо. Шалгах өдөр нь тун ойр боллоо… гэсэнд Бао Чай инээж:

-Гавьяа нэрд тогтсон тоо байна. Шалгагдан орох, үгүй нь эрт орой сэтгэл шуударсанд биш, үүнээс хойш тэр нэг сэтгэлээр төв замд шуударч, урьдын гажуу зангаа орхиж чадвал сая сайн болно гээд гэрт өөр хүнгүй тул шивнэх шахуу, ийнхүү ухаарсан нь хэдий сайн боловч бас нэг учир байна. Урьдын хуучин авьяас нь хөдөлж охидтой ханилан наадвал бас муухай болно гэв. Ши Рэнь:

-Найнайгийн хэлэх зөв. Эр Еэ тэр хуушааны яриаг сонсоод л эгч дүү нараасаа хөндийрсөн. Одоо хуушаанд итгэхгүй болсон бол тэр хуучин юм нь дахиж мэднэ. Би бодвол, найнай бид хоёрыг Эр Еэ төдий л тоохоо больсон. Зы Жюань яваад одоо тэр дөрөв үлдлээ. Үүний дотор Ү Эр нилээд үнэгэн ухаантай, сонсож байвал эх нь эндээс гаргаж аваачаад хүнд хэлэлцэж өгнө гэж их найнаагаас гуйсан гэх боловч энд байж л байна. Шө Юэ Чю Вэнь хоёр хэдий иймээ тиймээгүй боловч Эр Еэ тэр хэдэн жил мөн инээж наадаж явсан юмаа. Одоо Ин Эрийг Эр Еэ тоохгүйгээр барахгүй цаадах нь томоотой номхон болохоор түүгээр бяцхан охидтой цуг цай ус зөөлгөөд байж болноо. Найнайгийн санаанд ямар вэ гэв. Бао Чай:

-Миний бодолтой нийлж байна гээд, түүний хэлснээр болгов.

Бао Юй гэрээс гарахгүй болов. Өдөр болгон хүн илгээж эхийнхээ амрыг эрүүлнэ. Түүний энэ байдлыг үзээд эх нь баярлан тайтгарав.

Найман сарын шинийн гурван бол Жя Мүгийн өөд болсон өдөр учир Бао Юй өглөө эрт ирж мөргөөд дараа нь сэлүүн өрөөндөө суув. Хоолны дараа Бао Чай Ши Рэнь нар эгч дүүсийн хамт Шин, Ван хоёр               Фүрэний дэргэд сууцгааж энэ тэрийг ярилцан байх үес Ин Эр нэг тэвш гуа жимс авч ирээд: “Тайтайгаас Эр Еэд илгээжээ. Энэ бол Лао тайтайгийн хишиг юмаа” гэв. Бао Юй босож жимсийг хүлээн аваад“Тэнд аваачиж тавь” гэв. Ин Эр жимсийг аваачиж тавих зуураа “Тайтай тэнд Эр Еэг магтаж байна” гэж сэмхэн хэлэв. Бао Юйг инээмсэглэхээр Ин Эр “Тайтай, Эр Еэгийн хичээн шамдвал удахгүй шалгалтад ороод хойт жил орогсод болж түшмэл болно. Ингэвэл, Лаое, тайтай хоёр Эр Еэг дэмий санасан биш болой гэж хэлж байна” гэсэнд цаадах нь толгой дохив.

Энэ зуур Ин Эр тэр жил Бао Юйд цацаг зангидаж өгөх үед түүний хэлсэн үг гэнэт санагдан “Эр Еэ хэрэв зэрэг олбол манай аниагийн буян болно. Эр Еэ тэр жил хүрээлэнд надаар тэргүүлэгч цэцгийн цацаг зангидуулах үед манай аниаг намайг дагуулан аль нэг буянтны гэрт очих болов уу гэснээ мартаагүй байхаа. Одоо Эр Еэгийн буян дайрчээ” гэсэнд Бао Юй сонсоод ертөнцийн бодол гэнэт дэгдсэнээ яаран дарж инээгээд:

-Чиний хэлэхээр би буянтай, охин чинь бас буянтай болой. Гэтэл чи? гэж асуув. Ин Эрийн царай улайж арай гэж инээмсэглээд:

-Нэг насаараа инж явах бидэнд ямар буян байхав гэв. Бао Юй инээж:

-Чи үнэхээр насаараа инж явбал чиний буян маний буянаас их болно гэв. Энэ үг солио мэт санагдсан тул түүний өвчин хөдлөхөөс айж яван завдтал Бао Юй инээж:

-Тэнэг охин, чамд би юм хэлж өгье гэв. Бао Юй юу хэлснийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж