Зэрлэгшсэн нийгэмд амьд явах баталгаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Зэрлэгшсэн нийгэмд амьд явах баталгаа байна уу?

Зэрлэгшсэн нийгэмд амьд явах баталгаа байна уу?

Хэдхэн хоногийн өмнө нөхөр нь эхнэртээ уурлаж, орон байраа шатаасан хэрэг гарсан бол өнгөрсөн амралтын өдөр төрсөн дүү нь эгчийнхээ амийг хөнөөж, хэргээ далдлахын тулд гал тавьсан байж болзошгүй нь. Урьдчилсан байдлаар өс хонзонгийн сэдлээр 19 настай дүү нь найзтайгаа нийлж, эгчийнхээ амийг бүрэлгэн, байранд нь гал тавьсан болохыг цагдаагийнхан тогтоогоод байна.

Анх хэргийн газарт нийслэлийн Онцгой байдлын газрынхан ажиллаж, 27 настай эмэгтэй амиа алдсан тухай харамсалтай мэдээг дуулгахад цахилгааны гэмтлээс болж, хүний амь хохирчхоогүй байгаа гэж бодсоноос биш төрсөн дүүгийнхээ гарт үрэгдсэн чинээ хэний ч санаанд буугаагүй.  Харамсалтай нь, хэний ч төсөөлөөгүй хэрэг үйлдэгджээ.  Цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд хэрэг үйлдсэн этгээдүүдийг саатуулаад байна.

Амьдралд эгч, дүүс маргаж, зөрөлдөхийг алийг тэр гэх билээ. Биедээ гуньж туних ч цагийн аясаар зөөлөрч, хэн, хэнийгээ уучилдаг. Төрсөн эгч дүүс байтугай харь элгийн хүмүүс ч биенээ уучилж, ойлголцдог. Уучлал, ойлголцол, хайр энэрэл байж, нийгэм урагшилдаг.

Гэвч үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд Монголын нийгэм зэрлэгшиж гүйцсэнийг харуулсаар удлаа. Төрсөн хүүгээ хүчирхийлсэн, дагавар хүүхдээ заазуурдсан гээд аймшигт хэргүүд өнгөрсөн хугацаанд гарсныг санах хүн олон биз. Энэ бол нийгэм асар их бухимдалтай, иргэд ажилгүйгээсээ болж, хүний сэтгэлд багтамгүй олон хэргийг өдүүлж, эцэст нь өөрөө ялтан болж, хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч нь болж, амь насаа алдаж байгаа баримтуудын нэг л хэсэг юм.

Нийгмийн өвчлөлд хувь хүний хүмүүжил, ёс зүй, боловсрол ч нөлөөлж байна. Учир нь гэмт хэргийг өдүүлэгч нь гол төлөв боловсролгүй иргэд эзлэх болсон. Үүнд эцэг, эхчүүдийн уламжлалт сэтгэхүй ч буруутай.

Жишээ нь, хүүгээ охиныхоо нэгэн адил авч үзэж, боловсрол эзэмшихэд нь анхаардаггүй нь эцсийн дүндээ нийгэмшиж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож байна.

Эрийн цээнд хүрч, гэр бүл зохиодог ч эцэг хүн хүүхдийнхээ өмнө ямар үүрэг хүлээх ёстойг ч ухамсарладаггүй. Эцэст нь гэр бүлээ хүчирхийлэгч, дарамтлагч эсвэл гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож байна. Иймээс эцэг, эхчүүд хөвгүүдээ боловсролтой болгоход анхаарч, төр ажилгүйдэл ядуурлаа бууруулж, нийгмийн сэтгэл зүйг эмчлэх арга хэмжээг яаралтай авахгүй бол аймшигт хэргүүд ахин гарахгүй гэх баталгаа алга.

Үүнээс гадна зөвхөн дээр дурдсан хоёр хэргээс болж олон айл орох оронгүй болж хохироод байна. Тодруулбал, эхнэртээ уурлаж байраа шатаасан нөхрийн үйлдлээс болж,  давхар нэг өрх бүл орох оронгүй болсон. Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн “Саруул” хотхонд тавьсан түймрийн улмаас гурван ч айл хохирол амслаа. Оршин суугчид нь эсэн мэнд үлдсэн нь зол боловч амиа алдаж болзошгүй байсныг сануулах ёстой болов уу. 

Монголын нийгэм гүн шоктой, төр нь уул уурхай, баялагаас өөрөөр ярих сэдэвгүй болсон орчин үед сэтгэлгээний ядуурал газар авсаар. Эдийн засгийн ядуурлаас сэтгэлгээний ядуурал руу унаж яваа Монголын нийгэмд өдөр ирэх тусам аюулын харанга дэлдээстэй.

 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж