МАН-ын үед мах магнаг болов уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

МАН-ын үед мах магнаг болов уу?

МАН-ын үед мах магнаг болов уу?

Сар шинийн дараагаас махны үнэ бага зэрэг өсдөг нь бичигдээгүй хууль болсон. Жижиглэнгийн махны үнийг бууруулах, тогтвортой төвшинд барихын тулд нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд нийслэл болон Дархан, Эрдэнэт хотын иргэдийг хямд, чанартай махаар хангах, махны үнийг тогтворжуулахын тулд “Мах” хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг энэ сарын 10-наас эхлэн худалдаанд гаргасан. Энэ жил 11 аж ахуйн нэгж 13 мянган тонн мах бэлтгэсэн. Үүнээс 24.1 хувь нь үхрийн мах, 40.8 хувь нь хонины мах, 35.1 хувь нь ямааны мах бэлтгэжээ. Харин үнийн хувьд үхрийн мах нэг кг нь 5500, хонины махыг 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Гэвч оройтож худалдаанд гарч буй нөөцийн мах үнийг бууруулахад нөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй байна. Иргэдийн зүгээс жижиглэнгийн мах үнэтэй байна гэж шүүмжилсээр байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа махны үнийн талаар бэлтгэлээ.

“Хүчит шонхор” худалдааны төвд 14 цагийн үед очих үед аль хэдийнээ тус захын үйл ажиллагаа жигдэрч, мах авахаар зорин ирэх хүмүүс ч ганц хоёроороо явж байв. Бид тус худалдааны төвийн урд хэсэгт байрлах хонь, ямааны мах зардаг заал руу орлоо. Энд хонины гулууз мах худалдаалах бөгөөд зооринд хадгалсан мах нэг кг нь 5300-5500 төгрөгийн үнэтэй аж. Харин хонины шинэ мах 7000-7500 төгрөгөөр зарагдаж байв. Махны үнэ жин, чанар хоёр зүйлээс шалтгаалж үнийн зөрүү харьцангуй ялгаатай байдаг бололтой. Намар бэлдэж зооринд хадгалсан ямааны мах 3300, цул мах 5000, шинэ мах 5300 төгрөгийн үнээр тус тус зарагдаж байна.

Адууны махны олдоц бага учир, үнэтэй зарагдаж байна

Харин бод малын мах зардаг заал руу ортол адууны мах зардаг ихэнх лангуу нь махгүй хоосон байх аж. Эдгээр лангууны мах зарагдаж дууссандаа хоосон байгаа юм биш. Харин адууны махны олдоц бага байгаа гэдгийг худалдагчид хэлж байлаа. Адууны мах зарж буй худалдагч эмэгтэй “Адууны махыг Хятадын ченж нар их авч байна. Хятад руу их хэмжээгээр адууны мах гарч байгаа болохоор бидэнд адууны мах ихээр олддоггүй. Өдөрт 15 адууны мах орж ирдэг. Манай захаас ‘Бөмбөгөр’, хойд ‘Нарантуул’, Баянзүрх захууд мах авдаг. Бүгд хуваагаад авахаар манай өөрсдийн худалдагчдын лангуун дээр үсрээд 3-4 адууны мах л үлддэг.

Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Ченж нар малчдаас мах аваад үнийг хэд дахин нэмж зардаг гэсэн ойлголт. Бодит байдал дээр бид малчдаас авсан махан дээр 1000 төгрөг нэмж зардаг. Харин дэлгүүр болон захын лангуун дээр махны үнэ хэд дахин нэмэгддэг” гэсэн юм.

Адууны цул мах 6700-7000 төгрөг, ястай мах 6500 төгрөгөөр зарагдаж байна.

Үхрийн махны үнийн хувьд нойтон шинэ мах 6700-7000, гуяны цул нойтон мах 9500-10000, цул мах 8000, хөлдүү гуяны ястай мах 8500,үхрийн хаа,сээр, цул мах 8000-8500, үхрийн хааны хөлдүү цул мах 7000-8000, үхрийн ястай мах 7800-8000,ястай гуяны мах 7500-8500 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн дөрвөн жил ард түмэн хямдхан мах хэрэглэсэн бол өнөөдөр МАН-ын үед мал нь 66 сая толгой хүрсэн ч мах нь магнаг болсоор. Иргэдийн хувьд худалдан авалт муу байгаа учраас ихэнхдээ ястай гуя, шулсан цээж мах голцуу авдаг гэнэ.

“Мах аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид, тэнхээ мэдэн гулууз давхарлан мөрлөх ачигчид, эргэх зайгүй машинууд, хямд мах эрсэн хүмүүс энэ дүр зураг өдөр бүр тус захын хашаанд давтагддаг. Энд махаа машинд ачсан худалдаачид мөн зогсож харагдсан. Энэ үеэр худалдагч Д.Эрдэнэбаттай хэсэг ярилцлаа. Түүний хувьд 20 гаруй жил энэ зах дээр зогсож байгаа. Өдөрт 40-50 хонины бүтэн махтай орж ирдэг гэнэ. Өглөөнөөс хойш зогсоход 14 цагийн байдлаар 30-40 махыг бөөний үнээр заржээ. Тэрбээр “Уг нь шинэ мах зарагдаж байгаа ч иргэд 4200 төгрөгөөр зарагдаж байгаа зоорины махыг үнэтэй байна гээд авахгүй байна. Харин жин багатай тааруу махыг 3700 төгрөгөөр худалдан авч байна” гэв. Дундаж хэмжээнд тооцогдох 20 кг хонины бүхэл мах ойролцоогоор 80 мянган төгрөгөөр зарагддаг аж.

Харин үхрийн махны бөөний худалдагч Н.Отгоо ийн ярилаа. Тэрбээр “тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж худалдаалах үнэд өөрчлөлт ордог. Тийм ч учраас үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Би гэхэд өглөө найман үхрийн гуя махтай орж ирсэн. Одоогийн байдлаар үхрийн таван гуя зараад байна. Үхрийн нэг том гуя 100 гаруй мянган төгрөг болдог учраас бүтнээр авах хүн ховор. Гуанз ресторан ажиллуулдаг хүмүүст бол зээлээд ч хамаагүй өгдөг. Бөөний үнэ дээд тал нь 6000 мянган төгрөг. Нойтон мах 5000-6500 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байгаа.Нойтон мах өдөржингөө гадаа байна гэхээр эрүүл ахуй талаасаа шаардлага хангадаггүй. Тэгэхээр нойтон мах нь өдөртөө шулагдах учраас доторх лангуу руу ороод зарагддаг” гэлээ.

Хамгийн сүүлд гаргасан махны үнийн статистик мэдээллийг сонирхвол “Дөрөвдүгээр сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7360 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8525 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 325 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 600 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр өсч харин хонины цул махны үнэ 225 төгрөгөөр буурсан” байна.

…Бид зөвхөн махны бөөний гол цэг болсон “Хүчит шонхор” захаар орж, махны үнийн талаар сурвалжлахад л жижиглэнгийн махны үнэ ийм байна. “Хүчит шонхор” захаас махаа нийлүүлдэг зах болон томоохон дэлгүүрүүдэд хэд байгаа нь ойлгомжтой биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж