Хөдөлмөр нийгмийн хамгааллын өмнөх, одоогийн хоёр сайд Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлээс болж хоорондын харилцаа нь таагүй байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 232 тэрбум төгрөг яагаад арилжааны банкны харилцах хэлбэрээр, 5,4 хувийн хүүтэй өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд байршив. Сар тутам хүүгийн орлогоо алдаж байна. Хамгийн багадаа 10 хувийн хүүтэй нэг жил хадгалуулахад 23,2 тэрбум төгрөгийн хүү авах ёстой. Гэтэл энэ хэмжээгээр алдагдал хүлээж байна” гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг загнасан юм.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг манай ‘News’ агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар 660 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байгаа. Ингэж байршуулахдаа бид хоёр төрлийн хүүг ашигладаг юм. Нэгдүгээрт, банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий. Нийт 10 банкинд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Дээрх банкуудын хадгаламжийн хугацаа дуусаагүй байгаа учраас одоо ч үргэлжилж байна. Банкуудаа сонгохдоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор асуудал бий. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн 90 хувь нь ХААН банк, Төрийн банкаар үйлчлүүлж байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 90 хувийг маш бага тэтгэвэр олгодог банкинд байршуулсан байх жишээтэй. Тэгэхээр хадгаламжийн хугацаа дууссаны дараа татаж авах ажил хийнэ. Миний харж байгаагаар энэ хөрөнгийг ХААН банк, Төрийн банкинд байршуулаад тэр хэмжээгээр нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж харж байна” гэсэн юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын шинэ, хуучин хоёр сайдын зөрүүтэй мэдээлэл ард түмнийг төөрөгдүүлээд зогсохгүй татварын орлогоос бүрддэг энэ хөрөнгө хэн нэгэн банкны эзний бизнесийг санхүүжүүлж байх вий гэсэн эргэлзээг ч төрүүлж байна.
Ямартай ч Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг ахлагчаар томилоод байгаа билээ.
Т.НОМИН