Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард олон барилдааныг зохион байгуулахаар товыг гаргаад байсан. Тэгвэл холбооны маргаантай асуудлаас болж, зарим барилдаан цуцлагдаж, зарим нь хойшлогдоод байна. Бөхийн өргөөний үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлстээс түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Увс аймгийн Малчин сумын харьяат, Монгол улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан өчигдөр “Алдар” спорт хорооны шинэ зааланд болжээ. Барилдааны үзүүр, түрүүнд аймгийн арслан цолтнууд үлдсэн байна. Түрүү бөхөөр Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал тодорч, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэллээ.

Барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Корео оптик Монголиа” ХХК, Бөхийн “Увс нуур” галын бөх, аймгийн заан Жамсрангйн Ням-Эрдэнэ нар үлджээ.

Монгол Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох хуваарьтай байсан юм. Тэгвэл холбооны маргааны асуудлаас болж, өчигдөр “Алдар” спорт хорооны шинэ зааланд боллоо.

Одоогоор Бөхийн холбооны маргаан бүрэн шийдэгдээгүй байна. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр талаас хуралдаж, “Их эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгджээ. Үүнд, Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комиссыг байгуулжээ. Маргаантай байсан хоёр тал учраа олж эхэлсэн бололтой.

Одоогоор “Их Эе” дахин хуралдах болсон талаар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж