НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дэлхий ертөнц хүйтэн дайнтай дахин нүүр тулж буйг анхаарууллаа. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцийн асуудал доройтсонтой холбоотой гэж SVT телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрбээр "Хүйтэн дайн эргэн ирсэн нь тодорхой байна. Гэхдээ АНУ болон ЗХУ-ын дунд өрнөсөн хүйтэн дайны үеийнхээс огт өөр шинж чанартай. Өнөөдөр олон улс АНУ болон ОХУ-ын хяналтад байхыг хүсэхгүй байна. Олон улс дор бүрнээ идэвхжиж байна. Тодруулбал: Иран, Турк, Саудын Араб гэх мэт тоглогчид идэвхжиж байна. АНУ болон ОХУ өмнөх шигээ бүхнийг хянаж чадахгүйд хүрч байна’ гэсэн юм.
Үүнээс гадна, тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцийн асуудал доройтож байгааг онцлон тэмдэглэв. Тус байгууллага нь дэлхий дахинд хүчний тэнцвэрт байдлын илэрхийлэл байж чадахгүй байна. Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэхгүй бол НҮБ-д бүтэн шинэчлэл хийгдэхгүй гэжээ.
Өмнө нь, Гутерреш нь олон улсын харилцаа дахь хүйтэн дайн эргэн ирж буй тухай ярьж байсан удаатай билээ.
А.АНИР