Монголын сагсчид “Их дуулга”-ын эрхээ авав

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид “Их дуулга”-ын эрхээ авав

Монголын сагсчид “Их дуулга”-ын эрхээ авав

ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос мэргэжлийн болон олон улсын гэсэн ангиллаар  3х3 т тэмцээн зохион байгуулдаг.

Мэргэжлийн ангиллын 3х3 тэмцээний шинэ улирлын тоглолтууд БНСУ-аас эхэлж, БНХАУ-д үргэлжлэн явагдаж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотод ФИБА 3×3 Дэлхийн гранпри цуврал тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Монгол Улсаас “Улаанбаатар” болон “Ховд” багууд оролцож, гурав болон долдугаар байрыг эзлэв. Мөн манай хоёр баг шөвгийн наймд учраа таарч тоглосон тохиолдол боллоо.

Наньжиний гранпри тэмцээнд “Улаанбаатар” баг гуравдугаар байрт орж, ирэх есдүгээр сард Ченгдуд болох дэлхийн “Их дуулга”-д оролцох эрхийг авсан юм. Тэгвэл “Ховд” баг тус тэмцээний долдугаар байрыг эзэлж, чансааны оноо авч чадлаа.

Хоёр багийн тоглолтын мэдээллээс хүргэе.

Тэмцээний “В” хэсэгт багтсан “Ховд” баг хэсгийн эхний тоглолтоо Японы “Тама Централ” багтай хийж, 18:14-аар хожсон бол Словений “Пиран” багт 22:12-аар дийлдсэн. Ингэснээр манай баг хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Харин тус гранпри тэмцээний чансаанд дөрөвт эрэмбэтэй тоглосон “Улаанбаатар” баг хэсэгтээ Сербийн ‘Раска’ болон Хорватын ‘Сплип’ багуудыг хожиж, хасагдах шатанд шалгарсан юм. Бусад тоглолтын үр дүнгээс хамаарч манай хоёр баг хоорондоо таарч “Улаанбаатар” 22:18 онооны харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт үлдсэн. “Улаанбаатар” баг хагас шигшээгийн тоглолтод Сербийн алдарт “Нови сад” багийг шөвгийн наймд буулган авсан ОХУ-ын “Москва” багт 22:18 онооны харьцаагаар хожигдсон. Гэхдээ хожлын чансаагаар “Улаанбаатар” баг гуравдугаар байранд шалгарч гурван мянган ам.долларын шагналыг хүртсэнээс гадна ирэх есдүгээр сард болох дэлхийн ‘Их дуулга’-д оролцох эрхийг авсан юм.

Одоо манай тамирчдыг ирэх амралтын өдрүүдэд БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж