Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Ди-жэй Авичи

Хөгжмийн ертөнцөд ди-жэй Авичи нэрээр алдаршсан Тим Берглинг Оманий нийслэл Мускат хотод өнгөрөгч Баасан гарагт нас барсан байдалтай олдсон юм. Дөнгөж 28 настай байсан тэрээр Швед улсаас гаралтай бөгөөд амиа алдах үедээ Мускат хотод амарч явсан байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар түүний амиа алдсан хэрэгт гадны оролцоотой гэх шинж тэмдэг байгаагүй бөгөөд үхлийн шалтгаан тодорхой болоогүй байгаа гэв.

Ди-жэй Авичи нь тоглолтын ачаалал болон амьдралын буруу хэв маяг зэргээс үүдэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх болсон тул 21 насандаа нойр булчирхайн үрэвсэлтэй хэмээн оношлогдсон байжээ.

Ийм учраас Авичи 2016 онд хөгжмийн карьертаа цэг тавьж эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсноо зарлаж фэнүүдээ гонсойлгож байсан боловч 2017 оны наймдугаар сард дахин шинэ цомог гаргахаар ажиллаж байгаагаа зарлаж байсан юм.

Уран бүтээлийн оргил үедээ тэрээр дуучин Мадонна, Крис Мартин, Дэвид Гуитта нартай хамтран ажиллаж байжээ. Түүний гэнэтийн үхлийн талаар сонссон фэнүүд нь Стокгольм хотноо цугларч залуу уран бүтээлчид зориулж нэг минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлсний дараа түүний уран бүтээлээс сонсон бүжиглэж, дурсгалыг нь хүндэтгэсэн байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж