Өнгөрсөн улирлын стэнлийн цомын дэд аварга Нэшвилл Предаторс баг плэй-оффын 2-р шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Нэшвилл Предаторс баг плэй-оффын 1-р шатанд Колорадо Эвеланш багтай таарсан бөгөөд цуврал 6 тоглолтонд 4-2 харьцаатай хожсон юм. Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт өнөө өглөө Колорадо Эвеланш багийн “Пепси центр” ордонд болж зочин 5-0 харьцаагаар талбайн эздийг буулгаж авсан юм.
Энэ тоглолтонд Н.Бонино шилдэг тоглолтоо үзүүлж 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн бол М.Экхольм, А.Уатсон, Ф.Форсберг болон В.Арвидссон нар тус бүр 1 гоол оруулсан юм. Талбайн эзэд улирлын сүүлчийн тоглолтондоо өрсөлдөгчийнхөө эсрэг юу ч хийж чадалгүй байсаар энэ тоглолт өндөрлөсөн. Ингэснээр Колорадо Эвеланш баг улирлаа өндөрлүүлж амралтаа авч байгаа бол Нэшвилл Предаторс баг стэнлийн цомын төлөөх марафоноо үргэлжлүүлэх болж байна.
Б.БЯМБАБАЯР