Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөөс татгалзах асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар бэлтгэж байна. Энэ сарын эхээр НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлей хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг хараад юуг, яаж хийх баримжаа авсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-тай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулсан туршлагатай Иран улсын гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Хойд Солонгосын удирдагчид хандан зөвлөгөө өгчээ. Мохаммад Жавад Зариф хэлэхдээ “АНУ нь өмнө байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй байж, өөр гэрээ байгуулахыг хичээж байна. Гэтэл Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ нь олон улсад АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийж болохгүй гэх маш аюултай мессежийг илгээх болсон. Гэрээнээс хоёр тал харилцан ашиг хүртэх ёстой. Цаашдаа бид улс орныхоо ашиг сонирхлын төлөө л шийдвэр гаргана. Энэ нь АНУ-д таалагдах эсэх нь хамаагүй” хэмээжээ.
Дональд Трамп ирэх тавдугаар сарын 12-н гэхэд Ираны эсрэг эдийн засгийн хоригийг сэргээх эсэхийг шийдэх аж. Хэрэв тэрбээр Ираны эсрэг эдийн засгийн хоригийг сэргээвэл цөмийн хөтөлбөрийн гэрээ хүчингүй болох эрсдэлтэй. Олон улсын 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний үр дүнд АНУ нь Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалсан юм. Үүний зэрэгцээ Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох үедээ сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ тэрбээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркельд хандан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нухацтай байхыг сэнхрүүлэх хэрэгтэй гэж мэдэгждээ. Тэд ирэх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах аж.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА