“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар ням гаригт Канадын Торонто хотноо уулзаж, бүс нутгийг тогтворгүйжүүлэх ОХУ-ын ааш авирын эсрэг нэгдсэн байр суурьтай байхаар санал нэгдсэн тухай АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Гэхдээ тэд ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ үеэр Германы гадаад хэргийн сайд Хайко Маас Сирийн хямралыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхийг ОХУ-аас гуйсан юм. Тэрбээр Сирийн хямралыг ОХУ-гүйгээр шийдвэрлэх боломжгүй гэдгийг тодотгожээ.
Хоёр өдрийн уулзалтаар бүлгийн гадаад хэргийн сайд нар ОХУ-тай өрнөж буй Барууны зөрчлөөс гадна Иран, Хойд Солонгос, Венесуэл, Мьянмарын талаар хэлэлцжээ. Түүнчлэн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ирэх зургадугаар сард Канадад болох төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ.
Зүүн Украйны хямралд Москваг буруутгасан орнууд ОХУ-ыг “Их-8”-ын бүлгээс хассанаар өдгөө Их-7 гэж нэрлэгдэх болсон юм. “Их-7” бүлэгт аж үйлдвэржилтээр тэргүүлэгч АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон улс багтдаг.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА