“Сумито”-гийн шинэ захирал У.Хүрэлсүхийн танхимд итгэх болов уу

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

“Сумито”-гийн шинэ захирал У.Хүрэлсүхийн танхимд итгэх болов уу

“Сумито”-гийн шинэ захирал У.Хүрэлсүхийн танхимд итгэх болов уу

“Сумитомо” корпорацийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигджээ. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна. Хуучин захирлыг үдэх, шинэ захирлыг угтах хүлээн авалтын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт болжээ. Энэ үеэр ноён Хирото Фүживара өөрийн ажиллах үед нь Тавантолгойн төсөлд хамтран ажиллана гэж ихээхэн найдвар тавьж байсан бөгөөд энэ ажлынхаа үр дүнг үзэж чадалгүй буцаж байгаадаа сэтгэл дундуур байгаа илэрхийлжээ. Мөн цаашид ч уг төсөлд хамтарна гэж найдсан хэвээр байгаагаа илэрхийлсэн байна.

“Сумитомо”-гийн хувьд Австралид хэд хэдэн нүүрсний уурхайд хамтарсан үйлдвэр хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ Сумитомогийн хувьд нүүрсний салбар бол үйл ажиллагааны зөвхөн жижигхэн хэсэг нь бөгөөд худалдаа, мэдээллийн технологи, барилга, ган үйлдвэрлэл, уул уурхай, үл хөдлөх, банк санхүү гэх мэт олон салбарт томоохон орон зайг эзэлсэн дэлхийн хэмжээний компани юм. Монголд одоогоор “Мобиком”-ын үүсгэн байгуулагч, их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог компани гэх “шошго” л хэвээр үлджээ.

Манай улс “Сумитомо” корпорацитай 1991 онд Монголбанкны алт цэвэршүүлэх төслөөр холбогдох, 1996 онд “Ньюком” болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Мобиком” компанийг үүсгэн байгуулсан, улмаар 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан юм. Тухайн үед Засгийн газраас байгуулсан “Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч хамтарсан консерциумд багтсан Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр Ишихара Сүсүмү хэлэхдээ “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон “Сумитомо” компанийн хувьд Тавантолгой төсөл бол маш чухал төсөл. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны хоёрдугаар сард хийсэн айлчлалын үеэр “Сумитомо” корпорацийн Ерөнхийлөгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан хэмээн харамсангуй ярьсан байдаг. 

Харин өнөөдрийг хүртэл Тавантолгой төсөл “гацаанд” байгаа хэвээрээ. Дашрамд дурдахад, энэ сарын 18-нд буюу өнгөрсөн баасан гаригт Японы Токио хотноо БНХАУ, Япон, БНСУ гурван орны олон улсын хамтын ажиллагааны форум болсон. Энэхүү форум ‘Гурван орны хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе: Өнгөрсөн 10 жилээ эргэн санаж, ирэх 10 жилээ угтан харъя’ сэдвээр өрнөсөн бөгөөд гурван орны 300 гаруй зүтгэлтэн оролцжээ. Мөн форумын үеэр Японы Либерал Ардчилсан намын дэд дарга Комура Масахико “Гурван орон хоорондоо харилцан дэмжиж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь тус тусын ашиг сонирхолд тустай төдийгүй Зүүн Ази цаашлаад дэлхий дахинд чухал ач холбогдолтой” гэсэн нь анхаарал татсан юм.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 9-12-нд БНХАУ-д айлчилсны дараа Тавантолгой төслийн талаар ямар шинэ мэдээтэй байх бол гэдэг асуудал хамгийн чухал байлаа. Тэрбээр айлчлалын үеэр ““Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаар манайхны хэлдгээр төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцлаа. Тавантолгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна, монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих л гэж байна. Тиймээс нэгдүгээрт хил боомтын асуудлаа шийдвэрлэж, сайжруулна. Хоёрдугаарт Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргахаар УИХ-дөргөн барина. Төмөр зам, автозамын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Үзээд хараад явах биш шийдвэр гаргах цаг болсон” гэсэн юм.

Яг одоо “Томоохон төслүүдээ хөдөлгөнө” гэсэн Ерөнхий сайдын үг лоозон биш байгаасай. Үнэхээр төслүүдээ хөдөлгөөсэй гэдгийг иргэд төдийгүй хөрөнгө оруулагчид ч сонирхож харж байна. Тиймээс “Сумито”-гийн шинэ захирал Монгол төрийн сайд нартай хэлэлцээрийн ширээний ард суух эсэх нь цаг хугацааны асуудал болоод байна гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж