Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

Ерөнхийлөгч бөхчүүдийн маргаанд цэг тавихаа мэдэгдэв

News агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлох хүргэж байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар Тамгын газрын дарга З.Энхболд Монгол бөхийн холбооны маргааныг эцэслэх, шаардлагатай бол Монгол бөхийн өргөөг улсын мэдэлд авч, зарим бөхчүүдийн цол хэргэм хураана гэсэн сануулга бөхийн холбооныхонд өгөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд баасан гаригт Дархан аварга Х.Баянмөнх болон МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарыг хүлээж авсан юм.  Энэ үеэр хэрэв тавдугаар сард багтаан бөхийн холбоо дахин хурал зарлаж, хоёр хуваагдаж, маргалдаад байгаа үйлдлээ таслан зогсоохгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ тодотгосон юм. Мөн цагдаагийн газраас Ерөнхийлөгчид бөхийн холбооны маргаан, ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрсэн учраас холбогдох хүмүүст нь анхааруулах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын цолтой бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хатуу анхааруулсан юм.  

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, Б.Булганыг яллагдагчаар татлаа

С.Зориг агсны амь насыг хохироосон, захиалга өгсөн хэргийг Улсын ерөнхий прокуророос шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг өнгөрсөн долоо хоног яллагдагчаар татав. Түүнийг 1998 оноос хойш хэрэг шалгах явцад цорын ганц гэрч гэж үзэж байсан боловч өнгөрсөн хугацаанд Б.Булган мэдүүлгээсээ хэд хэдэн удаа татгалзаж, төөрөгдүүлж байсан гэх яриа байсан. Харин энэ удаад шинээр нотлох баримтууд гарч ирсэн учраас Б.Булганыг яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Мөн өнгөрч буй долоо хоногт С.Зориг агсны төрсөн өдөрт зориулан түүний ойр дотныхон болон Ардчилсан намынхан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Энэ үеэр С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун “Энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байгаасай гэж хүсч байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Иргэн бүр 0,07 га газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэн бүрт 0,07 га газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа. Нийслэлийн Газрын албанаас Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст “Иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй 0,07 га өмчлөх хуулийн хугацааг 2018 оны тавдугаар сарын 1-ээр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хугацааг сунгах хүсэлт” тавьжээ. Үүний дагуу Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй, 0,07 га газар өмчилж авах хуулийн хугацааг 10 жилээр сунгасан юм. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 18,7 хувь нь газраа хувьчилж авсан бол 80 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байгаа юм байна.

Кран унаж нэг хүн бэртэв

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны барилга барьж байсан кран унаснаас нэг хүн бэртэж, гурван автомашин дээр унасан хэрэг гарав. Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус краны кранист нь 36 настай Хойд Солонгос улсын иргэн байжээ. Кранист зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд шаардлагатай эмчилгээг  хийлгэж, эмнэлгээс гарсан гэв. Краны ашиглалтын хугацаа дууссан эсэх, кранист нь Монгол Улсад ажиллаж амьдрах эрхтэй байсан эсэх болон мэргэжлийн кранист байсан эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн кран унаснаас ойролцоох зогсоол дээр байсан автомашинуудыг эвдэрсэн учраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сураггүй алга болсон хүүгийн цогцос олджээ

Сүүлийн сар гаруй хугацаанд сошиал ертөнцөд Т.Цогт хэмээх 16 настай ауитизмтай хүүг хайж байсан билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 20-ний өдөр хүүгийн цогцос Төв аймгийн Сэргэлэн сумаас осгосон байдалтай олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Т.Цогт хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Хүү өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй, аутизмтай байсан юм. Түүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж