С.Баяр гунигтай байна

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

С.Баяр гунигтай байна

С.Баяр гунигтай байна

Тэр хэлсэн юм, “Гунигтай хүнээр бодлого бүү бодуул” гэж. Хэдэн настайгаасаа хэдий хүртэл Монголын төрд зүтгэв, энэ хугацаанд юу хийж бүтээв, өнөөдөр 461 дүгээр ангид эмнэлгийн тусламж хүсч суухын тулд энэ бүхнийг туулсан гэж үү. Монголд өнөөдөр С.Баяр гунигтай байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр баривчиллаа. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өчигдөр /2018.04.10/-нд баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид саатуулжээ. Эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гэрчийн мэдүүлэг авах нэрийдлээр дуудаж байцаахдаа, хорьж шалгах ёстой гэж үзсэн бололтой.

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баярыг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна.

С.Баяр, С.Баярцогт нар “Оюутолгойн гэрээг байгуулсандаа бахархаж явдаг”-аа одоо ч ил тод хэлдэг. Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр 11 мянган хүн ажлын байртай болсон.

Түүнийг яллагдагчаар татагдсанаас хойш ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж түүний эрүүл мэндийн талаарх эхний мэдээллийг өгч “Харшил, багтраа өвчний улмаас бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн” гэж ярилаа.

МАХН-ын дарга С.Баяр 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд гэнэтхэн эрүүл мэндийн шалтгаанаар Намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө МАХН-ын Бага хурлын XI хуралдааны үеэр уншиж танилцуулан дуулиан тарьж байв. Үүний өмнө буюу 2009 оны есдүгээр 15-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, Нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалан, ЗГХМА-ын дарга нар бүхий албаны хүмүүс Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж байв. Энэ үеэр “Ерөнхий сайд Солонгос улс руу нурууны гэмтлээ эмчлүүлэхээр явсан ч шинжилгээний хариу элэгний С вирус нь идэвхижсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн гарсан. Үүний улмаас Ерөнхий сайд элэгний С вирусийн эмчилгээнд орсон” хэмээн мэдэгдэж байлаа. Мөн тэр үед  “Ачаалал ихтэй ажиллаж байгаа нь түүний элэгний C вирус идэвхижсэн гол шалтгаан болж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсан. Ерөнхий сайд С.Баяр хоёр Засгийн газар толгойлох хугацаанд нийтдээ тав хоног амарсан. Харин эмчилгээний зардлаа Ерөнхий сайд өөрийн хувийн зардлаас гаргаж байгаа юм байна. Хэрэв улсаас гаргах бол Засгийн газрын хуралдаанаар шийддэг” гэх мэдээллийг өгч байсан юм.

Иймд С.Баярыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн тухайд “элэгний С вирус”-ынх гэж таамаглаж байв. Үүнээс зургаан сарын дараа С.Баяр “Бүтэн жил шахуу бөөн л эмчилгээ хийлгэлээ, одоо ч хийлгэж байна. Үүний дүнд бие маань албаны хэллэгээр бол “ажлын шаардлага хангах хэмжээнд” очиж байна” гэсээр “эргэн ирсэн”. Үүнээс хойш нэг хэсэгтээ л дураараа таваргаж, тааллаараа “сэлсээр” Элчин сайд болтлоо явсан юм. Харамсалтай нь тэр сэнтийгээс 461 дүгээр ангид ирсэн.

Тэгвэл эдүгээ Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж буй С.Баярын уг гэрээнд өгсөн үнэлэлт дүгнэлт ямар байдгийг эргэн санацгаая. “Хоёр хөршийн хөрөнгө оруулалтын нийлбэрээс илүү хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нь эдийн засгийн ач холбогдлоос гадна үндэсний аюулгүй байдлын хувьд чухал үйл явдал болсон”, “БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалт нийлээд 3.1 тэрбум доллар байхад Оюу толгойн гэрээгээр 4.5 тэрбумыг оруулж ирж чадсан”, “Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүйгээр төслөөс олсон ашгийн 53 хувийг авах тохироо хийж чадсан”.

Түүний дээрх дүгнэлтийн “үнэ цэнийг” бид эдлээд, идээд явж байгаа минь маргаангүй. Гэхдээ хуулийг хүндэтгэх экс Ерөнхий сайд нарын ёс жудаг үлгэр жишээч байж чадсан. Хуулийн байгууллага тэдэнд ямар шийтгэл оноох, эсвээс нягталж шалгаад явуулахыг таашгүй. Харин энэ бүхнийг улс төртэй хутгах хэрэггүй болов уу. С.Баяр ч өөрөө ярилцлагадаа хэлж байсан, “50 нас гарсан бидний бие OК байна гэж юу байхав” гэж. Түүнд өнөөдөр бодох юм их бий. Гэхдээ С.Баярын бодлого төрийн бодлого гэдэг “автомат тохиргооноосоо” татгалзах цаг болсон биз ээ. Ахиад л тэр хэлсэн юм,  “Гунигтай хүнээр бодлого бүү бодуул” гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж