Хүүхдийн хөдөлмөр далд хэлбэрээс гарах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөдөлмөр далд хэлбэрээс гарах ёстой

Хүүхдийн хөдөлмөр далд хэлбэрээс гарах ёстой

Ар гэрээ тэжээдэг хүүхдийн ажил хийхийг нь хоривол хууль бус замруу ордог

Замын дундуур явж ном, сэтгүүл, автомашины үнэр­түүлэгч, бохь гээд аар саархан зүйл зарж, мөнгө олдог хүүхдүүд нийгмийн нэг бараан тал бай­саар ирсэн. Тэдний ихэнх нь гэрийнхээ орлогод нэмэр болж, амь зуулгаа залгуулахын тулд ийнхүү ажил хийдэг. Гэвч эдгээр хүүхдүүд, тэдний эцэг эх энэ нь хууль бус гэдгийг төдийлэн мэддэггүй. Манай улсад насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил багтаадаг. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, зочид буудал, боловсруулах үйлдвэр зэрэг 11 салбарын 79 ажлын байрыг хүүхэд эрхэлж болохгүй, хүнд ажлын байранд тооцдог. Хамгийн сүүлд 2016 онд барилгын салбарын бүх төрлийн ажлыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт оруулаад байгаа. Мөн морь унаач хүүхдүүдийг өвөл, хаврын улиралд болон шөнийн цагаар уралдаанд оролцохыг хориглосон. Энэ мэтээр хүүх­дийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, тэвчишгүй хэлбэрийг устгах зорилт аажим аажмаар урагшилж буй. Монгол Улсад хамгийн сүүлд 2012 онд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Тухайн үед 93.9 мянган хүүхэд ямар нэг байдлаар ажил хийж байсан бол үүний 11.1 хувь нь хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй гэсэн тооцоо гарч байжээ. Үүнээс хойш ажил хийж байгаа хүүхдүүдийн тоо эрс буурсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Нийслэл хотод гэхэд 2012 онд 5143 хүүхэд ажил хийж байсан бол 2015 онд 230, 2016 онд 143 болсон. Харин өнгөрсөн оны байдлаар 99 хүүхэд ажил хийж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллээс харж болно.

Гэхдээ дээрх судалгаанд гэрээсээ өөр газар амьдардаг, хараа хяналтгүй тэнүүчилдэг хүүхдүүд хамрагдаагүй. Хэдийгээр албан ёсны тоо баримтад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурсан гэж харагдаж буй ч түүний цаана хараа хяналтгүй, тэнүүчилдэг хэчнээн хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй нь бүрхэг. Хүүхдийн хөдөлмөр хүнд хэцүү, хууль бус, тэвчишгүй байх тусмаа далд байдаг. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж буй томчууд хууль бус явдлаа нуухыг оролддог бол хүүхдүүд орлогогүй болох вий гэж эмээдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу амьдарч байна. Ядуурал хүүхдүүдэд хамгийн хүнд тусдаг. Өрх гэр нь ядуу байх тусам сайн боловсрол эзэмших, эрүүл өсөж торних боломж нь хомсдоно. Зарим нь ар гэртээ нэмэр болохын тулд наанадаж сурлага нь муудах, цаанадаж сургуулиа хаях шаардлагатай тулгардаг. Өөрөөр хэлбэл, ядуурлыг бууруулж чадаагүй тохиолдолд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ил, далд хэлбэрээр байсаар байх болно. 2012 онд ажил хийж байсан хүүхдүүдээс хэрэв ажлаа хийхгүй бол амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар асуухад 33.8 хувь нь амьжиргааны түвшин доошилно гэж хариулжээ. Харин 11.6 хувь нь гэр бүл нь ямар ч орлогын эх үүсвэргүй болно гэж хариулж байсан нь өдгөө төдийлэн өөрчлөгдөөгүй болов уу. Ар гэрээ тэжээж буй хүүхдүүдийг ажил хийхийг нь хоривол тэд мөнгө олохын тулд улам хууль бус замруу ордог гэж үздэг.

Тиймээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бууруулах, устгах нэг арга зам нь ажлын байрыг нь илүү хөнгөн, аюулгүй ажлаар солих явдал гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Япон, Тайван, Филиппинд хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлөөрхөнгөн хөдөлмөр эрхлэх насыг хуульдаа 15 гэж заасан. Харин Дани, Финланд, Франц, Чех, Малайз, Монгол зэрэг оронд 14 насыг доод хязгаарт тооцож буй. Тэгвэл Швед, Швейцар, Герман, Сингапур, Индонезид 13 наснаас дээш бол хөнгөн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг. Энэ нь нэг талаас хүүхдийн далд хөдөлмөрийг хуулийн хүрээнд багтаах боломж олгодог. Хүүхдүүд хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд орж, цалин мөнгөө хуулийн дагуу тогтоолгох боломжтой болно гэсэн үг. Улс орнуудад хүүхдийн наснаас хамаарч хийж болох ажлын жагсаалтыг гаргадаг. Данид 13-15 насны хүүхдүүд хичээлийн өдөр хоёр цаг, амралтын өдрүүдэд хамгийн ихдээ долоон цаг ажиллахыг зөвшөөрдөг аж. Харин улирлын амралтаар долоо хоногт 35 аас дээш цаг ажиллахыг хоригложээ. Харин Болгарт 13 настай хүүхдүүдийг зөвхөн кинонд тоглох, загвар өмсөхийг хуулиараа зөвшөөрдөг байна. Энэ нь мөн хүүхдүүдийг сурч буй мэргэжлээрээ дадлагажих боломж олгоно гэж үздэг. НҮБ-ын харьяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцид хүүхдийн хөдөлмөрийн насны хязгаарыг тогтоосон байдаг. Монгол Улс дээрх конвенцид 2002 онд нэгдэн орсон. Тиймээс уг конвенцийн дагуу хөнгөн хөдөлмөр эрхлэх нас 14 байсныг 13 болгох хуулийн төслийг ХНХЯ-наас санаачлаад буй. Энэ нь МСҮТ-д сурч буй 13 настнуудад цөөн цагаар үйлдвэрлэлийн дадлага хийх, цалинжих боломжийг олгох давхар зорилготой аж.

Гэхдээ уг хуулийн өөрчлөлт батлагдвал 13-18 настай хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын жагсаалтыг заава л гаргаж, батлах шаардлагатайг мэргэжилтэн анхаарууллаа. Иргэд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдэгт ихэнхдээ эрүүл мэндэд хортой, тэвчишгүй, хүнд хөдөлмөрийг ойлгодог. Гэвч үүнд бас тун цөөн цагаар номын сан, дэлгүүрт ажиллах, сургуулийн үйл ажиллагаа зохион байгуулалтад оролцох зэрэг хөнгөн ажлууд ч багтаж болдог. Энэ нь хүүхдийн нийгэм­ шил, бие даах чадварт эергээр нөлөөлөх талтай. Хамгийн сүүлийн судалгаанаас харвал Улаанбаатар хотод ажил хийж буй хүүхдүүдийн 32.9 хувь нь өөрөө хүссэн учраас ажил хийж байгаа гэж хариулсан байдаг. Гэхдээ орон нутгийн болон хараа хяналтгүй хүүхдүүдийн хувьд ажил хийх шалтгаан нь амьжиргаатай түлхүү хол­боотой. 2012 оноос хойш энэ сэдвээр улсын хэмжээний судалгаа хийгдээгүй уч­раас эдгээр хүүхдүүдийн хөдөлмөрийн байдал хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс эхлээд хүүхдийн тэвчишгүй, хүнд хөдөлмөрийг далд хэлбэрээс нь гаргах нь хамгийн үр дүн­ тэй алхамд тооцогдож буй. Үүний тулд хүүхдийн хүнд хөдөлмөрийг хөнгөнөөр солих, ядуу амьдралтай хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэх хэрэг­тэйг олон улсын мэргэжилтнүүд сануулж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА Хүүхдийн хөдөлмөрт улсын байцаагч хяналт тавьдаг

НХХЯ-ны Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Азжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний судалгааг хэр давтамжтай хийдэг вэ. Зургаан жилийн өмнөх энэ судалгааг хэзээ шинэчлэх юм бэ?

-Үндэсний статистикийн хороо, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2012 онд анх удаа үндэсний хэмжээнд томоохон судалгаа явуулсан. Харин энэ жил хоёр дахь судалгааг хийхээр төлөвлөөд байгаа. Бид энэ хугацаанд хэсэгчилж, төрөлжүүлсэн судалгаа авч байсан.

-Хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж буй эсэхийг хэн, хэрхэн хянадаг юм бэ?

-Хөдөлмөрийн сайдын 2016 оны тушаалаар насанд хүрээгүй хүний ажлын байрны асуудлыг МХЕГ хянахаар заасан. 2017 онд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагч нарыг бэлдсэн. Эдгээр байцаагч нар мэргэжлийн хяналтын байцаагч нартай хамтран хүүхэд эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтын дагуу хяналт, шалгалт хийдэг.

-Хүүхдүүд ажил хийж буй гол шалтгаан нь юу вэ?

-Ядуурал, ажилгүйдэл, эцэг эх нь үр хүүхдээ үл хайхрах зэргээс голчлон шалтгаалдаг. Нөгөө талаас харвал, хүүхдүүд найз нөхдөө эсвэл гэр бүлийнхнээ дагаж богино хугацаанд ажил хийх сонирхолтой болсон. Манай агентлагийн хувьд хүүхдийн хүнд хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх ажил хийж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж