ОХУ-д болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 50 хоногийн хугацаа үлдлээ. Монгол Улсад анх удаа дэлхийн аварга болсон багт очих “Алтан цом” ирэх билээ. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн шүтээн болсон “Алтан цом” Улаанбаатар саатахтай зэрэгцэн урлаг, спортын одод оролцсон нөхөрсөг тоглолт болохоос гадна Монголын хөлбөмбөгийн холбооны “Супер цом” нээлтээ хийнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд 10:00 цагаас “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолт болж, 11:00 цагаас ДАШТ-ий “Алтан цом” талбайд ирэх юм. Энэхүү хүндтэй арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхээр болжээ. Үүний дараа 12:30 цагаас “Супер цом”-ын тоглолт “Эрчим”-“Улаанбаатар Сити” багуудын тоглолтоор эхэлнэ.
Хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг спорт, урлагийн одод оролцдог “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолтын оролцогчид хэн хэн байх нь үзэгчдийн хувьд анхаарал татдаг. Тэгвэл энэ жилийн оролцогчдыг танилцуулья.
Энэ удаагийн “Барсууд” (цэнхэр), “Шонхорууд” (улаан) багийн ахлагчаар олимпийн аваргууд ажиллана. Монгол Улсын анхны олимпийн хос медалийн эзэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Барсууд”, Олимпийн аварга, өдгөө Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Э.Бадар-Ууган “Шонхорууд” багийг тус тус ахлах юм. Дасгалжуулагчаар жүжигчид томилогдсон бөгөөд “Шонхорууд” багийг Н.Онон, “Барсууд” багийг Г.Золбоот гавьяат дасгалжуулна.
Хоёр багийн оролцогчид өчигдөр бүрэн болж, анхны бэлтгэлээ хийжээ. Баг бүрт 16 тоглогч, нэг дасгалжуулагч бий.
“Барсууд” болон “Шонхорууд” багт дараах одод оролцоно.
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарын алдартнууд багтсан. Мөн бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, жүжигчдээс С.Болд-Эрдэнэ (УДЭТ), Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр (“ТВ Коктейль”), Н.Ялалт, О.Тэмүүжин (“Эмоци” продакшин), залуу жүжигчин болох Жижгээ, Цогтоо (+17 инээдмийн цуврал), дуучдаас Д.Дэрмээ (“Чоно” хамтлаг), П.Баярцэнгэл, Д.Манлайжаргал (“Ice Top” хамтлаг), загвар өмсөгч М.Оргил нарын одод тоглоно. Эдгээр оддоос гадна сагсан бөмбөгийн тамирчин Б.Билгүүн, Т.Санчир нар хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдөхөөр болжээ. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, дуучин Г.Ариунбаатар, П.Идэржавхлан нар багийн тоглогчийн тоонд багтжээ. Харин бид тэднийг аль багт тоглохыг хэдхэн цагийн дараа харах үлдлээ.
Өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд болох үйл ажиллагааны хөтөлбөр:
- 10:00 – “Оддын хөлбөмбөг” (Урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Шонхорууд” vs “Барсууд” багуудын нөхөрсөг тоглолт)
- 11:00 – “FIFA Trophy Tour” (Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монгол улсад анх удаа зочилно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 – “МХБХ-ны супер цом (”Үндэсний дээд лигийн аварга “Эрчим”, Холбооны цомын аварга “Улаанба атар сити” багуудын тоглолт)