"Тусгай зөвшөөрлийг “төвөгшил”-өөр ангилах болсноор барилгын чанарт дэвшил гарна"

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

"Тусгай зөвшөөрлийг “төвөгшил”-өөр ангилах болсноор барилгын чанарт дэвшил гарна"

"Тусгай зөвшөөрлийг “төвөгшил”-өөр ангилах болсноор барилгын чанарт дэвшил гарна"

Монголын барилгын үндэсний ассоциацийн Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатартай ярилцлаа.


-Блүүмбэрг сайтад өнгөрсөн долоо хоногт “барилгын зөвшөөрөл авахад хялбар байдлаар Монгол Улс дэлхийн орнуудаас 23 дугаарт бичигдэж байна. Харин 2012 онд 119 дүгээрт бичигдэж байжээ” гэж мэдээлжээ. Тэгэхээр барилгын тусгай зөвшөөрлийг Монголын Барилгын үндэсний ассоциаци олгох болсон нь зохимжтой шийдвэр байсан юм болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Одоогоор тусгай зөвшөөрөл олголтын явц ямар байна вэ?

-Монголын барилгын үндэсний ассоциаци барилгын үйл ажиллагаа, тэр дотроо барилга угсралт, зураг төсөл, өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл олгох, тэдгээртэй холбоотой асуудлыг гүйцэтгэн зохион байгуулах төрийн чиг үүргийг гэрээгээр шилжүүлж аваад хоёр  сар гаруйн хугацаан өнгөрч байна. Хавар болж, барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан барилгын тусгай зөвшөөрлийг шинээр авах, сунгуулах, нэмэлт заалт олгохтой холбоотой ажил үйлчилгээ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар 400 гаруй компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Шийдвэрлэх явцтай холбоотой хэд хэдэн онцлогууд байгаа юм. Юуны өмнө хуучин Барилга хөгжлийн төв гэдэг төрийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэдэг байсан бол одоо ТББ-д шилжүүлсэн. Мөн холбогдох дүрэм, журам, суурь нөхцөлүүд шинэчлэгдсэн.  Барилгын тусгай зөвшөөрөл олгох журам, тавигдах шаардлагуудыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Бид ажлаа хүлээж авснаас хойш шинэ журам, шинэ нөхцөл байдалд зохицуулан хэрхэн ажиллах тухайгаа аж ахуйн нэгжүүдтэй сургалт уулзалт зохион байгуулан ярилцлаа. Үүнд давхацсан тоогоор 500 орчим аж ахуйн нэгж оролцсон. Орон нутагт энэ сарын 20-ноос хойш ажиллаж энэ талаар танилцуулах уулзалт хийж мэдээлэл өгнө.

-Шинэ нөхцөл байдал үүссэний тухайд барилгын компаниудад үзүүлэх нөлөөллийн тухайд уян хатан хандах уу. Эсвэл тэдэнд тавих шаардлагыг улам чангатгасан тал давамгайлж байна уу?

-Үзүүлж байгаа үйлчилгээний хувьд аль болох аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, хүндрэл бэрхшээлгүй байхаар зохион байгуулахыг чухалчилж байна. Тухайлбал шинээр олгох тусгай зөвшөөрлийн өргөдөл хүсэлтийг цахим хэлбэрээр авч байна. Нэмэлт заалт олгох, тусгай зөвшөөрлийг сунгах үйлчилгээг цаасан хэлбэрээр авч байгаа. Ойрын үед энэ үйлчилгээг ч мөн цахим системд шилжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй байх, хамгийн гол нь хүний оролцоо нөлөөллүүдийг багасгах, үүнийг дагаад барилгын салбарт төрөөс үзүүлдэг үйлчилгээ, бодлогын хэрэгжилт ил тод болох юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүлээж авсан материалыг хянах хугацааг богиносголоо. Өмнө нь 14 хоногоос нэг сарын  хугацаанд хянагддаг байсан бол одоо ажлын 2-5 хоногт багтаан шийдвэрлэж, ажлын хэсгийн хурлыг долоо хоног тутамд зохион байгуулж байна. Мөн ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд дэмжигдээгүй шалтгааныг албан ёсоор бичгээр хариу мэдэгдэх болсон. Ингэснээр хаана, юун дээр алдаа зөрчил гарсан учраас дэмжигдсэнгүй вэ гэдгээ тухайн аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээд, алдаа дутагдлаа засаад дахин хурлаар оруулах боломжтой болж байгаа юм. Үүнд аж ахуйн нэгжүүд ам сайтай байна. Үйлчилгээ авахад хууль журамтай холбоотой асуудлууд бий. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хэд хэдэн өвөрмөц онцлогууд гарч ирсэн. Урд нь бид зөвхөн давхрын тоо ярьдаг байсан. Тухайлбал, 1-5 давхар, 7- 9 хүртэл давхар, 16 давхар гэх мэтээр ангилдаг байсан бол одоо шинэ хуулиар төвөгшил гэдэг ойлголт орсон байгаа. Инженер техникийн ажлын шийдлээсээ шалтгаалж бага, дунд, өндөр онцгой гэсэн шатлалтай байгаа. Үүнээсээ шалтгаалж инженер техникийн ажилтны зэрэглэл өндөрсөж тухайлбал, дунд төвөгшилтэй барилгаас эхлээд шаардлага өндөрсөнө. Зөвхөн барилга угсралт гэлтгүй төвөгшил тус бүрээрээ сантехник дулаан, цахилгаан, холбоо дохиолол, цэвэр бохир ус, дотор, гадна салбар шугамууд гэхчлэн ангилагдаж байгаа. 

-Энэ төвөгшлийг хэн, хаанаас яаж тогтоодог юм бэ?

-Төвөгшлийг тогтоохдоо салбарын сайдын тушаалаар дөрвөн аргачлал батлагдсан. Ямар барилга байгууламж нь ямар төвөгшилтэйд багтах вэ гэдэг нь дүрмээр батлагдсан. Үүний дагуу шаардлагад нийцсэн инженер, техникийн ажилтнуудыг аж ахуйн нэгжүүдээс нэхэж байгаа хэрэг. Төвөгшлийн тухайд ойлголт харьцангуй хангалтгүй байгаа нь үнэн. Зарим тохиолдолд үнэхээр өндөр төвөгшилтэй барилга тэр зэрэглэлдээ багтаагүй байна гэх, мөн өндөр гэж  үзэх шаардлагагүй барилга өндөр, онцгой зэрэглэлд орчихсон байна, инженер техникийн ажилтанд хэт өндөр шаардлага тавьж байна гэх маргаантай асуудал гарч байгаа. Олон улсын жишигт тухайн компанийг үнэлэхдээ тусгай зөвшөөрлийнх нь ангилал, төвөгшлийн төвшин, хүний нөөц, санхүүгийн чадамж, ажил гүйцэтгэлийн түүх зэргийг гол үзүүлэлт болгодог. Бид ч гэсэн эхэндээ хэцүү боловч энэ чиглэл рүү явж байж салбартаа шинэчлэл хийнэ. Энэ бол шинэчлэлийн эхний алхам. Үр дүн нь өнөөдөр, маргаашдаа харагдахгүй ч ойрын 2-3 жилийн дараа зөвхөн барилгын ажлын гүйцэтгэлийн түүх өндөртэй, чадварлаг инженерүүд, ажилчидтай, санхүүгийн чадвартай, өндөр онцгой төвөгшилтэй зөвшөөрөлтэй компаниуд зах зээлд өрсөлддөг, улмаар хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, чадварлаг, хүчирхэг компаниуд л барилга барьдаг болно. Тусгай зөвшөөрөл олголт цэгцэрнэ, барилгын компаниудын чансаа чадавх дээшилнэ. Чухам энэ асуудлыг анхаарч ажил хэрэг болгоно гэсэн амлалт хэдэн сайдын нүүр үзэж байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Тусгай зөвшөөрлийг олгож болдог хэр нь цуцалдаг явдал харагдахгүй байна. Гэтэл чанаргүй барилга байгууламж хүлээлгэж өгч хэрэглэгчийг хохироосон, ажлын явцын үед аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдөж хүний амь нас хохирсон явдал гарсаар байна гэсэн шүүмжлэл гардаг. Танай байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй юу?

-Тусгай зөвшөөрөл олгох журамд хэд хэдэн нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан байдаг. Үүнд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол, үйл ажиллагаа, осол аваартай холбоотой зөрчил гаргасан нь хууль, хяналтын холбогдох байгууллагын дүгнэлтээр батлагдсан бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг. Тухайлбал осол аваар гарснаас үүдэн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийж дүгнэлтээ гаргаад, акт баримтаа гаргаж, үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьсан тохиолдолд Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрээр тухайн компанийн үйл ажиллагааг хүчингүй болгох арга хэмжээ авах боломжтой. 

-Энэ ажлын үр дүн нь товчхондоо тусгай зөвшөөрөлтэй хэр нь чанаргүй барилгын компанийн тоо цөөрөх явдал гэж ойлгогдож байна. Үүнийг жижиг компаниудаа “шахах” явдал гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар?

-Өмнө нь шинээр зөвшөөрөл авах, сунгалт, нэмэлт заалт авах бүгд нийлээд жилд 1500-2500 орчим компани тусгай зөвшөөрөл авч болдог байсан. Одоо 8000 орчим компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн тоо бууравч инженер техникийн ажилтнууд нь байсаар л байна шүү дээ. Тэгэхээр тэдгээр ажилтнууд нягтарч, тусгай зөвшөөрөлтэй компани руу бөөгнөрч эхэлнэ. Тэр хэмжээгээр зөвшөөрөлтэй компаниудын хүний нөөц, мэргэжилтнүүдийн туршлага,тоног төхөөрөмж,чадавх чадамж сайжирч чанаржиж эхэлнэ. Ингэснээр барилгын салбарын хөгжил зөв голдрил руугаа шилжинэ. Энэ бол ганцхан жилийн ажил биш. Өнөөдөр шинээр зөвшөөрөл авч байгаа компанийн зөвшөөрлийн хугацаа 2023 онд дуусна гээд бодохоор тэр үед, наанадаж 2021 он гэхэд компаниудыг чадавхжуулах, инженер техникийн ажилтнуудыг чанаржуулах энэ бодлогын үр дүн тэр үеэс харагдаж эхэлнэ. Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциациас хамтран хэрэгжүүлэх энэ бодлого зөвхөн салбартаа биш эдийн засаг, нийгмийн олон салбарт үр дүнтэй болох нь тэр үед тодорхой харагдана. 

-Ярилцсанд баярлалаа.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж