ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫН АЯЛАЛ 2017 ОНД МОСКВА ХОТООС ЭХЛЭХЭД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ОРОЛЦЖЭЭ
Монголын мянга мянган хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд 50 хоногийн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд Монгол Улсад олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь дэлхий хотуудад аялаж буй “Алтан цом”-ыг дэргэдээс нь харах боломж тохиож буй.
2006 оноос эхлэн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “FIFA WORLD CUP TOUR” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатад “Алтан цом”-ыг хамгийн ойроос харж, зургаа татуулах алтан боломжийг олгож байгаа.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга багт олгодог “Алтан дагина” буюу “Алтан цом”-ыг өнөөдөр Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт 13:00-20:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болсон. Спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хамгийн үнэ цэнэтэй, бас хамгийн алдартай “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломжийг Монголын хөлбөмбөгийн холбоо олгож байна. Өнөөдөр мянга мянган хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хүслээ биелүүлэх өдөр билээ.
“Кока-Кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Тухайн үед цомыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргаж байсан юм.
“Алтан цом” 2006 онд 29 оронд зочилж, 175 мянган фанатууд оролцсон бол 2010 онд 84 оронд аялахдаа нэг сая, 2014 онд 90 оронд саатаж 1.3 сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлж байжээ. Тэгвэл энэ жил таван тивийн 50 гаруй орны 63 хотод зочлох бөгөөд Монгол Улсад анх удаа саатах гэж байна.
АЛТАН ЦОМД ДАШТ-Д ТҮРҮҮЛСЭН ХӨЛБӨМБӨГЧИН, ЭСВЭЛ ТУХАЙН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Л ГАР ХҮРЭХ ЭРХТЭЙ
1930 оноос эхлэн дөрвөн жил тутамд явагддаг хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга багт олгодог “Алтан цом” (Алтан дагина)-ын түүх арвин. 1970 онд Бразилийн хөлбөмбөгчид дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртэхэд үүрд хадгалуулан үлдэх эрхтэй болжээ. Харамсалтай нь, Бразилийн хөлбөмбөгийн холбооны байранд хадгалагдаж байсан цом 1983 онд дахин хулгайд алдагдаж олдоогүй юм.
Энэхүү цом “Ялалт”, “Алтан дагина”, “Дэлхийн цом” гэж олон янзаар нэрлэгдэж байсан ч энэ цомын албан ёсны нэр нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг санаачилсан, ФИФА-гийн гурав дахь ерөнхийлөгч Жюль Римегийн нэрээр нэрлэгддэг.
Одоогийн “Алтан цом”-ыг Италийн уран барималч Сильвио Гаццаньягийн загвараар “GDE Bertoni” компани 18 карат цэвэр алтаар урлажээ. Цомыг 1974 оны ДАШТ-ээс эхлэн олгосон бөгөөд аль нэг баг хэд ч түрүүлсэн үүрд хадгалах эрх өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ ФИФА жинхэнэ цомыг буцаан авч, мөн л алтаар бүрсэн дуураймал цомыг аварга багт үүрд хадгалуулдаг юм.
“Алтан цом”-ын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна.
6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг.
Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг бол “Алтан цом”-ыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах боломжийг “World Cup Trophy Tour” арга хэмжээгээр олгож байна. Хөлбөмбөг сонирхогч та найз нөхөд, гэр бүлийн хамт өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт саатахад болох юм.
Дэлхийн сая сая хөлбөмбөгийн хорхойтнуудын бахархал болсон FIFA WORLD CUP Монголд саатлаа.