Монголын спортын хамгийн том гэрээ | News.MN

Монголын спортын хамгийн том гэрээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Монголын спортын хамгийн том гэрээ

Монголын спортын хамгийн том гэрээ

Хөлбөмбөгийг бизнестэй хослуулах туршлагын тод жишээ болов

Өвлийн турш амарсан Монголын хөлбөмбөгийн ертөнц урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн амь орлоо. Задгай талбайн хамгийн том тэмцээн болох үндэсний дээд лиг энэ сарын 28-нд эхлэх тов гарч, багууд хэдийнэ бэлтгэлээ базааж эхлээд байна. Дээд лигт олон жил тоглосон, түүх, уламжлал арвинтай “Хоромхон”, “Унаганууд” баг доош унаж, “Жифпро”, “Арвис” багууд тэдний оронд тоглохоор болсон нь тэмцээний гол онцлогийн нэг. “Унаганууд” 2009, “Хоромхон” 2014 онд лигийн аварга болж байв. Түүнчлэн өнгөрсөн жилийнхтэй адил 50 шахам легионер хөлбөмбөгч Монголын лигт тоглохоор болсон нь анхаарал татаж байна. Гэхдээ үүнээс чухал нь дээд лигийн шагналын сан эрс нэмэгдсэн явдал. Монголын хөлбөмбөгийн холбоо “Андууд Сити клуб” ХХК, “Нисдэг Мазала” ХХК-тай хамтран ажиллах нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь Монголын спортын түүхэнд хамгийн томд тооцогдох хэлцэл болж байна. Гэрээний хугацаа дөрвөн жил үргэлжлэх бөгөөд жилд 250 саяыг холбоонд өгөх аж. Ингэснээр дээд лигийн шагналын сан хоёр дахин нэмэгдэж, 200 сая төгрөг болсон юм. Өмнө нь тус холбоо “Арвайн үндэс” ХХК-тай 500 сая төгрөгийн гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь дуусгавар болжээ. “Нэг жилийн 250 сая төгрөгийн 200 сая нь дээд лиг болон нэгдүгээр лигийн шагналын сан болж очно. 20 сая нь зохион байгуулалтын зардал буюу шүүгч, тэмцээний шууд дамжуулалтын өртөг зэрэгт зарцуулагдах юм.

Харин 30 сая нь маркетингийн зардал байх болно. Хамтын ажиллагааны хүрээнд лигийн тэмцээний тасалбар бүрээс 100 төгрөг, мөн ивээн тэтгэгч байгууллагын бүтээгдэхүүний борлуулалт бүрээс 10 төгрөг говийн мазаалайг хамгаалах санд хуримтлагдах юм. Тиймээс хоёр тал нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон. Лигийн тоглолтыг аль болох олон хүн үзэж, мазаалай хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. Тасалбар таван мянган төгрөгийн л үнэтэй шүү дээ” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн менежер тайлбарлав. “Нисдэг Мазала” компанийн тухайд шар айраг, энергийн ундаа үйлдвэрлэж худалддаг. Тус компани өмнө нь ч орлогоосоо мазаалай хамгаалах санд хандивладаг байжээ. Харин энэ удаа үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, олонд таниулахын тулд хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болсон байна.

Хамтын ажиллагааны хүрээнд тэмцээнд оролцож буй багуудын өмсгөл дээр тус брэндийн лого тавигдахаас гадна цэнгэлдэхэд сурталчилгааны самбарууд байрлуулах аж. Мөн холбоо тэдний үйл ажиллагааг бүх талаар сурталчилж, дэмжин ажиллах үүрэг хүлээж байна. Мөн тэмцээн “Мазала” дээд лиг нэрийн дор зохиогдох юм. Ер нь хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг шар айраг, автомашин, цаг үйлдвэрлэлийн болон нисэхийн компаниуд ивээн тэтгэх нь түгээмэл. Tiger шар айрагны брэнд Английн Премьер лигийг ивээн тэтгэж байсан бол Heinekin Европын клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигтэй түншилдэг зэрэг жишээг дурдаж болно. Хөлбөмбөгийг бизнестэй хослуулах энэхүү туршлагыг манайхан амжилттай нутагшуулж буйн тод жишээ нь тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий энэхүү гэрээ болж байна. Шагналын сан нэмэгдсэнийг багуудын төлөөлөл талархан хүлээж авав. Дээд лигт сүүлийн гурван жил дараалж түрүүлээд буй “Эрчим” багийн гүйцэтгэх захирал Ч.Баясгалан “Сүүлийн гурван жил лигийн шагналын сан 100 сая байсан. Энэ нь багуудад их нэмэр болдог байлаа. Шинэ гэрээгээр 200 сая болж байгаа юм байна. Үүнээс өмнө бол түрүүлсэн баг найман саяыг л авдаг байсан шүү дээ. Харин одоо түрүүлсэн баг 80 саяыг авбал багуудын нуруун дээрх ачааг их хөнгөлнө дөө” гэсэн юм.

• Дээд лигийн шагналын сан хоёр дахин нэмэгдэж, 200 сая төгрөг боллоо.

• Хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг шар айраг, автомашин, цаг үйлдвэрлэлийн болон нисэхийн компаниуд ивээн тэтгэх нь түгээмэл.

• Энэ жилийн гол өрсөлдөөн ноднингийн медальтнууд болох “Эрчим”, “Улаанбаатар Сити”, “Атлетик 220” клубийн хооронд өрнөх таамаг бий.

Манай хөлбөмбөгийн багууд ивээн тэтгэгчдийн хүчээр оршин тогтнодог. Нэг баг жилд ойролцоогоор 100 сая орчим төгрөгийн зардал гаргана. “Эрчим” багийн тухайд лигийн аварга болж, улсаа төлөөлөн Азийн клубүүдийн тэмцээнд оролцдог тул аялан тоглолтын зардал үүн дээр нэмэгддэг. Ер нь жилийн зардал 200 сая гараад явчихдаг болохыг тэд хэлж байв. Өнгөрсөн жил доод лигээс дэвшин орж ирсэн даруйдаа хүрэл медаль хүртсэн “Атлетик 220” багийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат энэ талаар “Бидний хувьд ивээн тэтгэгчдийнхээ хүчээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Спонсоруудынхаа логог өмсгөл дээрээ байрлуулах байдлаар сурталчилдаг. Өнгөрсөн жил манайх бараг 120 гаруй сая төгрөг зарцуулсан. Тэгээд хүрэл медаль авсны шагнал нь нийт зардлын 20 хувьд ч хүрэхгүй байна шүү дээ. Харин энэ жил шагнал хоёр дахин нэмэгдвэл их л сайн байна. Ер нь хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийгээд ашиг олно гэдэг ойрын жилүүдэд хэцүү л дээ. Гэхдээ багууд өмсгөлөө борлуулах, ивээн тэтгэгчийн логог өмсгөл дээрээ байрлуулах зэргээр мөнгө олох боломж нээгдсэн. Нэг ёсондоо зөв голдирол руугаа явж байна” хэмээн ярьсан юм. Хөлбөмбөгийн том багуудын орлогын нэг эх үүсвэр нь өмсгөлийн борлуулалт байдаг. Борлуулалтын сувгаа нэмэх энэ аргыг манай клубүүд ч туршиж байгаа аж.

Тоглолтын тасалбар бүрээс 100 төгрөг мазаалай хамгаалах үйлсэд зарцуулагдах болно

Тухайлбал, “Атлетик 220” баг энэ жилийн өмсгөлөөс 100 ширхэгийг илүү хийлгэж, туршилтын журмаар худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. “Өмсгөл худалдаж авъя гэсэн хүсэлт их ирдэг юм. Тиймээс эхний ээлжинд 100-г илүү захиалаад байна. Борлуулалт хэр байх, хэдий хугацаанд зарагдаж дуусахаас шалтгаалаад нэмж хийлгэх эсэхээ шийдэх болно” хэмээн Б.Эрдэнэбат тайлбарласан юм. Эцэст нь сонирхуулахад, энэ жилийн дээд лигт “Эрчим”, “Улаанбаатар Сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Хангарьд”, “Сэлэнгэпресс”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Жифпро”, “Арвис” гэсэн 10 баг өрсөлдөнө. Тэд хоёр тойрог тоглосны эцэст хамгийн өндөр оноотой гурав нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болох юм. Харин сүүлд бичигдсэн хоёр нь доош унах дүрэмтэй. Энэ жилийн гол өрсөлдөөн ноднингийн медальтнууд болох “Эрчим”, “Улаанбаатар Сити”, “Атлетик 220” клубийн хооронд өрнөх таамаг бий. Мөн “Дэрэн” клуб шигшээ багийн лидерүүдийн нэг Х.Цэнд-Аюушийг эгнээндээ нэгтгэснээр медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Бас “Эф Си Улаанбаатар” багийг өрсөлдөөнөөс хасч болохгүй гэдгийг хөлбөмбөгт ойр хүмүүс хэлж байна. Тус багийн тухайд Европоос мундаг дасгалжуулагч авчирсан сурагтай. Мөн шигшээ багийн гурван ч тоглогчийг бусад багуудаас урвуулснаар бүрэлдэхүүн нь тун чангарчээ. Тиймээс өнгөрсөн жил наймд орсон амжилтаа эрс ахиулна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 27.123.214.109

End neg setgel gutraliin uvchin tussan ORK orj ireel haraagaal baihiin kkkk

Avatar

болдоо 2018-04-23 27.123.212.139

хөлбөмбөг манайд овоо амжилттай явж байгаад баяртай байна, менежментээ сайжруулж чадсаных байх

Avatar

Зочин 2018-04-23 122.201.21.204

hol bombog neg uee bodvol sergej bgaa. olon ulsiin temtseend tentsene gedeg tom amjilt.

Avatar

www 2018-04-23 66.181.160.11

uhsen atsaaraa darga nar n idej uugaad taardag bizdee tegeed ch mongoliin hol bombog gej yu baidgiin alingaa aldaj onigoond orson heden ats l bdag biz dee erguu dagznuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж