УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.23/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа бөгөөд бүлэгт мэдээлэл өгсөн байна. Мөн бүлгийн хуралдаанаар бүлгийн гишүүдийн сахилга хариуцлага, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал дээр анхаарах зэрэг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг цаашид хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжих болов уу. Үндсэн хууль хэлэлцэж эхэлбэл УИХ өөр бусад хуулиудыг хэлэлцэхгүй шүү дээ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн явц ямар байгаатай танилцсан. Бүлгийн гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа төслөө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна. Мөн бусад улс төрийн намууд, холбогдох хүмүүстэй зөвшилцсөний дараа эцсийн хувилбар дээр тохиролцож чадвал энэ жилдээ багтааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.
-УИХ-ын ажлын хэсгийн түвшинд танилцуулагдсан төсөл тодорхой тохиролцоод хүрсэн, эцсийн хувилбарт хүрсэн саналууд бий юу?
-Өнгөрсөн хугацаанд яригдсан судалгаа, уулзалт, хэлэлцүүлэг, яриа хэлцлээс гарсан зүйлсийг багцалж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж, гол зүйлүүдийг нэгтгэх, зарим хэсэг томъёолол гаргаж танилцуулсан. Энэ бол зөвхөн ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зүйлс гэдгийг онцолмоор байна. Цаашид олон нийтийн саналыг тусгах, томъёоллоо хасах, иргэдийн зүгээс ямар санал гарах вэ гэдгийг нухацтай судлах ёстой гэж бодож байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Гэтэл МАН-ын залуу гишүүд болох Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэсэн саналуудыг яриад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр бүлэг нэг зүгт харж чадаж байгаа юу?
-Энэ бол бүлгийн гишүүдийн олон ургалч санал байна. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой. Түүн дотор парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт олон санал гарч байгаа. Мэдээж, өнөөдөр эцсийн тохиролцоо хийгдээгүй зөвхөн ажлын хэсгийн түвшинд яригдсан. Яг төсөл яригдах үед МАН-ын бүлэг энэ олон асуудал дээр нэг байр суурьт саналаа нэгтгэнэ.
-МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийх асуудал дээр ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Төсвийн тодотголтой холбоотой асуудал Засгийн газраас оруулж ирээгүй.
–Ардчилсан намын зүгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндөж тавьлаа. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.
-Оюутолгойн ажлын хэсэг урьдчилсан байдлаар бүлэгт мэдээлэл өгсөн үү. Ажлын хэсгийн шалгалтын явц ямар байна вэ. Оюутолгойг тойрсон маргаан олон нийтийн дунд байсаар байна?
-Оюутолгойн ажлын хэсэг бүлэгт мэдээлэл хийгээгүй байна. Оюутолгойг тойрсон асуудал гадаад дахь нэр хүндийг сайнаар харуулахгүй гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй, улс төр эдийн засгийн буруу бодлогын үр дүнд бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг 2-3 дахин тэлсэн нь гарцаагүй үнэн. Оюутолгойтой холбоотой хүнийг хуулийн дагуу шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хуулийн байгууллага өгөх хэрэгтэй. Монголын эдийн засгийг урагш нь чирч байгаа томоохон үйлдвэр, компаниуд руу дайрсан олон нийтийг талцуулсан дайралт эрс нэмэгдэж байна. Үүнийг бид анхааралдаа авах ёстой гэж Засгийн газарт ч хандаж хэлсэн. Ер нь бид баялаг бүтээгч нараа элдвээр хэлж, хөөж, зогсоогоод тэгээд Монгол Улсыг хөгжүүлэх тухай асуудлыг яриад хэрэггүй. Энэ асуудалд Засгийн газар, төр нь аль ч гэсэн тодорхой хариулт өгч, маш тодорхой байр суурьтай болгохгүй бол цаашид нийгэмд юм бүтээх гэсэн хөгжүүлэх гэсэн хүмүүс ховордоно. Монголын томоохон компаниуд 5-10 мянган хүнтэй болтлоо зүтгэсэн байхад унагаах, харлуулахын төлөө зүтгэж байгааг нь олон талаас нь бодох ёстой. Засгийн газар ч гэсэн энэ компаниудынхаа төлдөг татвар, ажлын байраар хангаж байгаа гэдгийг тодорхой мэдээлж байх ёстой гэдгийг У.Хүрэлсүх сайдад хэлсэн.
Ш.ЧИМЭГ