Орон сууцтай болох журам боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Орон сууцтай болох журам боловсруулжээ

Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүлж, өнгөрсөн лхагва гаригийн  хуралдаанаараа “Шинэ яармаг” орон сууцны хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн тодорхой шийдвэрийг гаргасан билээ.  Өөрөөр хэлбэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах арга хэмжээний  эхлэл ийнхүү  тавигдсан.
 
Тэгвэл өнөөдөр орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан тус хороо энэ удаагийн хурлаараа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд төслийг шалгаруулах ажлын хэсгийг Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгуулсан байна. Барилга байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ийн ажлын хэсэг байгуулж байгаа аж. Мөн өдрийн хуралдаанаар орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох  зорилгоор Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Барилгачдын холбоо болон Барилгачдын ассоциацийн тэргүүлэгч нарыг тус тус оруулах шийдвэрийг гаргалаа.

Хүний хөгжил сангаас орон сууц авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдэд зориулсан журмын төсөл гаргасныг ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан  танилцууллаа. Ирэх лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг төслийг оруулах юм байна. Үүний дараа иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж