УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцов. Бүлгийн гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам татсан олон асуудал гарлаа. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байгаагаа илэрхийлэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензыг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь ноглогдсон.
Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр сайдыг огцруулах ёстой гэж үзээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байна” гэв.
Ардчилсан намын бүлэг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжээгүй, 17 тэрбум төгрөг харамлаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа бүлгийн гишүүд илэрхийлэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-аас Оюутолгой, Тавантолгойг шалгах ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байгаа. Танай бүлэг тусдаа ажлын хэсэг байгуулж байгаа нь ямар учиртай вэ?
-Бүлэг тусдаа ажлын хэсэг байгуулах шаардлагатай. Яагаад гэвэл УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дийлэнх нь МАН-аас багтсан. Тиймээс МАН-ынхан улстөрийн шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байгаа. Бид бодит дүгнэлт гаргахын тулд ажиллана.
-Ц.Нямдорж сайдын түрээсийн байр Ш.Батхүү, Г.Алтан нарын асуудалтай хэрхэн холбогдож байна вэ?
-Энэ хүн Г.Алтантай ашиг сонирхол байна уу үгүй юу гэдэг олон зүйл дээр нотлогдсон юм. Төрийн өндөр албан тушаалтай хүнд үнэгүй түрээсийн байр өгнө гэж хаана ч байхгүй. Тиймээс үүнийгээ тайлбарлах ёстой. Тайлбарлаж чадахгүй бол ажлаа өг гэж байгаа юм.