Б.Хурцын хэргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Б.Хурцын хэргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөв

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц Их Британийн хүчний байгууллагынханд саатуулагдан, тус улсын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр Германы талд шилжиж буй. Энэ үйл явцад Монгол Улсын Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас тодрууллаа.

-Б.Хурцыг өнөөдөр Германы талд шилжүүлж байна. Энэ хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчиллөө, бас Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүллээ гэж дуулдсан. Ажлын хэсэг хангалтгүй ажилласан гэж үзэн, бүрэлдэхүүнийг өөрчлөв үү, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг жил шахамын хугацаанд ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус бүр төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажилласан байдаг. Шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан гэж үзэж байгаа. Олон улсын гэрээ эрх зүйн туршлагатай өмгөөлөгч нарыг ч авч ажиллуулсан. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцааны сайд нараас Их Британийн талд захидал илгээж, олон улсын яриа хэлэлцээр уулзалтуудын үеэр холбогдох улсуудын сайд нартай уулзаж, дипломат арга хэрэгслүүдийг ашиглаж ажилласан. Энэ бол амаргүй асуудал, олон улсын эрх зүйн хувьд. Их Британи болон Герман улс нь Европын холбооны гишүүн орнууд. Хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ эрх зүйтэй. Энэ хүрээндээ  асуудлыг шийдсэн байдаг. Хэдийгээр Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэрийг гаргасан ч Гадаад харилцааны яам иргэнээ суллуулан авах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлээгүй. Харин ажлын хэсгийг өнөөдөр шинэчлэн байгууллаа. Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан гэсэн үг. Энэ нь хийх ажил өөрчлөгдсөнтэй холбоотой.

-Хийх ажил өөрчлөгдөнө гэдэг нь юу гэсэн үг билээ? 

-Энэ хэргийг өмнө нь Эрүүгийн хэргийн асуудал биш, олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд дипломат статустай иргэнийг баривчлан саатуулсан нь олон улсын гэрээ эрх зүйд нийцэж байгаа эсэх асуудлаар шүүх дээр мэтгэлцээн явж байсан. Венийн конвенциор бол томилогдсон дипломат ажилтан нь суугаа орондоо болон тухайн орондоо очих болон дамжин өнгөрөхдөө дипломат ямба эдэлнэ гэж заасан байдаг. Нэг ёсны халдашгүй дархан байдал эдлэх хуультай. Харин дипломат ажилтнаас бусад хүн өөрөөр хэлбэл, Элчин сайдын яаманд ажиллаж байгаа,  байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаагаас бусад хүн дипломат ямба эрх эдлэхгүй гэсэн ойлголтын хүрээнд Английн шүүх асуудлыг авч үзэж ирсэн. Одоо бол Эрүүгийн хэргээр асуудлыг авч үзэхээр болсон. Тиймээс эрүүгийн чиглэлээр мэргэшсэн, герман хэлтэй, өмгөөлөгч хуулийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж