Улаан асрын зүүд (117-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (117-р бүлэг)

Улаан асрын зүүд (117-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун арван долдугаар бүлэг

ХУВРАГ БОЛОХЫГ ХОРИГЛОН ХОЁР ҮЗЭСГЭЛЭН ХАШ ЭРДЭНИЙГ ХАМГААЛЖ, ХУДАРГАГҮЙ ААШИЛЖ МУУ АЧИНЦАР ГЭР ГОЛОМТЫГ ЭЗЛЭВ

Өгүүлэх нь: хүн ирж Бао Чайг, Ван Фүрэнь дуудаж байгааг хэлэв. Яаран очиж зөвлөлдсөний дараа Бао Юй гадаа хуушаан ирлээ гэж сонсоод сандран гүйн гарч “Миний багш хаана байна” гэж дуудсанд цаадах нь ер харагдсангүй. Тэгэх нь ээ, Ли Гүй хараад оруулахгүй байжээ. Бао Юй: “Тайтайд, багшийг залж оруул гэж намайг хэлж байна гэж хэл” гэсэнд хуушааныг хорихоо болив. Хуушаан ханхалзан орж ирэв. Тэр хуушаан, Бао Юйгийн сүнс тэнүүчилж байхад тааралдсан хүнтэй адил байгааг хараад урагш алхан ёсолж: “Багшаа, шавь нь угтаж амжсангүй” гэвэл, тэр хуушаан “Би чамаар угтуулахгүй. Мөнгө л авчирч өгвөл би одоо явлаа” гэв. Түүний үг бясалгал үйлдсэн хүний үг биш Бао Юйд санагдсанд ахиулж харвал, толгой нь дүүрэн шарх сорвитой, муухай навсгар хувцастай байв. Тэгээд дотроо, хууч үгэнд, “Шидтэн үнэн дүрээ харуулахгүй. Хэрэв харуулбал тэр шидтэн биш” гэж байдаг. Одоо үүнийг алдаж болохгүй. Би мөнгө өгье. Юу ч гэсэн амыг нь харъя гэж бодоод: “Багш та сандрах хэрэггүй. Одоо миний ээж бэлтгэж байгаа. Багш суугаад түр хүлээ. Шавь би багшаас асуух үг байна. Их Сансарын арилсан орноос ирсэн бизээ’ гэв. Хуушаан: “Юуны чинь арилсан орон бэ. Би бол ирэх газраасаа ирээд очих газартаа очдог хүн. Би чиний хашийг авчирсан. Чи тэр хашийг хаанаас авчирсан гэж бодож байна” гэсэнд Бао Юй хариу хэлж чадсангүй. Хуушаан инээж: “Чи ирсэн газраа мэддэггүй байж, бас надаас асууна” гэв. Бао Юй сэргэлэн ухаантай бөгөөд бас зааж удирдсан тул улаан тоосыг хэдийн ухаж мэдсэн ч гэсэн өөрийн уг учраа олж мэдээгүй байжээ. Сая хуушаан хашны учрыг асуусанд гавал дээр нь ганцхан цохичих шиг болов. Тэгээд “Танд мөнгө хэрэггүй. Тэр хашийг чамд буцааж өгье” гэсэнд хуушаан инээж: “Буцаах цаг болсон” гэв. Бао Юй дотогш гүйн орж гэртээ очсонд цаадуул нь цөмөөр Ван Фүрэнийх рүү яваад эзгүй байв. Санд мэнд хашаан аваад гартал Ши Рэньтэй яг таарчихав. Цаадах нь цочоод “Тайтай чамайг хуушаанд хань болж суугаа нь сайн гэж байна. Түүнд өгөх мөнгийг тайтай бэлтгэж байгаа тул чи тэндээ бай” гэсэнд Бао Юй:

-Чи шалавхан очоод тайтайд мөнгө зоос бэлтгэх хэрэггүй гэж хэл. Би одоо түүнд энэ хашийг буцааж өглөө гэв. Ши Рэнь сандарч түүнийг татаад:

-Энэ болохгүй. Тэр хаш бол чиний амь шүү. Түүнд өгөхөөр чи бас өвдөнө… гэсэнд Бао Юй:

-Би одоо өвдөхгүй болсоон. Зүрхтэй болсон болохоор энэ хашаар юү хийх вэ гээд Ши Рэнийг түлхчихээд явсанд цаадах нь ихэд сандарч:

-Чи битгий оч. Би нэг үг хэлье… гэсэнд цаадах нь:

-Чамд хэлэх юм байхгүй гэв. Ши Рэнь сандарсаар:

-Тэр үед хашаан алга болгоод арайтай миний амийг аваагүй. Одоо олсноо буцааж өгвөл чи амьд явж чадахгүй. Би ч бас байхгүй болно. Чи наадахаа аваачиж өгөхөөсөө өмнө намайг үгүй хийчих гээд гүйн очиж барьж авав. Бао Юй уурлаж:

-Чамайг үхсэн ч буцааж өгнө, үхээгүй ч буцааж өгнө гээд түлхчихээд цааш явах гэсэнд хоёр гараараа бүснээс нь зуураад бархирчихсанд цаадах нь явж чадсангүй. Тэднийг ингэж байтал шивэгчин охид ирэв. Ши Рэнь: “Тайтай руу гүйгээрэй, энэ Бао Юй хашаан хуушаанд буцааж өгөх гэж байна” гэсэнд охид яаран гүйлдэв. Энэ үед Бао Юй наадахыгаа тавиулах гэж хүчлэн оролдоно, Ши Рэнь яаж ч өвдсөн барьсан газраа тавихгүй байв. Зи Жюань тэдний яриаг сонсоод Бао Юй хашаа аваачиж өгөх гэж байгааг мэдээд, түүнд дургүй байсан бодлоо есөн тэнгэрийн цаана хаяад сандран гүйн гарч ирээд тэврээд авав. Цаадах нь хэдий эр хүн боловч хоёрын хоёр охин зуурч байхад яаж мултрах вэ. Санаа алдаад: “Нэг хэсэг хашийн учирт ийнхүү тавихгүй үхэлдэн зуурна. Би ганцаараа явж өгвөл та нар яах юм бэ” гэсэнд наад хоёр нь цурхиран уйлалдав. Тэднийг ийн салахгүй зууралдаж байтал Ван Фүрэнь, Бао Чай хоёр хүрч ирэв. Энэ байдлыг хараад эх нь уйлж: “Бао Юй чи, солиорсон байхаа” гэж зандарсанд явж чадахаа больсныг мэдээд инээх аядан:

-Яагаад тайтайг цухалдуулаад байгаа юм бэ. Эд нар ингээд л хүн амьтныг үймүүлээд байдаг юм. Тэр хуушаан нь даанч нүүргүй юм л даа. Түмэн лан мөнгө авна гэхээр нь миний уур хүрээд энэ хаш чинь хуурамч юм байна гэвэл, бага сага мөнгө өгөөд зүйл дуусгаж болох байсан юм гэв. Ван Фүрэнь:

-Би үнэнээсээ мөнгө өгнө гэж санаж байна. Тийм юм бол чи эдэнд тодорхой хэлэхгүй яаваа. Эднийг ингэж орилуулж бархируулах хэрэггүй юм гэсэнд Бао Чай:

-Ийм бол харин гайгүй. Хэрэв үнэхээр түүнд буцааж өгвөл тэр хуушаан маш жигтэй, гэнэт авч яваад гэр хотлоорыг амар тайвангүй болговол муухай явдал болох бишүү. Зоос мөнгө гэхэд миний толгойн заслыг хувилгахад л хүрнэ шүү дээ гэв. Ван Фүрэнь

-За тийм л болог. Тэгвэл тэгээд л хийж дээ гэсэнд цаадах нь дуугарсангүй. Бао Чай хүрч очоод Бао Юйгийн гараас хашийг нь аваад,

-Чи тийш очих хэрэггүй. Тайтай бид хоёр очоод мөнгийг нь өгье гэсэнд цаадах нь:

-Хашийг түүнд өгөхгүй бол болох юм. Харин би түүнтэй нэг уулзана… гэхэд нь түүнийг явуулсангүй. Бао Чай хурц хүн болохоор,

-Тавь, тавь. Өөрөө мэдэг гэв. Ши Рэнийг тавихаар Бао Юй инээж:

-Та нар хашийг хүндэтгээд хүнийг тоохгүй байна гэсэнд Ши Рэний дотор цухалдаж, түүнийг тавихгүй гэсэн боловч эх, эхнэрийн нь дэргэд хэтэрхий авирлаж болохгүй тул тавив. Бао Юй явав. Ши Рэнь, бяцхан охидыг гуравдугаар хаалга руу илгээж, Бэй Мин нарт “Эр Еэг гадаа сайн харж бай. Солио нь хөдлөх вэ” гэж захисанд хэлсэн ёсоор нь явцгаав. Ван Фүрэнь, Бао Чай нар сэтгэл түгшин, хүн явуулж олныг сайн харж бай, бас хуушаантай юу ярилцахыг нь чагна гэж хэлүүлэв. Охид буцаж ирээд, Ван Фүрэньд “Үнэхээр солиорчээ. Гаднах хүүхдүүд хашийг өгсөнгүй тул тэр бас аргагүй. Одоо хуушааныг гэртээ аваачъя гэж гуйж байна” гэж мэдүүлсэнд “Тэр яаж болох вэ. Хуушаан нь юү ярьж байна” гэв. Охид “Хуушаан хашаан авна. Үнийг авахгүй гэж байна” гэсэнд Бао Чай “Мөнгө авах гэнэ үү” гэж асуув. Охин “Сонссонгүй. Сүүлдээ хуушаан, Эр Еэтэй хөхрөлдсөн. Олон юм ярьсныг нь тэр бүр сайн ойлгосонгүй” гэв. Ван ФүРэнь: “Тэнэг амьтад сонсоогүй юм бол тааж хэлж болохгүй. Та нар яваад тэр хүүг аваад ир” гэв. Охид яаран гараад хөвгүүнийг дуудаад ирсэнд саравчны дор зогсоод мэнд мэдэв. Ван Фүрэнь:

-Тэр хуушаан, Эр Еэтэй юу ярьсныг чи сонсов уу дуулснаа яг хэлж чадах уу гэж асуусанд хөвгүүн:

-Бидэнд зөвхөн “Эзгүй нэрт уул”, “Хөх далант оргил” бас яасан “Сансарын орон”, “Улаан тоосыг тас хавчина” гэх мэт хоорондоо холбоогүй хэдэн үг л сонссон гэв. Ван Фүрэнь бас учрыг нь мэдсэнгүй. Бао Чай энэ үгийг сонсоод ихэд айж, хоёр нүд нь гөлрөн үг дуугарч чадсангүй. Хүн явуулж Бао Юйг авчруулъя гэтэл гаднаас инээсээр ороод ирэв. Тэрбээр: “Сайн болсон, сайн болсон” гэв. Бао Чай гөлрөн зогсоно. Ван ФүРэнь: “Чи юү гэж солиоров” гэсэнд цаадах нь: “Үнэн үг хэлэхэд та нар бас солиорлоо гэдэг болов оо. Хуушааныг би танина. Сая бол надтай л уулзах гэж иржээ. Тэгээд хэлэх юмаа хэлчихээд ханцуй сэгсчээд л арилж өглөө. Энэ сайн биз дээ” гэсэнд эх нь итгэхгүй цонхны дор зогсоо хөвгүүнээс дахин асуув. Тэрбээр үүдний хүнээс зөвшөөрөл аван орж ирээд:

-Хуушаан үнэхээр явсан. Явахдаа, тайтай нарыг тайван бай. Би мөнгө авах гээгүй. Энэ Бао Эр Еэ-г миний тэнд дандаа очуулж бай. Алив юм цөм хувь ерөөлөө дагах нь нэгэнт тогтсон ёс юм гэсээн гэв.

-Үнэхээр нэг сайн хуушаан байсан байхаа. Та нар түүний хаана суудгийг асуусан уу гэж Ван Фүрэнийг асуусанд хөвгүүн:

-Үүдний хүн, манай Эр Еэг мэднэ гэж байна лээ гэв. Дараа нь Ван Фүрэнь, Бао Юйгээс:

-Тэр хуушаан чинь хаана суудаг юм бэ гэсэнд инээн:

-Түүний байгаа газрыг хол гэвэл хол, ойр гэвэл ойр… гэтэл Бао Чай тосож аваад:

-Чи одоо ухаараач. Битгий эндүүрээд бай. Одоо Лаое тайтай хоёр ганцхан чамайг хайрлана. Лаое чамайг гавьяат нэрийн тулд сайтар чармай гэсэн бишүү гэв. Бао Юй:

-Миний энэ хэлж байгаа гавьяат нэр бишүү. Та нар “Нэг хөвгүүн хувраг болбол долоон өвгөн тэнгэрт дэвшинэ” гэсэн үгийг мэдэхгүй юү? гэсэнд эх нь уяран зовж:

-Манайх одоо яана. Дөрөвдүгээр охин байн байн гэрээс гарна гэсээр байтал одоо бас нэг нэмэгдэх нь. Би энэ мэт амьдарч юугаа хийнэ гээд уйлав. Бао Чай түүний гутран зовохыг хараад очиж аргадав. Бао Юй инээж:

-Би нэг тоглоомын үг хэлсэн төдий болой. Тайтай бас л итгэчихжээ гэсэнд эх нь уйлахаа болиод:

-Ийм үгийг инээдэм наадам гэдэг юм уу? гэв.

Тэднийг ийн хэлэлцэж байтал охин ирж: “Лянь Эр Еэ гэртээ ирэв Царай зүс нь их өөр болжээ. Тайтайг залж юм яръя гэж байна” гэв. Ван Фүрэнь хэрдхийн цочиж: “Түүнийг ороод ир гэж хэл. Хэдий дүү хүүхэн үгүй болсон ч садан хэвээр тул татгалзах хэрэггүй” гэв. Жя Лянь орж ирээд мэндлэн уулзав. Бао Чай ч угтан мэндлэв. Жя Лянь:

-Сая эцгээс захиа ирлээ. Хүнд өвчин тусчээ. Намайг хурдан ир, удвал уулзаж чадахгүй болно гэсэн байна гээд нулимс унагав. Ван Фүрэнь:

-Чухам ямар өвчин гэж захиандаа бичиж вэ гэсэнд:

-Анхандаа хүйтэн халуун хямарч байгаад одоо бол уушигны өвчин болжээ. Тун аюултай болсон тул хүн яаран ирж хэллээ. Нэг хоёр өдөр саатвал уулзаж чадахгүй болно гэж тэр хүн хэллээ. Тэгээд би тайтайд мэдүүлэхээр ирлээ. Би одоо хурдан очих ёстой. Гэрт ажил хариуцах хүнгүй болох нь. Чян Эр, Юнь Эл хоёр хэдий ухаан бядуу боловч бүстэй хүмүүс тул гадна хэрэгт бол явуулж болно. Манай хувьд бол яахав. Чю Тун, манайд байх дургүй уйлж бархираад байхаар төрхөмд нь илгээсэн. Одоо Пин Эрд амар болов. Чяо Жег харах хүнгүй боловч Пин Эр түүнд муугүй юм. Же Эрийн зан нь эхээсээ илүү гандуу боловч бас овоо юм мэдэх тул тайтай цаг үргэлж хэлж сургаж байхыг хүснэ гээд алчуур гарган нулимсаа арчсанд “Ван Фүрэнь: “Эмэг эх нь байхад надад найдаад яахав даа” гэсэнд Жя Лянь:

-Тайтай ийм үг хэлэхийн оронд намайг цохиод авсан нь дээр. Надад хэлэх үг ч алга. Тайтай намайг сайн санаж явах байгаа даа гэсээр сөгдөв. Ван Фүрэнь:

-Хурдан бос! Эх, хөвгүүд юм ярихад яагаад ингэж аашилж байгаа юм бэ. Хүүхэд чинь том болжээ. Харин эцэг чинь иймээ тиймээ болбол бас саатахад хүрнэ дээ. Үүд өрөх тэнцсэн хүн таарч, түүнийг гуйвал чамайг хүлээх юм уу, эсвэл тайтайгийн чинь санаагаар болох юм уу… гэсэнд Жя Лянь:

-Тайтай нар цөм энд байгаа тул өөрсдөө мэдтүгэй. Намайг хүлээх хэрэггүй гэв. Ван Фүрэнь:

-Чи явахаасаа наана Лаоед захиа бичээд, гэрт хүнгүй. Эцэг ямар болохыг мэдэхгүй тул, та Лао тайтайгийн ажил явдлыг дуусгаад хурдан ирвэл сайн байна гэж хэл… гэв. Жя Лянь хүлээж аваад гарах гэснээ:

-Манай гэрийн зарц нарыг зарж болно. Хүрээн дотор хүнгүй боллоо шүү. Бао Юун ядахдаа Лаоег дагаад явчихсан. И Тайтайгийн сууж байсан гэр эзгүй бас Шюэ Эр Еэ нүүгээд харьсан болохоор олон хоосон байр байна. Тэднийг харгалзах хүнгүй болсон тул хүн явуулж үзүүлж байгаарай. Лун Цүй Ань сүм угаас манай газар дээр байгаагаас гадна Мяо Юй хаачсаныг бүү мэд болсон. Тэнд хамаг юмыг эзэн чавганц нь мэдэж байгаа нэртэй ч тэр чадахгүй байгаа учир ордноос хүн гаргаж хариуцуулж болно. Энүүнийг л гуйя гэв. Ван Фүрэнь:

-Би гэгч өөрийнхөө ажлыг барахгүй байж бас яаж өөр ажлыг хариуцаж чадах вэ. Ямар ч гэсэн энэ үгээ дөрөвдүгээр охинд мэдүүлж болохгүй. Тэр мэдвэл, гэрээсээ явна гэж үймүүлнэ шүү. Манай мэтийн айлын сайхан охин, сүмийн чавганц болно гэж юү гэсэн үг вэ… гэсэнд Жя Лянь:

-Тайтай хэлээгүй бол би санахгүй. Дөрөвдүгээр охин дүү бол зүүн ордны хүн. Эцэг эхгүйн дээр төрсөн ах нь гадна байна. Тэрбээр бэргэнтэйгээ таарахгүй, үхнэ хатна гэж аашилдаг гэж сонссон. Тэр нэгэнт тийм бодолтой юм бол зөрүүдэлсээр байгаад үхвэл, гэрээс гарснаас илүү юм болно шүү гэв. Ван Фүрэнь зөвшөөрч:

-Энүүнээс би үнэхээр бэрхшээж байна. Би бас толгой мэдэж чадахгүй болохоор их бэргэн өөрөө мэдтүгэй, тийм биз гэв.

Жя Лянь эндээс гараад гэрийнхээ хүмүүст сайтар зааж зурж захиад, явах ажилдаа оров. Пин Эрд бас нилээд юм захив. Энэ үед Чяо Же охин ихэд гашуудан зовно. Эцэг нь эмээд нь найдахад охин бас дургүй. Гадуурх бүх ажлыг Жя Юнь, Жя Чян нарт найдаж байгааг сонсоод нэн дургүй байсан боловч ил хэлж чадсангүй. Арга буюу эцгийгээ мордуулаад Пин Эртэй хичээнгэ болгоомжтой суув. Фөн Эр, Шяо Хун нар Фөн Жегийн үгүй болсны дараа чөлөө эрэх нь эрж өвчнөөр шалтаглах нь шалтаглаад явав. Пин Эр, гэр дотроос нэг охиныг авчирч Чяо Жед хань болгоод өөртөө туслуулах гэж санасан боловч бодоод бодоод олдсонгүй. Ши Луань, Сы Же хоёрт Жя Мү хайртай байсан боловч нэг нь хүнд очихоор болж, нөгөөх нь хүнтэй болоод удахгүй явах болов. Жя Лянийг явсны дараа Жя Юнь, Жя Чян хоёр Ван, Шин хоёр Фүрэньтэй уулзав. Тэр хоёр нь, гаднах бичгийн гэрт сууж өдөр бүр гэрийн ардуудыг тохуурхаж, хааяа хэдэн найзтайгаа нийлж “Ээлжлэн найрлаж”, улмаар мөрийтэй тоглох болсныг ордон дотор яаж мэдэхэв.

Нэг өдөр Шин нагац Ван Фүрэнь хоёр ирээд Жя Юнь, Жя Чян хоёрын энд наргиантай байгааг мэдэж даруй харгалзан үзэх нэрээр үргэлж ирж гаднах бичгийн гэрт мөрийтэй тоглон архи уух болов. Энд ажилладаг зарц нараас шударга шулуун бузгай хэдийг нь Жя Жөн авч яваад үлдсэнээс нь бас хэдийг Жя Лянь аваад явсан тул энэ үед Лай, Линь хоёр хүү, хөвгүүд ач нар үлджээ. Эдгээр багачууд бол цөм эцэг эхийн буянаар идэж ууж сурсан улс болохоор айл гэрийг авч явах ёсыг яаж мэдэх вэ. Ядахдаа тэдний ах зах хүмүүс нь цөм эзгүй яваа тул чухамдаа “Ногтгүй морь” болцгоожээ. Дээр нь бас хоёр гаднах мэдээчин дураар нь тавих тул үйлдэхгүй үйлгүй болоод Рун Гуо Фүг эх захгүй түйвээж хаяв. Энэ зуур Жя Чян Бао Юйг татах санаа төрснөө хэлсэнд Жя Юнь зөвшөөрсөнгүй. Тэрбээр:

-Бао Юй бол хувьгүй хүн тул түүнд ойртох хэрэггүй. Тэр жил би түүнд туйлын сайн ураг хэлэлцэж өгсөн юм. Эцэг нь гадна татварын түшмэл байлаа. Гэр нь хэдэн барьцаалан зээлдүүлэх пүүс нээгээд байсан. Тэдний охин дагинаас давуу төрсөн хүн. Би тусгайлан нэг дэлгэрэнгүй захидал бичиж өгсөөн, тэр үнэхээр хувьгүй хүн… гээд ийш тийш харж хүнгүйг мэдээд, тэр дотроо манай энэ хоёрдугаар авга бэргэнтэй сайн болжээ. Бас тэр Линь охин зовсоор сэтгэл санааны өвчнөөр үхсэнийг бүгд л мэдэж байгаа. Энэ ч одоо яая гэхэв. Хувь хувийн л урьдын барилдлага биз. Харин тэр энэ учраас надад уурлаад ер тоохоо больжээ. Хэн түүнийг царайчилж явахав даа гэв. Цаадах нь сонсоод, толгой дохиж, Бао Юйг татах бодлоо хураав.

Бао Юй тэр хуушаантай учирснаас хойш улаан тоосноос ангижрахыг бодож Ван Фүрэний дэргэд арай дураар аашилж чадсангүй боловч Бао Чай, Ши Рэнь хоёртой таарахгүй болсныг тэр хоёр яаж мэдэх вэ. Инж нар нь мэдэхгүй тул түүнийг шогловч Бао Юй тэднийг яаж харж үзэх вэ. Гэрийн явдлыг ч анхаарахгүй байх бөгөөд Ван Фүрэнь, Бао Чай хоёр үргэлж шаардан ном бичиг уншуулахад тэрбээр уншиж, бичиж байгаа дүр эсгэнэ. Харин нэг сэтгэлээр тэр хуушааныг дагуулж очсон Будаллын орныг бодсоор, нүдэнд нь тоост ертөнцийн эгэл хүмүүсээс өөр үзэгдэхээ болив. Гэрт сууж арга барагдан бачимдахдаа хааяа Ши Чүньтэй баахан хөөрөлдөнө. Тэр хоёрын үг яриа нийлж ярьсаар үзэл бодол нь хэдэн хувь нэмэгдсэн тул юун тэр Жя Хуань, Жя Лань хоёрыг тоох вэ? Жя Хуаний эцэг эзгүй, эх нь өнгөрсөн болохоор Ван Фүрэнь төдий л ойшоохгүй болсон тул Жя Чяаны сүрэгт нийлэв. Цай Юнь үргэлж хэлж додомдсоор байгаад сүүлдээ ад үзэгдэв. Юй Чуань, Бао Юйгийн солио нэгэнт хэтэрснийг үзээд, аль хэдийн эндээс гаръя гэж эхдээ хэлсэн ажээ. Одоо Бао Юй, Жя Хуань ах дүү хоёр этгээд зантай болсон учраас хүмүүс тоохоо болив. Жя Лань л эхийгээ дагаад бичиг номд шамдаж зохиол оролдон сургуульдаа шамдан сурна. Ли Вань бол нам тогтуун хүн тул Ван Фүрэний мэндийг мэдэж, Бао Чайтай уулзахаас цааш явахгүй. Хүүгийнхээ ном бичиг үзэхийг л харж сууна. Энэ үед Рун Гуофүгийнхэн биенээ хайхрахгүй, хувь хувиа хичээнэ. Харин Жя Чян, Жя Хуань хоёр дүрсгүй аашилж, хулгай хийж худалдахад хүрчээ. Жя Хуань бол бүр янхны газарт очиж мөрийтэй тоглож, хийхгүй муу юмгүй болов.

Нэг өдөр Шин нагац Ван Рэнь нар гаднах бичгийн гэрт архи уусаар ахиад хэдэн дууч эмч авчирч найрлав. Жя Чян “Та нар даанч болхи байна. Би архины дүрэм явуулна!” гэсэнд цаадуул нь “Болно, болно” гэв. Жя Чян “Бид саран гэх үгээр хундага тодруулсугай. Би эхэлж хэлээд “Саран хэмээх үг хэн дээр хүрвэл тэр архи ууна. Архины нүүр ба ёроолыг бас хэлнэ. Хэн нэгэн дүрэм явуулсан хүнийг дагахгүй бол том хундагаар торгоно” гэсэнд бүгд зөвшөөрөв. Жя Чян нэг хундага дүрмийн архи уугаад “Сархадын хундага нисэлдэж, саран авхай согтов” хэмээн дараалан тоолсоор Жя Хуаньд очив. Жя Чян: “Архины нүүрт гавир хэмээх үг авна” гэсэнд цаадах нь даруй: “Сэрүүн сүүдэр сэмхэн бууж гавир цэцгийг норгоно” гэснээ, архины нүүр нь юү вэ гэв. Жя Чян: “Анхилам хэмээх үгийг хэлэгтүн” гэсэнд Жя Хуань: “Мандарваа цэцгийн анхилам үнэр үүлний гаднаас үнэртэнэ” гэв. Шин нагац:

-Тусгүй, тусгүй. Чи хэдий ном бичиг мэдээд ийн аашилна вэ. Энэ чинь цэнгэл биш, хүнийг хашраана. Бид үүнийг орхиод хуалцгаая. Хожигдсон нь ууна, дуулна. Үүнийг “Гашуун доторх гашуун” гэнэ. Дуулж чадахгүй бол инээд наргианы юм ярьсан ч болно. Харин инээдтэй л байх хэрэгтэй гэсэнд цаадуул нь зөвшөөрөв. Тийнхүү хуалж эхлээд Ван Рень хожигдов. Нэг хундага уугаад нэг дуу дуулсанд цаадуул нь “Сайн сайн” гэв. Дахиад л хуалав. Нэг дууч эхнэр хожигдоод: “Юутай сайхан ах вэ” гээд дуу дуулав. Дараа нь Шин нагац хожигдов. Түүнийг дуул гэж шаардсанд: “Би дуулж чадахгүй. Шог инээдмийн юм хэлье” гэсэнд Жя Чян: “Инээд хүргэхгүй бол торгоно шүү” гэв. Шин нагац уухаа уугаад:

-Бүгдээр сонсож бай. Хөдөө нутагт нэг тэнгэрийн хийд байлаа. Дэргэд нь нэг газрын сүм байв. Тэнгэр Лаое үргэлж газрын сахиусыг дуудаж, ярьж сууна. Нэг өдөр тэнгэрийн хийд хулгайчид тонуулаад газрын сахиусыг авчирч асуув. Газрын сахиус: “Энэ газар уг нь хулгайчгүй юм. Бодвол тэнгэрийн жанжин хичээмжгүйгээс болж гадны хулгайчид юмаа алдсан байхаа” гэсэнд тэнгэр Лаое: “Битгий чалчигтун. Чи бол газрын сахиус, хулгайчийг чамаас асуухгүй хэнээс асуух юм. Чи явж хулгайчийг чамаас асуухгүй хэнээс асуух юм. Чи явж хулгайчийг барих байтлаа миний тэнгэрийн жанжинг хичээмжгүй гэнээ” гэсэнд цаадах нь: “Хэдий хичээмжгүй гэвч үнэндээ энэ хийдийн нутаг таарсангүй” гэсэнд тэнгэр Лаое “Чи бас нутаг шинжиж чадах уу” гэв. Газрын сахиус: “Өчүүхэн би өчье” гээд ийш харж ажиглан шинжсэнээ “Лаоегийн ард хоёр улаан хаалга байх нь зохимжгүй. Өчүүхэн сахиусны суудлын ард хэрэм байх тул юмаа алддаггүй юм. Дараа Лаоегийн суудлын ард хэрэм баривал зохино” гэв. Тэнгэр Лаое зүй ёсны гэж үзээд сахиусан жанжнаараа хүмүүс дуудуулж хэрэм бариулах болов. Олон сахиус жанжин шүүрс алдаж: “Одоо хүж зул өргөх хүн нэг ч үгүй болсон тул хэн тоосго шохой авчирч хэрэм барьж өгөх вэ” гэв. Хурмаст Лаое аргагүй сахиус жанжин нараар увидас гаргуулах гэсэн боловч чадсангүй. Энэ зуур хурмаст Лаоегийн хөл дор байсан яст мэлхийн жанжин босож зогсоод “Та нар тусгүй. Над арга байна. Та нар улаан үүдийг норгогтун. Шөнө би гэдсээрээ энэ үүдийг хаавал мөн нэг хэрэмтэй тэнцэнэ” гэсэнд бусад сахиусан жанжнууд “Энэ сайн. Мөнгө зоос зарахгүй мөртөө бас бэх бат юм болно” гэцгээв. Яст мэлхийн жанжин энэ албыг гүйцээд нэг хэсэг амар жимэр болсон боловч хэдэн хоногийн дараа бас юмаа алдчихжээ. Бас л газрын сахиусыг дуудаж: “Хэрэм баривал юмаа алдахгүй гэж чи дээр хэлсэн. Одоо хэрэмтэй болсон мөртөө юмаа алдчихлаа” гэсэнд газрын сахиус “Энэ хэврэг хэрэм байна” гэв. Олон жанжин: “Чи очоод үз” гэж шаардав. Хэлсэн ёсоор очоод үзвэл, үнэхээр бэх бат хэрэм байхаар нь гайхаад, яагаад юм алддаг хэрэг вэ гэж бодоод гараараа бариатахвал жинхэнэ хэрэм биш байв. Тэгэхээр нь газрын сахиус: “Би үнэн хэрэм юм байх гэж бодсон ч хуурамч “хэрэм” байна” гэв. /Энд гараад байгаа Жя Чян гэгч нэр нь хуурамч хэрэм гэсэн утгатай ажээ/

Энэнийг сонсоод бүгд хөхрөлдөв. Жя Чян ч бас хөхрөөд: “Тэнэг нагац чи сайн байна. Би чамайг хараадаггүй байтал чи намайг яагаад харааж байна. Хурдан хундага авчирч нэг торго гэсэнд нагац уугаад согтох маяг оров. Цаадуул нь хэд хэдэн хундага татаад хөлчүүрхэцгээв. Жя Хуань сонссоор, архины идээр Фөн Жег ийм тийм муу гээд биднийг хичнээн хяхаж хавчдаг байлаа. Тэр бүгдийн толгой дээр гишгэж байсан” гэтэл цаадуул нь “Хүн ихэвчлэн гол нуруутай байх ёстой. Фөн охин Лао тайтайгийн нэр сүрд эрэмшээд шил заан хэцүүрхсээр байгаад өнгөрлөө. Одоо ганц охин үлдээд үр нь тасрахад хүрчээ. “Урьтвал биед, хожидвол үрд” гэдэгчлэн үйлийн үр хэрхэн боловсролыг хэн мэдлээ” гэсэнд Жя Юнь, түүнд Фөн Же муу байсныг санаад, охин нь намайг хараад л бархирдаг байсан гэж ам мэдэн чалчив.

Энэ үед Жя Чян “Архиа л зүгээр ууцгаа. Хүн муу хэлээд яана” гэв. Дууч эхнэр “Түүний охин хэд хүрч байна. Зүс царай ямар вэ” гэж асуусанд Жя Чян “Царай зүс тун хөөрхөн. Нас нь арван гурав, дөрөв хүрч байгаа” гэв. Мөнөөх дууч эхнэр “Тийм хүн, энэ ордны мэтийн айлд төрсөн нь хайран байна. Эгэл бага айлд төрсөн бол эцэг эх, ах дүү нь цөм ноён суун баяжих байжээ” гэсэнд цаадуул нь “Яагаад тэр вэ” гэж асуув. Дууч хүүхэн “Одоо хөдөөний мужийн нэг ван зузаан найртай бөгөөд нэг татвар сонгож авна гэж байгаа. Хэрэв үзээд тоож таарвал эцэг эх ах дүү нь цөм дагаж очно. Энэ чинь сайн хэрэг бишүү” гэсэнд цаадуул нь тоосонгүй. Ганцхан Ван Рэнь бодосхийгээд архиа хөнтрөв.

Гаднаас Лай, Линь хоёр зарц орж ирээд: “Агь нар сайхан жаргаж байна” гэсэнд бүгдээр босож “Лао да, Лао Сань хоёр яагаад одоо ирж байна. Бид хүлээж ядлаа” гэв. Хоёр хүүхэд “Өнөө өглөө манай гэрт хэрэг гарчээ гэсэн цуу үг тарсан тул сандраад дотор орж сураглавал, манайд хамаагүй юм байна” гэсэнд цаадуул нь “Манайх биш бол сайн. Та нар юунд даруй ирсэнгүй вэ” гэв. Цаадуул нь “Энэ чинь манай гэрийн явдал биш ч бас бага сага хамаатай юмаа. Та нар мэдэв үү. Энэ чинь Жя Юйцүнь Лаое юмаа. Бид орж үзвэл, гинжтэй байсан бөгөөд гурван цаазын яаманд аваачин шүүнэ гэнээ. Түүнийг манайхаар үргэлж ирдгийг мэдэх тул ямар хэрэг болсон юм бол гээд дагаж очоод асуув” гэсэнд Жя Юнь нэг хундага татаад ярь гэв.

 

Хоёр хүү, нэг зэрэг найр тавилцаад, даруй сууж архи уух зуураа:

-Энэ Юй Цүнь Лаое бол чадалтай хүн бөгөөд завшин мацахад авьяастай юм. Ноён нь бага биш боловч ашигт шунахай юм. Хүн түүнийг “Харьяат түшмэлээ хяхан шулжээ” гэж заалджээ. Одоогийн түмэн наст эзэн туйлын мэргэн өршөөлтэй тул “Ховдог” хэмээх ганц үг буюу эгэл ардыг талхив. Сүр хүчиндээ эрдэж сайн иргэнийг дарлав гэхийг сонсвол ихэд хилэгнэх тул даруй зарлиг буулган бариулжээ. Учиртай бол тогтож чадахгүй байхаа. Учиргүй бол тэр заалдсан хүн ч сайнгүй болно. Одоо үнэхээр сайн цаг болжээ. Буянтай бол ноён суухад үнэхээр сайн болой гэсэнд цаадуул нь:

-Ах чинь үнэхээр буянтай болой. Одоо хошууны мэдэгч суугаад бас муу гэнэ үү гэсэнд Лай овогт:

-Миний ах хошууны мэдэгчээр суусан боловч түүний үйл ажил ямар болохыг хэлж мэдэхгүй гэв. Тэгтэл цаадуул нь “Гар нь урт байлгүй” гэв. Лай овогт толгой дохиод архи балгав. Цаадуул нь: “За тэгээд дотроос бас ямар чимээ сонсов” гэж асуусанд

-Өөр явдалгүй. Далайн хязгаарын дээрэмчдээс нилээдийг нь бариад шүүж байгаа гэнэ. Бас нилээд хулгайч илрүүлсний дотор хотод нуугдаж байгаад чимээ сураг аваад гэнэдүүлэн дээрэмддэг нэг хэсэг байна гэнэ. Одоогийн түшмэд Лаое нар цөм бичиг цэргийн эрдэм хосолсон тул хүрч очвол цөмийг дарж чадна гэж ярив. Цаадуул нь:

-Чиний сонссон тэр хотоос баригдсан хулгайч нар дотор манай гэрийг дээрэмдсэн улс байж уу гэсэнд тэр хоёр хүү:

-Тийм юм сонссонгүй. Дотор газрын нэг хүн, хотоос нэг эмэгтэйг булаагаад далайд гарах гэтэл тэр эм нь зөвшөөрөөгүй тул алагдлаа гэж сонссон. Тэр дээрэмчид яг боомт дээр албаны цэрэгт баригдаад тэндээ цаазлагдаж гэнээ гэв. Цаадуул нь:

-Манай Лун Цүй Ань сүмийн Мяо Юй гэгч хулгайлагдсан биз дээ. Тэр арай биш байгаа гэсэнд Жя Хуань “Мөн байлгүй” гэв. Цаадуул нь “Чи яаж мэдээв” гэсэнд Жя Хуань:

-Мяо Юй гэгч үнэхээр жигшилтэй. Тэр өдрийн цагт ёс номтой аашлавч Бао Юйг хармагц сэртэлзэн жарваганана. Надтай таарвал эгц харахгүй. Үнэхээр тэр алагдсан хүүхэн мөн бол миний бах тав ханаж байна гэсэнд цаадуул нь “Өчнөөн олон хүн булаалгадаг биз. Арай ч тэр биш байлгүй” гэсэнд Жя Юнь:

-Тэр яриа ортой. Эртийд нэг хүн, сүмийн залуу чавганц Мяо Юй алагджээ гэж зүүдэлсэн гэж ярьж байсан гэв. Цаадуул нь: “Зүүдэнд хэн итгэх вэ” гэв. Шин нагац: “Тэр зүүд мүүд маньд хамаагүй ээ. Хурдан хоолоо идээд энэ шөнө олж, алдахаа ялгацгаая” гэв. Тэд дуртайяа хүлээн аваад хоол идчихээд их хэмжээний мөрий тавиад тоглож эхэллээ.

Шөнө дундын үед гэнэт дотор үймэлдэж “Дөрөвдүгээр охин, бэргэнтэйгээ хэрэлдээд гэзгээ хайчилж, Шин, Ван хоёр Фүрэний дэргэд очиж чавганц болно гэж мөргөн гуйжээ. Зөвшөөрөхгүй бол дэргэд нь үхнэ гэсэн тул тэд Чян даяа, Юнь Эр Еэ хоёрыг залж байна” гэв. Жя Юнь сонсоод энэ удаа гэр сахисны санаа болохыг мэдэх тул ятгавч тусгүй гэж бодоод Жя Чянд хандаж: “Тайтай биднийг дотор дуудаж байна. Бид дур мэдэн чадахгүйгээр барахгүй тэгж болохгүй. Яахав очъё. Ятгаад болохгүй бол өөрсдөө мэдтүгэй. Бид Лянь ахад захиа бичье гэж л мултрая” гэж хэлж зөвлөлдөөд дотогш орж хоёр дайдайтай уулзан хуурмаг хэдэн үг ятгах аядав.

Ши Чүнь гэрээсээ явахаар зориг шуударсан боловч явуулахгүй болохоор нь арга буюу ном уншаад бурханд мөргөх нэг хоёр цэвэрхэн тасалгаа гаргаж өгөхийг гуйв. Ёу хатан, хоёр агийн цаанаа хүчлэхгүй байгааг мэдээд Ши Чүний үхэхээс айгаад өөрөө дур мэдэн “Энэ буруу болбол би өөртөө хүлээе. Бэргэн намайг, охин дүүдээ хал үзүүлсээр байгаад гэрээс гаргав гэвэл барав. Гадагш явна гэвэл болохгүй. Гэртээ бол тайтай нар цөм энд байна. Миний гаргасан арга гэцгээнэ. Чян агь нэг захиа бичиж Жэнь даяа, Лянь Эрд илгээвэл болно” гэсэнд хоёр агь зөвшөөрөв. Шин, Ван хоёр Фүрэнь яахыг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж