Хоёр Солонгос түүхэн уулзалтын өмнө

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос түүхэн уулзалтын өмнө

Хоёр Солонгос түүхэн уулзалтын өмнө

Үзэл суртлын ялгаа, их гүрнүүдийн ашиг сонирхлоос үүдэн Солонгосын хойг дахь нэг үндэстэн хоёр салснаас хойш 70 гаруй жил өнгөрлөө. 1950-1953 онд Солонгосын хойгт өрнөсөн зөрчил гал зогсоосноор өндөрлөсөн боловч хоёр тал энх тайвны гэрээ байгуулаагүй, дайсагнал үргэлжилсээр ирэв. Тэгвэл ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 27-нд хоёр Солонгосын тэргүүн уулзах гэж байна. Түүхэн уулзалт хойгийг тусгаарласан хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжомы Өмнөд Солонгосын талд болно. Энэ нь хоёр Солонгосын талаас тэргүүн оролцсон гурав дахь дээд хэмжээний уулзалт юм.  Өмнө нь 2000, 2007 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил Пхеньян хотноо Хөх ордны экс ерөнхийлөгч Ким Дэ Жун ба  Ру Мун Хён нартай уулзаж байв.  Харин ирэх баасан гаригт Пхеньяны удирдагч өөрийн биеэр Өмнөд Солонгосын нутагт анх удаа хөл тавих  юм. Үүний дараа Ким Жон Ун тавдугаар сарын сүүл эсвэл зургадугаар сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.

Ким Ёо Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзав

Өмнөд Солонгос улс өнгөрсөн хоёрдугаар сард өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах үеэр Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон Сөүлд айлчилсан юм. Ким Ёо Жон Хойд Солонгосын удирдагчдын гэр бүлээс Сөүлд айлчилсан анхны гишүүн болжээ.

Уулзалтаар хоёр тал дайсагналыг албан ёсоор зогсоохоор төлөвлөжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний мэдээлснээр Пхеньяны тал хойгоос америк цэргүүдийг гаргахыг шаардаж байгаа аж. Хариуд нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах болзол амлажээ. АНУ-ын 28 мянга орчим цэрэг хойгийн дайнаас хойш Өмнөд Солонгост байнга байршиж, жил бүр хоёр тал хамтран цэргийн сургуулилт явуулж байна. Түүнчлэн Солонгосын хойгийн дайнаар салсан олон мянган гэр бүлийн хувьд энэ уулзалт нь эргэн нэгдэх сүүлчийн боломж гэж харж байна. Өмнөд Солонгосын засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэнээр 1988 оноос хойш 131447 иргэн гэр бүлээсээ салсан гэж бүртгүүлжээ. Үүнээс 73611 нь нас барсан бол үлдсэн хүмүүсийн дөрөвний нэг нь 90-ээс дээш настай аж. Хоёр Солонгосын талаас ойролцоогоор 100-аад гэр бүл 2000 оноос хойш нэг удаа нэгэнтэйгээ уулзжээ. Дайнаар хагацсан гэр бүлүүд ихэвчлэн хоёр орны харилцаа сайжирсан үед уулздаг. Гэр бүлүүдийн уулзалт сүүлд 2015 онд болжээ.

Ийнхүү хоёр Солонгосын төрийн тэргүүн уулзахаар “завгүй” ажиллаж буй энэ үед АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон Сөүлд айлчлахаар болжээ. Сюзан Торнтон даваа гаригт Сөүлд айлчилж, гадаад хэргийн сайд  Кан Гён Хуа болон цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт оролцогч И До Хун нартай уулзалт хийх тухай мэдээлэв. Сюзан Торнтон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Пхеньяны удирдагчтай хийх уулзалтад бэлтгэх ажлыг хариуцаж буй. Нөгөө талд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн байгууламжаа хааж, цөмийн пуужингийн туршилтуудаа зогсооно хэмээн мэдэгджээ. Тус улсын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун “Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Хойд Солонгос цөмийн туршилтууд болон тив хоорондын баллистик пуужингийн бүх туршилтуудыг зогсооно” гэжээ. Энэ шийдвэр нь Солонгосын хойгт энхтайван тогтоож, эдийн засгаа хөгжүүлэх зорилготой гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж