Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр 1964 онд төрсөн нэгэн үеийн Луу жилтнүүд онцгой байр суурь эзэлнэ. Өнөөгийн байдлаар 1964 онд төрсөн Луутнуудаас Монгол бөхийн бүхий л цолтон төрсөн бас нэгэн онцгой ховор тохиолдол юм. Мөн 1964 оны Луутнууд төрдөө үнэлүүлж хөдөлмөрийн баатар, хэдэн гавьяатууд ч төрөн гарсан. 1964 оны Луу жилтнүүдэд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат агсан, гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан, улсын заан Д.Хишигдорж, улсын заан Ч.Бямбадорж, улсын харцага Б.Жавхлантөгс, улсын харцага Ч.Даваадорж, улсын харцага М.Дармаабазар, гавьяат тамирчин, улсын начин Ло.Эрхбаяр, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ч.Батбаяр, улсын начин Д.Сүхбат, улсын начин Х.Амараа, улсын начин Д.Ганболд, улсын начин Ц.Энхжаргал, улсын начин Ю.Алтансүх, улсын начин Д.Амаржаргал, улсын начин И.Ганбаатар нарын хүчит бөхчүүдээс гадна гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан багтана. Удалгүй “Хасар” Жагаа буюу Б.Жаргалсайхан хуучнаар ЗХУ-ын Москва хотын Театр урлагийн дээд сургууль руу суралцахаар явснаар жүжигчний замыг сонгосон юм.
1982 оны өсвөрийн үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 17-18 насны ангиллын барилдаан. Энэ барилдаанд одоогийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гарьд П.Сүхбат агсан, харцага Б.Жавхлантөгс, харцага Ч.Даваадорж, улсын харцага М.Дармаабазар, ихэр ах дүүс болох улсын начин Ло.Энхбаяр, Эрхбаяр, улсын начин Д.Сүхбат, улсын начин Х.Амараа, улсын начин Ц.Энхжаргал болон “Хасар” Б.Жагаа нар барилдаж Баянхонгор аймгийн харьяат Налайхын П.Сүхбат түрүүлж, Завхан аймгийн харьяат М.Дармаабазар мөнгөн медаль, Төв аймгийн харьяат Х.Амараа хүрэл медаль хүртсэн байдаг. Хожмоо эдгээр хүчтэнүүд 1985-1995 оны хооронд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг уран хурц барилдаанаараа чимж явсан. Тэр дундаа 1992 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт 1964 оны Луу жилтнүүд болох Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Д.Хишигдорж нар шалгарч үлдсэн байдаг.
1964 оны үе тэнгүүд мөн үндэсний бөхөөс гадна их спортоор ч амжилт үзүүлсэн байдаг. Чөлөөт бөхөөр П.Сүхбат гарьд 1991 оны ДАШТ-нээс хүрэл, 1986 оны Дэлхийн цомоос мөнгө, ААШТ-ээс алт, хүрэл, Азийн наадмаас алт, бусад олон улсын тэмцээнүүдээс нэжгээд медаль, улсын начин Ло.Эрхбаяр 1989 оны ДАШТ-нд хүрэл, ААШТ-нээс алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, бусад олон улсын тэмцээнүүдээс медаль, Ц.Баярсайхан заан сумо болон чөлөөт бөхийн спортоор тив, дэлхийгээс медаль хүртэж байсан бол Б.Бат-Эрдэнэ жүдо бөхөөр ААШТ, Азийн наадмуудаас удаа дараа медаль хүртэж, самбо бөхөөр ДАШТ-нээс 3 алтан медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж явсан.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж явсан 1964 оны төлөөлөл
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Хэнтий аймаг)
- Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ (Архангай)
- Улсын гарьд П.Сүхбат (Баянхонгор)
- Улсын заан Ц.Баярсайхан (Төв)
- Улсын заан Д.Хишигдорж (Архангай)
- Улсын заан Ч.Бямбадорж (Ховд)
- Улсын харцага Б.Жавхлантөгс (Архангай)
- Улсын харцага Ч.Даваадорж (Өвөрхангай)
- Улсын харцага М.Дармаабазар (Завхан)
- Улсын начин Ло.Эрхбаяр (Ховд)
- Улсын начин Ло.Энхбаяр (Ховд)
- Улсын начин Х.Амараа (Төв)
- Улсын начин Ц.Энхжаргал (Говь-Алтай)
- Улсын начин Ю.Алтансүх (Завхан)
- Улсын начин Д.Амаржаргал (Сэлэнгэ)
- Улсын начин И.Ганбаатар (Өвөрхангай)
- Улсын начин П.Ганбаяр (Булган)
- Улсын начин Д.Ганболд (Ховд)
- Улсын начин Ч.Батбаатар (Архангай)
- Улсын начин Д.Сүхбат (Баянхонгор)
Б.БЯМБАБАЯР