Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн байгууламжаа хааж, цөмийн пуужингийн туршилтуудаа зогсооно хэмээн мэдэгджээ.
Тус улсын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун “Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Хойд Солонгос цөмийн туршилтууд болон тив хоорондын баллистик пуужингийн бүх туршилтуудыг зогсооно” гэжээ.
Энэ шийдвэр нь Солонгосын хойгт энхтайван тогтоож, эдийн засгаа хөгжүүлэх зорилготой гэдгийг мэдэгдэлд дурдсан байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт явуулах юм.
Дээрх уулзалтын дараа Ким Жон Ун мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх зургадугаар сарын эхээр уулзалт явуулахаар төлөвлөж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчтай анх удаа уулзах гэж буй нь энэ юм.
Ким Жон Уны дээрх мэдэгдлийн хариуд Трамп ‘Хойд Солонгосын хувьд энэ бол тун сайн зүйл. Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтуудаа зогсоож, цөмийн гол байгууламжуудаа хаахаар болсон байна. Том алхам.” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Жон Уны шийдвэрийг “Чухал алхам. Энэ шийдвэр удахгүй болох Хойд, Өмнөд Солонгосын болон Хойд Солонгос-АНУ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулахад эергээр нөлөөлнө”гэжээ.
Эх сурвалж: BBC